Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Уул уурхайн компаниудын татвар 49%-иар буурав

Татварын ерөнхий газраас эрдэс баялгийн салбарт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын төлсөн татварын мэдээг гаргасан байна.

2014 оны эхний улирлын байдлаар 127 тэрбум 577 сая төгрөгийн татварыг А лиценз эзэмшигч компаниуд төлжээ. Энэ нь 2013 оны 4 дүгээр улирлаас 61.3%-иар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 49.6%-иар буурсан үзүүлэлт юм. 2013 оны 4 дүгээр улиралд 330.3 тэрбум төгрөгийн татварыг А лиценз эзэмшигч компаниуд төлж байжээ.

Үндэсний статистикийн хорооны 2014 оны 1 дүгээр улирлын тайланд дурдсанаар Нэгдсэн төсөвт нийт 990.1 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрсөн аж. Үүнтэй харьцуулахад нийт татварын орлогын 12.8%-ийг уул уурхайн салбарын А лиценз эзэмшигч компаниуд бүрдүүлж байна. Өнгөрсөн оны 1 дүгээр улиралд нийт татварын 25.7%-ийг А лиценз эзэмшигч компаниуд бүрдүүлсэнтэй харьцуулахад А лиценз эзэмшигч компаниудын төлсөн татварын хэмжээ буурч байгаа юм.

Татварын төрлөөр нь ангилж үзвэл Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 28.3 тэрбум, Өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 26.5 тэрбум, ААНОАТ-т 23.7 тэрбум төгрөгийн татварыг 1 дүгээр улиралд төлсөн байна. Эдгээр үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал АМНАТ 46.8%-иар, ӨНАМНАТ 46.6%-иар буурсан бол ААНОАТ 52 тэрбум төгрөгөөр буюу 68.7%-иар буурчээ.


С.Болд-Эрдэнэ

  • Зочин (222.106.184.11)
    orlogo muu bnaa l gesen ug bnshtee gaihah yum alga
    2014 оны 04 сарын 24 | Хариулах