Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Эдийн засгийн эрүүл мэнд муу байна

С.Болд-Эрдэнэ

Уул уурхай уруудсан хэвээр...

Уул уурхайн салбарын уналт хаана зогсох вэ гэдэг асуулт хариултаа хүлээсээр байна. Ойрмогхон “Оюутолгой” ХХК 300 ажилтнаа халаад байгаа бол “Саусгоби Сэндс” ХХК 200 гаруй ажилтандаа цалинтай амралт өгөөд байна. Газрын тосны хайгуулын “Петро Матад” ХХК мөн 20 гаруй ажилтнаа цомхотгожээ. Дээрх компаниуд нээлттэй компани болохоор мэдээлэл нь олон нийтэд цацагдаж байгаа бөгөөд мэдээлэл нь цацагдаагүй ч тав 10 хүнээ цомхотгосон, бүр хаалгаа хүртэл барьж байгаа уул уурхайн компани олон бий.

Статистик мэдээллүүд ч уул уурхайн салбарын уналт үргэлжилсээр байгааг илтгэж байна. Уул уурхайн салбар энэ оны төсөвт 1.4 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх ёстой. Гэтэл эхний 4 сарын байдлаар уул уурхайн салбар дөнгөж 201 тэрбум төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлсэн хэмээн Сангийн яам мэдээлж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 44%-иар буурсан үзүүлэлт юм.

Он гарсаар уул уурхайн салбарын татвар өм цөм багасч байгаа аж. Тухайлбал роялти болон өсөн нэмэгдэх роялтигаар нийт 76 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 45%-иар буюу 62 тэрбумаар бага байна. Гэтэл энэ оны төсөвт 534.8 тэрбум төгрөгийг роялтийн хоёр татвараас төвлөрүүлэхээр тооцсон. Нарийн задалбал эхний 4 сард 163.6 тэрбум төгрөгийн орлогыг роялти, өсөн нэмэгдэх роялтигаар улсын төсөвт төвлөрүүлэх хуваарьтай юм билээ. Эндээс оны эцэст төлөвлөсөн 534 тэрбум төгрөгт яагаад ч хүрэхгүй нь тодорхой харагдана. Төсөв батлагдсанаас хойш нүүрсний жишиг үнийг гэрээний үнээр тооцох шийдвэр гарсан. 4 дүгээр сарын нэгнээс мөрдөж эхэлсэн жишиг үнийн шинэ аргачлалаар роялтид төлөх татварын хэмжээ эрс буурах нь тодорхой юм. Мөн алтны роялтийг 2.5% болгочихсон. Энэ бүгд нь роялтийн орлого өм цөм буурахад гол нөлөөг үзүүлжээ. Роялтигаас гадна ААНОАТ-т эхний 4 сард 49.6 тэрбум төгрөгийг уул уурхайн салбар төлжээ. Жилийн өмнөхөөс 70 тэрбум буюу 59%-иар буурсан үзүүлэлт. Юун өсөлт, юун төлөвлөгөө...

Хоёр жилийн өмнө дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унавал яах вэ гэдэг асуултад эдийн засагчид, эрх баригчид нүүрсний экспортын орлогыг төмрийн хүдэр, зэс, алт, газрын тосны өсөлтөөр нөхөж болно гэсэн өөдрөг хариулт өгч байсан удаатай. 2013 онд энэ зургаар явсан. Нүүрс унаж, бусад 4 ашигт малтмал өссөн бол энэ жил нүүрсний араас төмрийн хүдэр орж, экспорт нь буурч байна. Эхний 4 сард 1.5 сая тонн төмрийн хүдэр экспортолсон нь жилийн өмнөхөөс 20 орчим хувиар буурсан үзүүлэлт. Экспортын орлого бүр 44%-иар буюу 100 орчим сая доллараар дутав.

Гэлээ ч энэ жил Оюутолгойн зэс эрдсийн экспортын өсөлтийг хадгалж дөнгөлөө. Өнгөрсөн жилийн эхний 4 сард  зэс, нүүрс, төмрийн хүдэр, алт, газрын тосны экспорт 1 тэрбум доллар болж байсан бол энэ жил 1.2 тэрбум доллар болсон байна. Мэдээж Оюутолгойн экспорт гол жинг эзэлж байгаа нь ойлгомжтой.

Хүндхэн нөхцөлд жил тойрч байгаа уул уурхайн компаниудыг дэмжсэн хэд хэдэн шийдвэрийг Засгийн газар эхний хагас жилд гаргалаа. 1 дүгээр сард алт олборлогчид Монголбанкинд алтаа тушаавал алтны роялтийг 10% биш 2.5% байхаар хуульд өөрчлөлт оруулав. Уг хууль богино хугацаанд үр дүнгээ өгч байна. Монголбанкинд тушаасан алтны хэмжээ эхний 4 сард 1979 кг болж жилийн өмнөхөөс 30% орчмоор өссөн бол алтны экспорт эхний 4 сард 2.5 тонн болж бараг 2 дахин нэмэгдэв.

Хоёрдугаарт, нүүрсний роялти тооцох жишиг үнийг борлуулалтын гэрээний үнээр тооцох шийдвэрийг 3 дугаар сард Засгийн газар гаргаж, 4 дүгээр сарын нэгнээс мөрдөж эхэллээ. Хэдийгээр улсад төлөх татварын хэмжээ буурах ч экспортлогч компаниудад маш том дэмжлэг юм.

Гуравдугаарт, Тавантолгой-Гашуусухайт чиглэлийн авто замын нөхөн төлбөрийг “Энержи ресурс” компанид төлж, “Эрдэнэс МГЛ” компанийн мэдэлд шилжүүллээ. Хоёрдугаар сарын 15-наас уг замын хураамж тонн нүүрсэнд 4.8 ам.доллараас 1 доллар болж буурав. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс”, “Тавантолгой” ХК-ийн тээвэрлэлтийн зардал тодорхой хэмжээгээр багасах юм. Ялангуяа “Чалко”-гийн өрийг төлж хүчрэхгүй байгаа “Эрдэнэс Тавантолгой” ХК тээвэрлэлтийн зардлаас тонн тутамд 3.8 ам.доллар хэмнэх боломжтой болсноор ашиг нь тэр хэмжээгээр нэмэгдэнэ.

Дөрөвдүгээрт, Тавантолгой  ордоос нүүрс экспортлогч “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс”, “Тавантолгой” ХК болон Хятадын “Шэнхуа” компани хамтарсан консорциум байгуулж, Цагаанхаднаас Ганцмод хүртэл 18 км хилийн төмөр зам барих гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээг байгуулахад Засгийн газар ихээхэн хүчин чармайлт гаргасан. Төлөвлөсөн ёсоор уг төмөр зам энэ оны төгсгөлд ашиглалтад орох бөгөөд ингэснээр Цагаанхад Ганцмод чиглэлд автомашинаар тээвэрлэхэд гардаг 7-8 ам.долларын зардал 2-3 ам.доллар болж буурна хэмээн компаниуд мэдээлж байна. Автозам, төмөр замын дээрх шийдвэрүүд нь нүүрс экспортлогчдын тээврийн зардлыг 10 орчим ам.доллараар бууруулах нөхцөлийг бүрдүүлж, улмаар Тавантолгойн ордын нүүрс Хятадын зах зээлд өрсөлдөж, үнийн уналтыг тодорхой хэмжээнд даах чадвартай болох юм.

Эдийн засгийн “эрүүл мэнд муу” байв

Монголын санхүүгийн зах зээлийн холбоо, “Мандал даатгал” компаниас гаргадаг Purplebook судалгаанд 2014 оны 1 дүгээр улирлын байдлаар макро эдийн засагт “Эрүүл мэнд муу” гэсэн үнэлгээ өгчээ. Макро эдийн засгийн “эрүүл мэнд”-ийг ДНБ, инфляци, төсөв, валютын ханш, банкны салбар, гадаад худалдаа гэсэн үндсэн 6 үзүүлэлт тус бүрт 1-7 оноо өгч “оношилдог”. Зарим үзүүлэлтийг сонирхъё.

Гадаад худалдаа. Монголбанк гадаад худалдааны тэнцлийн алдагдал буурч байгаа нь сайн хэрэг хэмээн тайлбарлаж байгаа. Гадаад худалдаа эхний 4 сард 93.7 сая долларын алдагдалтай гарч, жилийн өмнөхөөс 434 сая доллараар буурчээ. Импорт буурч, экспорт үл ялиг өссөний дүн энэ. Экспортын 90 орчим хувийг бүрдүүлдэг эрдэс бүтээгдэхүүний экспортын талаар дээр дурдсан тул импортын задаргааг сонирхъё.

Монголбанкны тайлбарласнаар импорт буурч байгаа ч доторх задаргааг үзвэл тийм ч таатай дүр зураг харагдахгүй. Импортын бууралтын үндсэн шалтгаан нь үйлдвэрлэлийн орц багассантай холбоотой. Үйлдвэрлэлийн орцын импорт эхний 4 сард 293 сая доллар болж жилийн өмнөхөөс 42%-иар буурчээ. Тэр дундаа уул уурхай, газар тариаланд өргөн хэрэглэдэг дизель түлшний импорт 24%-иар, хүнд машин механизм, тоног төхөөрөмж 40%-иар тус тус буурсан байна. Үүний нөгөө талд валютын ханш өссөнөөр өргөн хэрэглээний импорт буурч байна уу гэвэл тийм биш. Суудлын машиныг эс тооцвол хүнс, өргөн хэрэглээний импорт үл ялиг өссөн дүн эхний 4 сард гарлаа. Хэрэглээ буурахгүй байгааг АИ-92 шатахууны импорт  28%-иар өссөнөөс харж болно. Товчхондоо, монголчууд машиныхаа шатахууныг хэмнэсэндээ бус харин үйлдвэрлэлийн гол зүтгүүр болдог хүнд машин механизм, түүнд хэрэглэдэг түлшний импорт багасчээ.

Төсөв. Хаврын чуулган хаахаас өмнө төсвийн “жинхэнэ” тодотголыг оруулж ирнэ хэмээн Сангийн сайд хэлсэн. Өнгөрсөн жил Чингис бондын 700 сая доллар буюу 1.1 их наяд төгрөг дээр Монголбанкны гаргасан 1.1 их наядаар зам, барилгын ажлын багагүй гүйцэтгэлийг төсвийн ачааллаас авч гарсан. Харин энэ жил төсөв ганцаардаж, хүч мөхөсдөх нь тодорхой болж байна.

Сангийн яамны мэдээллээр 1 дүгээр улиралд төсвийн орлого 295.8 тэрбум төгрөг буюу 20 хувиар, зарлага 474.5 тэрбум буюу 27 хувиар тасалджээ. Орлого талыг харвал дотоодын бараа үйлчилгээний албан татвар 18.6%, гадаад худалдааны татвар 17.7%-иар буурсан байна. Орлогын албан татвар дээр нэг онцлох тоо нь эхний 4 сарын байдлаар ААНОАТ өмнөх оны мөн үеэс 18.2%-иар буюу 42 тэрбумаар буурсан үзүүлэлт юм. Нэг ёсондоо  компаниудын татвар төлөлт буурсан гэсэн үг. Оны эцэст орлого 1.4 их наядаар тасрах эрсдэл байгаа болохоор тодотголыг яаран хийх нь гарцаагүй юм. Төсвийн тодотголоор урсгал зардлыг 20%-иар бууруулж, 1.1 их наяд төгрөгийг хэмнэнэ гэсэн яриа бий.