Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Австрали Хятадтай төмрийн хүдрийн асуудлаар ярилцана

Австралийн Сангийн сайд Жой Хоккей “Их Хорь”-ийн улс орнуудын Сайд нарын уулзалтаар Хятадын Сангийн сайдтай Вашингтонд төмрийн хүдрийн зах зээлийн ойрын 1 жил болон түүнээс цааших төлөвийн талаар ярилцана гэж мэдэгджээ. Австрали улс нь төмрийн хүдрийн үнийн бууралттай холбоотойгоор төсөвт төмрийн хүдрийн үнийг 35 ам.доллар/тонн байна гэж багасгаж тусгахаар төлөвлөжээ. Тус улс төмрийн хүдрийн үнийн бууралтын 10 доллар тутамд 1.9 тэрбум ам.доллар алдаж буй ажээ.

Хоккей “Мэдээж бид зах зээлд үнэ ямар байхыг хянахгүй нь тодорхой. Гэхдээ аль аль тал нь нийлүүлэлт тууштай, урьдчилан таамаглахуйц, найдвартай байх тухайд хариуцлагатай байх ёстой гэж бодож байна. Сүүлийн жил хагасын хугацаанд төмрийн хүдрийн үнэ маш их буурсан. Бид энэ байдлыг шийдвэрлэх арга барилыг тогтолцоондоо нэвтрүүлэх ёстой” гэжээ.

Төмрийн хүдрийн үнэ одоогийн байдлаар Хятадын эргийн боомтод хүргэж өгөх нөхцөлтэй үнэ нь 45-47 ам.доллар/тонн байгаа юм. Хятадын эдийн засгийн өсөлт удаашрах тусам гангийн үйлдвэрлэл төдийлөн өсөлттэй байхааргүй байгаа ч “Рио Тинто”, BHP Billiton, Вале зэрэг томоохон тоглогчид нийлүүлэлтээ улам өсгөхөөр “дайрч” буй нь “гал дээр тос нэмсэн” хэрэг болж буй.

Австралийн төмрийн хүдрийн экспорт энэ жил 792 сая тоннд хүрч магадгүй тухай Morgan Stanley тооцоолж байгаа юм. Гэвч төмрийн хүдрийн үнэ буурах тусам Австралийн эдийн засагт чамгүй дарамт болох нь дамжиггүй юм. Учир нь тус улсын нийт экспортын 25.5%-ийг төмрийн хүдрийнх эзэлдэг байна. Австрали улс төмрийн хүдрийн салбарын компаниудаа “аврах” бодлого барьж эхэлж буй ч Аtlas Iron зэрэг жижиг компаниуд хаалгаа барьж эхэлжээ.

Австралийн төмрийн хүдрийн баялаг бүс нутаг Пилбара орших Баруун Австрали мужийн Ерөнхий сайд төмрийн хүдрийн компаниудыг нийлүүлэлтээ бууруулах ёстой гэж мэдэгджээ. Шинжээчдийн зүгээс ч томоохон тоглогчдын нийлүүлэлтээ ихэсгэж өртгөө бууруулах энэ тактикийг төдийлөн зөв зүйтэй гэж үзэхгүй байгаа юм. 


Б.Төгс