Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Б.Энэбиш: “Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана” гээч болж байна




“Эрдэнэс МГЛ”,  “Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Энэбиштэй ярилцлаа.


Тавантолгой төслийг эхлүүлсэн хүний хувьд энэ талаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа зарим зүйлийн талаар Тантай ярилцах гэсэн юм?
Тэгье. Дээрх хоёр асуудал дээр нэмээд улс орны одоогийн байдал, уул уурхайн хөгжлийн талаарх үзэл бодлоо ч бас хэлчихье.      

Хэдэн жилийн өмнө Тавантолгой ордын Баруун Цанхийн хэлэлцээнд оролцож байсан Хятадын “Шенхуа” компанитай энэ Засгийн газрын үед 15 км нарийн царигтай төмөр зам хамтарч барихаар тохирлоо, “Шенхуа”-тай хамтарч байна гээд сүүлийн үед их  яригдаад байна. Энэ талаар Та хэр мэдээлэлтэй байгаа вэ? Ер нь Таны бодлыг сонсмоор байна?

Алсын стратеги талаасаа Хятадын томоохон компаниудтай бизнесийн зөв харилцаа тогтоож, хамтран ажиллах хэрэгтэй. “Шенхуа” бол өмнөд хөршийн нүүрсний хамгийн том компани. Хятадын хил, Ганцмодны боомтоос цаашаа өөрийн эзэмшлийн шинэ төмөр зам байгуулсан, хэдэн жилийн өмнө Баруун Цанхийн талбайг ашиглах олон улсын консорциум байгуулах талаар яриа хэлэлцээ явагдаж байхад өмнөд хөршийн оролцоог төлөөлж байсан компани. Энэ үүднээсээ “Эрдэнэс-Тавантолгой”-н зүгээс “Шенхуа” компанитай холбоотой ажиллах нь зөв гэж бодож байна.

2011 онд Тавантолгой ордын Зүүн Цанхийн талбайг ашиглаж эхлэхдээ шинээр эхэлсэн уурхайн үйл ажиллагаа, холбогдох дэд бүтцийн зардал, Хүний хөгжлийн санд ихээхэн хэмжээний мөнгө оруулах шаардлагын үүднээс нүүрсний томоохон урьдчилгаа авах хэрэгтэй болж, тийм хэмжээний мөнгө өгч чадах том компаниудтай харилцах хэрэгтэй болсон үед Хятадын төрийн өмчит “Чалко” компанитай гэрээ байгуулж байсан юм. Зүүн Цанхийн талбай дээр “Чалко”-той нүүрсний нийлүүлэлтийн гэрээтэй, харин Баруун Цанхийн талбай дээр “Шенхуа”-тай бизнесийн аль нэг хэлбэрээр холбоотой ажиллах нь гэсэн төсөөлөл, төлөвлөгөө тухайн үед надад байсан. Баруун Цанхийн талбай дээр олон улсын консорциум байгуулж хамтрах Засгийн газрын түвшний хэлэлцээ утопи маягтай болж, бүтэлгүйтэж зогссоноос “Шенхуа”-тай хамтрах явдал хойшлогдоод байсан.

Өнгөрсөн онд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урд хөршид хийсэн айлчлалын үеэр “Эрдэнэс-Тавантолгой”, “Энержи Ресурс”, жижиг “Тавантолгой” компаниуд нийлээд  “Шенхуа” компанитай 20 жилийн хугацаанд нэг тэрбум тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан?

Тэгж сонссон. Энэ бол нүүрсний экспортоо зогсоож, өөр улсад байр сууриа алдах бодлогогүй алхам хийсэн хүмүүсийн “ичсэн хүн хүн ална” гэдэгтэй адил үйлдэл. Би “Шенхуа”-тай нүүрс нийлүүлэх, худалдах гэрээ байгуулж харилцаатай байх асуудлыг үгүйсгэхгүй. Харин нэг тэрбум тонн нүүрсийг Тавантолгойн бүлэг ордоос нийлүүлнэ гэдэг нь нэгдүгээрт,  манай  олборлолт, экспортын боломж чадавхийн хувьд үл бүтэх “сансрын” тоо хэмжээ юм. Өөр бусад оронд ч ийм хийсвэр зүйл байдаггүй байж таарна.  Хоёрдугаарт, Монгол Улс, манай компаниуд ийм хэмжээний нүүрсийг нийлүүлэх, тээвэрлэх техник, ложистикийн боломж нөхцөл байхгүй. 20 жилийн дотор ч үүнийг бүрэн бий болгож чадахгүй. Гуравдугаарт, том компанитай гэрээ байгуулах нь бодлогын хувьд зөв байж болох ч нэг компанид бүх нүүрсээ нийлүүлнэ гэж үүрэг авч  болохгүй. Энэ нь нэг харилцагчийн эрхшээлд бүрэн орно гэсэн үг. Монголын хэдэн компани нийлээд бүү хэл “Эрдэнэс-Тавантолгой” дангаараа дор хаяж том, жижиг 4-5 нүүрс худалдан авагчтай харилцах ёстой. Япон, Өмнөд Солонгос, АНУ-ын компаниудтай хамтран ажиллах, харилцах асуудал хаачив. Нөгөө бидний 1990 оноос хойш ярьж ирсэн Монгол Улсын олон талт бодлого, эдийн засгийн олон харилцагчтай байх явдал яасан билээ. “Чалко” компанитай 2011 онд байгуулсан гэрээний дагуу дунджаар долоо орчим жилийн хугацаанд нийлүүлэх нүүрсний нийт хэмжээ хамгийн ихдээ 30 саяас хэтрэхгүй. Одоо гэрээ байгуулснаас хойш бараг дөрөв дэх жилдээ ороод явж байна.

Төр засгийн бүх эрх мэдэл нэг намд, Ардчилсан намд төвлөрөөд байгаа энэ үед уул уурхайн бодлого хэрхэн явж байна гэж бодож байна? Та уг нь АН-ын хүн байх?

Ер нь бол Ардчилсан нам, ардчиллын талынхан засгийн эрхийг ингэж авах цаг нь болсон уу гэвэл, тийм гэж хэлнэ. Монголд ардчилсан ёс, эрх чөлөөт нийгмийг авчрах тэмцлийг эхлүүлж гол хувь нэмэр оруулсан тул энэ нь  шударга ёсны зүгээс ч гэх юм уу, засгийн эрхийг сонгуулиар ээлжлэн барьдаг дэг жаягийн дагуу ч гэх юм уу, ардчиллын хөдөлгөөнд анхлан оройлон оролцож байсан миний хувьд хүлээж байсан зүйл. Олон хүн ийм хүлээлттэй байсан байх.

Харин төрийн бүх эрх мэдлийг аваад сүүлийн хоёр жил орчмын хугацаанд хэрэгжүүлж байгаа бодлого үйл ажиллагааны тухайд гэвэл шулуухан хэлэхэд буруу байна. Зүйрлэж хэлбэл, Монголын түүхэнд тэртээ 1920-иод оны сүүлээр тохиолдож байсан шиг “Зүүний, зүүнтний алдаа завхрал”-тай төстэй бодлого, үйл ажиллагааны алдаа гаргаж байна. Мэдээж цаг хугацаа, нөхцөл байдал, эзэд нь өөр боловч хэв шинж тэмдгээр нь тэгж бодох, дүгнэх үндэс байна. 1920-иод оны сүүлчээр хэт улаан хувьсгалчид төрөн гарч айлуудыг хүчээр хамтралжуулж, малыг нь хураан нийлүүлж, заримынх нь эрхийг хориглож, “гадаадын капиталыг шахан зайлуулж”, “гар нагаан” гарган сүрдүүлж, өмнөх бүхнийг үгүйсгэж  байгаад буруутсан байдаг. Одоо Монголын нийгэмд болж байгаа зүйлтэй төстэй үзэгдлүүд тэр үед болж байсан шиг билээ, харамсалтай нь. Тэгээд дараа нь алдаагаа засах гэж нэг хэсэг нь хэт баруун тийш дарж мушгиад, дараахан нь гадны нөлөөтэй баахан хэлмэгдүүлэлт болсныг бид түүхээсээ мэднэ. Улс орны улс төр, эдийн засгийн бодлого нь баруун, зүүн чиглэлийн гэдгээрээ ялгагддаг. Харин хүний амьдрал сайн муу, сайхан муухай, болох болохгүйн зааг хооронд үргэлжилдэг гэж Буддын шашинд бий шүү дээ.

Д.Сосорбарамын уншдаг Р.Чойномын “Зүүд” гэдэг шүлэгт Чингис хаан булшнаас гарч ирээд хүүрнэхдээ тухайн үеийн Монголын байдлыг “улаа шагайсан хэдэн хүүхэд улс болж тоглож байна” гэж халагласан байдаг. Түүнтэй адил нөхцөл байдал одоо бий болж байж магад. Уг нь иймэрхүү болмооргүй л байгаа юм.        
      
Одоогийн уул уурхайн бодлого ер нь зөв чиглэлд явж байна уу? Гадаадын хөрөнгө оруулалт багаслаа гэж их ярьж байна?


Сүүлийн хоёр жилд Монголын уул уурхайн салбарын хөгжлийг албан тушаалтнууд бодлогын алдаа гаргаж гацаалаа.
2004-2012 оны үед Монголын түүхэнд анх удаа гадаадын хөрөнгө оруулалт уул уурхай, санхүүгийн салбарт  бизнес утгаараа орж ирсэн. Геологи хайгуул, уул уурхайн салбарт орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалтын өгөөж зөвхөн уул уурхайн салбар, түүнтэй холбоотой ажилладаг компани, айл өрхөд ч  биш ер нь нийт хүмүүст мэдрэгдэж эхэлж байсан. Улсын төсөв томорч, гадаадын  доноруудаас тусламж авахаа зогсоож байсан. Уул уурхай өөрөө их мөнгө, хөрөнгө оруулалт шаарддаг, дагуулдаг салбар тул хамгийн түрүүнд банк, санхүүгийн салбарт нааштай тусч, Монголын банкуудад гаднын том хөрөнгө оруулалтын сангууд хувьцааны хөрөнгө оруулалт хийж эхэлж байв. Санхүүгийн салбар сайжрахаар иргэд цалингийн зээл авахаас эхлээд, аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагааны зээл, санхүүжилт хүртээмжтэй болж эхэлж байсан юм.

Яагаад гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж яриад байна гэхээр орчин үед хөгжсөн, хөгжиж байгаа том, жижиг улс орнуудын түүх гадаадын хөрөнгө оруулалтыг зөв салбартаа татаж ухаалаг бодлого явуулснаар хөгжсөнд учир нь байгаа юм. Манай Монгол цөөхөн хүн амтай, зах зээлийн багтаамж, ажиллах хүчний боломж маш бага, далайд гарцгүй, хоёр том гүрний дунд түгжигдсэн, ядуу, эдийн засаг нь туйлын эмзэг, түлш шатахуунаар хойд хөршөөсөө бүрэн хараат, зах зээл, бараа таваараар урд хөршөөсөө хараат, өөрсдөө “консервний лааз”, пластик саваа ч хийж чадахтай, үгүйтэй байгаа ийм орон, ийм л хүмүүс шүү дээ.

НҮБ-ын байгууллагуудын хийсэн судалгаагаар манай улс эдийн засгийн эмзэг хэврэг байдлын үзүүлэлтээр нэн буурай хөгжилтэй гэгддэг 30 орчим орнуудтай харьцуулж үзвэл дунд хавьд орохоор байдаг юм. Ийм орон өнөөгийн нөхцөл байдалд өөрсдийн хүчээр дээшилж хөгжиж чадахгүй. Хөрөнгө оруулалт, мөнгө хэрэгтэй болно.

Хөрөнгө оруулалт татаж, бизнесийн үүднээс сонирхогдож болох ганц салбар нь уул уурхай. Уул уурхай бол Монголын хөгжлийн тулгуур салбар юм. Уул уурхай ихээхэн мөнгө олж болох бидний ганц боломж. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт,  мөнгө орж ирвэл хамгийн түрүүнд банк, санхүүгийн салбар сэргэнэ. Уул уурхайгаас орж ирсэн мөнгөөр дэд бүтэц баригдана, аялал жуулчлалын салбар хөгжих боломж бүрдэнэ. Энэ байдлыг бид сүүлийн 24 жил ярилаа, зохих зохих түвшиндөө уг нь ойлгосон, мэддэг гэж би боддог.

Харин бодит байдал ийм байхад “уул уурхайгүйгээр хөгжье”, монголчууд “тэнгэрээс тэтгэгдсэн, заяатай ард түмэн тул сайн сайхан юм бодоод байж байхад л болох” тухай яриа эрүүл зүйл мөн үү? Сүүлийн хэдэн жилийн хэрэгжүүлж байгаа бодлого болоод үйл ажиллагаа дутуу дулимаг, эсвэл яг эсрэгээрээ яваад байна. Уул уурхайдаа тулгуурлаж Монголын хөгжлийн дараагийн үе шатанд гарах боломжийг, хөгжлийн 15-20 жилийн боломжийг энэ цаг үед алдлаа. 

Баабарын хэлдэг “сүгсэлзүүрүүд”-ээс энэ асуудал болсон ч юм биш, гол нь эрх барьж байгаа, барьж байсан бодлого тодорхойлогчдоос болж байна. Ийм байдалтай болсонд хэн буруутай вэ гэвэл АН, МАН гэж хэлнэ. Магадгүй ойролцоогоор Ардчилсан нам 70 хувь, Ардын нам 30 хувийн буруутай байх гэж бодож байна. Гадаадын хөрөнгө оруулагчид, тэр тусмаа бидний олон тулгуурт гадаад бодлогын үүднээс харилцаад байдаг олон улсын хөрөнгө оруулагчид үргэсэн, эргэж иртэл лав 10 орчим жил болно. Дотоодын хөрөнгө оруулагч гэж байхгүй, байсан ч тэр нь уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийхэд хэт багадна, хэдэн барилга барихад л хүрэлцэж магад.

Уул уурхайн эхлэлийн санхүүжилт том, үйл ажиллагааны зардал их, эрсдэл өндөр тул компаниуд өөрийнхөө мөнгөөр биш банкнаас зээлж, мөнгө босгож хөрөнгө оруулалт хийдэг. Гэтэл манай дотоодын банкны зээлийн боломж, хязгаар жижиг бага гээд асуудал зөндөө байна. Уг нь Оюутолгой төсөл үргэлжлээд, Тавантолгойг эхэлсэн эрчээр нь явуулаад, дээр нь 5-6 нүүрсний дунд зэргийн орд, нэг хоёрын зэрэг уран, зэсийн орд, алтны ордуудаа боломжоор нь эхлүүлж  ашиглаад, геологийн хайгуул судалгааг үргэлжлэх нөхцөлийг нь хангаад явсан бол Монгол Улс ойрын 20 жилдээ ямар ч санхүүгийн хямрал болж байсан ажрахааргүй байсан юм. Харамсалтай нь бид ингэж чадсангүй. Ганц Эрдэнэт үйлдвэрийн орлогоор улсын төсвийн 70 гаруй хувь нь бүрдэж байсан он жилүүд хол алслаагүй байна.

Бидний хуучны танил Казахстан, Лаос, Албаниас эхлээд Ази, түүн дотроо Зүүн өмнөд Азийн орнууд хөрөнгө оруулалт татаж, эрчимтэй хөгжиж эхэллээ. Монгол ардчиллын үед танигдахгүй болтлоо хөгжлөө энэ тэр гэдэг  бол хэлбэр төдий  зүйл. Яахав шинээр барилгууд баригдаж, хэсэг монголчууд гадагшаа дотогшоо явдаг болсон, мэдээллийн орчин сайжирсан зэрэг дэвшил байгаа. Гэхдээ энэ нь нийт хүмүүст хүртээлтэй, улс орны чадавхид нөлөөлөх гавьтай зүйл болоогүй байна.

Африкийн орнууд руу сүүлийн үед хөрөнгө оруулалт урсах боллоо. Хятад, Япон, Европ тус бүрдээ Африктай хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. Удахгүй АНУ-Африкийн орнуудын бизнесийн анхны  уулзалт болно. Эдгээр улс Африкийн орнуудад ашигт малтмалын бүтээгдэхүүний оронд дэд бүтэц, боловсролын салбарын хамтын ажиллагаа санал болгож байна. БНМАУ социализмын үед ЗХУ-ын хөдөө аж ахуй, ашигт малтмалын түүхий эдийн бааз, хавсарга байсан. Хариуд нь манайх боловсрол, эрүүл мэндийн чиглэлд дэвшил хийж, хэдэн хороолол бариулж, Европын соёлоос хүртсэн байх.  Одоо ч эхний үедээ иймэрхүү байдлаар явна. Гагцхүү өөрсдөдөө харьцангуй ашигтай, бодлого сайтай байх нь гол асуудал юм.    

Таныг “Эрдэнэс-Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал байх үедээ шаардлага хангахгүй хүнд даацын ажлын 10 ширхэг автомашин компанидаа авсан гэсэн асуудлаар АТГ-аас шалгаж байгаа, мөрдөн байцаах ажиллагаанаас зайлсхийсэн  тул эрж хайж байгаа гэж яриад байх юм?

Нөгөө “өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана” гэдгийн сонгодог жишээ энэ болж байна. Намайг “улаан хувьсгалаас дүрвэж гарсан цагаантны дүрд” оруулаад, одоо үеийнхээр бол “Сноуден” маягийн болгоод байгаа юм аа даа, янз нь. Миний бие ямарваа нэг гэмт хэрэг, үйлдэл хийгээгүй бөгөөд зугтаж гарсан зүйл байхгүй. Харин бүр яг эсрэгээрээ ажил хийж, хууль тогтоомжийн дагуу ногдсон үүрэг даалгавраа биелүүлж, хүмүүст хэрэг буян болсон сайн үйлс бүтээж оролцсон байдаг юм. Нэгэнт ийм зүйл яригдаад, зарлагдаад байгаа болохоор тодорхой хариу тайлбар өгье.

Юун 10 машины асуудал яригдаад байдаг юм бэ? Шалтгаан нь юу юм бол?

Би танай сэтгүүлд өмнө нь ярилцлага өгөхдөө хоёр ч удаа дэлгэрэнгүй тайлбарлаж байсан. Одоо товчилж хэлье. “Эрдэнэс-Тавантолгой” компани 2010 оноос Тавантолгой ордын Зүүн Цанхийн талбай дээр хөрс хуулалт хийж, уурхай ажиллуулж, нүүрсээ экспортод гаргаж эхлэхдээ Хятадын төрийн өмчит “Чалко” компанитай нүүрс нийлүүлэлтийн том гэрээ байгуулж, ихээхэн хэмжээний урьдчилгаа төлбөр авахаар болсон юм. Ингэж их хэмжээний урьдчилгаа мөнгө авах үндсэн шалтгаан нь Улсын Их Хурлаар батлагдсан Төсвийн хууль, Засгийн газрын тогтоолоор өгсөн үүрэг, Сангийн Яамны байнгын шахалтаар Хүний хөгжлийн санд компанийн зүгээс 338 тэрбум төгрөг 2011 онд багтааж төвлөрүүлэх хатуу даалгавартай холбоотой.

Дөнгөж үйл ажиллагаагаа эхэлж байгаа компанид үйл ажиллагааны зардал бас хэрэгтэй байсан. Энэ их мөнгийг хаанаас олох байсан бол? Олборлосон нүүрсээ экспортод гаргаж эхэлж байгаа тул худалдан авагч талыг шахаж нүүрсээ ирээдүйд сар, улирлын графикаар яг нийлүүлнэ гэж гэрээ байгуулаад “Эрдэнэс-Тавантолгой” мөнгө авсан. Нэгэнт ийм гэрээтэй  тул нүүрсээ цаг хугацаанд нь нийлүүлэх ёстой. 2011 онд олборлох нүүрсний уулын ажлын төлөвлөгөө нэг сая тонн. Уурхайд нийлүүлэгдэх гэрээтэй хүнд даацын машин механизм ирэх хугацаа хоцроод байснаас олборлолтын төлөвлөгөө тасрах гээд байдаг. Ийм нөхцөлд ажлын онцгой, яаралтай шаардлагын үүднээс Хятад улсад үйлдвэрлэсэн 10 ширхэг машин авч хөрс хуулалтад явуулсан юм. Тэдгээр машин уурхайд найман сар орчим ажиллаж их ажил гүйцэтгэсэн дээ. Зохих арчилгаа тордолт хийвэл ажил гүйцэтгэх чадвартай гэж хөндлөнгийн экспертүүд 2013 онд дүгнэсэн байдаг. Түүнчлэн олон улсын хөрөнгийн бирж дээр “Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцааг арилжаална, Монголын нийт иргэд хувьцаа эзэмшиж байгаа энэ компанийн үнэлгээ ямар ч тохиолдолд өндөр байх ёстой гэж УИХ-аас лүндэн буулгаад байдаг. Олон улсын хөрөнгийн биржид гарахад аль болох их бүтээгдэхүүн, манай компанийн хувьд бол нүүрс их гаргасан замналтай бол сайн үзүүлэлт болдог. Ингээд ямар ч гэсэн төлөвлөгөөгөө биелүүлсэн.     

Үр дүнд нь Засгийн газар Хүний хөгжлийн санд мөнгө аваад иргэдэд өгсөн. Хэрэв Хүний хөгжил сангийн эх үүсвэр бүрдээгүй бол тухайн үеийн Засгийн газар огцрох гээд байсан гэдэг үнэн үү?

“Чалко”-гоос авсан мөнгөөр Хүний хөгжлийн сангийн тэр оны бүрдүүлэлтийн дийлэнх хэсэг бүрдсэн. Хүний хөгжлийн сангаас хүмүүст  21 мянган төгрөг сар бүр хуваарилагдан очсон. Хэрэгтэй айлдаа хэрэг болж, архи аваад уух нэг нь аваад уусан л байх. Олон ам бүлтэй, мөнгө төгрөг илүү хэрэгтэй айлууд хуримтлуулсан нь ч бий байх. Төрийн өмчит компанийн хувьд УИХ, Засгийн газрын шийдвэр хууль тогтоомжоор өгсөн  үүрэг болохоос гадна хувь нийлүүлэгч, эзнийг төлөөлж буй гэдэг утгаар зааврыг нь дагахаас аргагүй. Бизнесийн алтан зарчимд нийцэхгүй ч хүмүүст мөнгө очиж байгаа гэдэг утгаар хандахаас өөр аргагүй байсан. 

Засгийн газар огцрох тухайд гэвэл хэрэв сонгуулиар амласан мөнгөө иргэдэд өгч чадахгүй байсан бол сайд болохоор шүлс нь гоожсон гишүүд олон байсан тул магадгүй л байсан байх. Хүний хөгжлийн санд мөнгө оруулаагүйгээс засаг огцрох бол чам дээр шүү гэдэг хүмүүс байсан. Миний хувьд 1990-ээд оноос хойш хамт байсан зарим нөхөд тэгж хэлээд байсан болохоор бас боддог байлаа. За, хоёр гол нам хамтраад улс орны уул уурхайн хөгжлийн эхлэлийг тавьж байхад элдэв юм болох шалтгааныг нь бий болгочих вий дээ гэж үүрэг даалгавар биелүүлэхийн хажуугаар боддог байсан тал бий.   

“Чалко”-гоос мөнгө олж ирэхдээ Баруун Цанхийн талбайг тавиад туучихсан гэх шиг зарим нь бичдэг. Нүүрсний урьдчилгаа болгож авсан мөнгө ямар барьцаа, нөхцөлтэй байсан юм бэ? Одоо болтол барагдуулж дуусахгүй байна гээд байх юм?


Тэгж бичиж байгаа бол ямар ч мэдлэг мэдээлэлгүй байна гэсэн үг. Тэр урьдчилгаа төлбөр бол үндсэндээ ямарваа нэг барьцаагүй, нүүрсээ олборлоод графикийн дагуу нийлүүлнэ гэсэн тохироо байгаа юм. Мөнгө өгөх, зээлж байгаа талаас барьцаа хөрөнгө байнга нэхдэг байсан. Эрдэнэс-Тавантолгой” компаниас  Засгийн газрын баталгаа гаргуулахыг шаардах, эсвэл ордынхоо лицензийг барьцаалах, нэг бол компанийн хувьцааны хэсгийг барьцаалах шаардлага байнга тавьдаг байсан. Хүмүүс жирийн ломбардаас мөнгө авахад хүртэл барьцаанд нь авах зээлийнхээ үнийн дүнгээс илүү үнэлэгдэх утас, ээмэг бөгжөө хүртэл тавьдаг. Хэдэн зуун сая доллар өгч байгаа тал бүр ч болгоомжилж байсан. Та нар хулхидаад нүүрсээ нийлүүлэхгүй бол өөрсдөө орж ирээд өгсөн мөнгө, гаргасан зардалтайгаа тэнцэх хэмжээний нүүрс ухаж авна гэсэн шаардлага гэрээнд оруулахыг удаан хугацаанд шахаж байсан. Тухайн үед Тавантолгой гайгүй нэрд гарсан байсан тул олон сар уйгагүй хэлэлцсэний эцэст дээр хэлсэнчлэн үндсэндээ барьцаагүй мөнгө урьдчилж авсан. Эхний ээлжид авсан 250 сая ам.долларын урьдчилгаа мөнгөний хүү жилийн тогтмол гурван хувь.

Тэгээд одоо эцэст нь Таныг яагаад буруутаад байгаа юм бол?

Би өөртөө хэлээд, бас хүмүүсээс асуумаар байгаа юм. Тавантолгой ордыг ном журмын дагуу биечлэн эхлүүлж эргэлтэд оруулж, Монголын талд харьцангуй сайн гэрээ байгуулсны үндсэн дээр Монгол Улсын иргэдэд байгалийн баялгаасаа эхний ээлжид хүртэх мөнгө олж өгсөн. Энэ одоо гэмт хэрэг үү, харин ч эсрэгээрээ ажил үүргээ сайн биелүүлсний төлөө сайшаамаар зүйл биш үү? Дэлхийн түвшинд ирээдүйд хүрэх уурхайг алдаа мадаггүй нарийн бэлтгэн тооцож, олон талын дарамт хүчин зүйлийн дор өөрийн туршлага, мэдлэгтээ тулгуурлан нэг баг болсон залуус, хамт олонтойгоо нойр хоолгүй ажиллан эхлүүлж, үйл ажиллагааг нь жигдрүүлж өгсөн нь буруу юу, энэ гэмт хэрэг үү, эсвэл сайн ажил үйлс үү? Энэ ер нь шударга байна уу, парадокс байгаа биз.

Миний хувьд Монголын түүхэнд томд орох уул уурхайн гэрээ хэлцлүүдийг хийж байгуулж, гарын үсэг зурж явахдаа, Үндсэн хууль боловсруулах ажилд оролцож, бас  Үндсэн хуулийн нэмэлтийн Ажлын хэсгийг ахалж байхдаа ч, 1990 оны ардчилсан хувьсгалын үед яриа хэлэлцээнд оролцож байхдаа хэзээ ч зарчим алдаж, буруу байр суурь баримталж, улс орны эрх ашгийг огоорч байгаагүй. Том бизнес удирдаж байхдаа, арай эртхэн 1996-2001 онд Монгол Улсад батлагдсан бүх хууль тогтоолыг “засч” найруулж, 200 гаруй хуулийн төсөл боловсруулж, боловсруулалцаж явахдаа буруу сэтгэж, хариуцлага алдаж байсан удаагүй. Яахав ингэж ярилаа гээд уншсан хүмүүс өөрсдийн бодсоноороо болно биз. Өөртөө боддог зүйлээ хааяа ингэж гаргаж байх ёстой байх.

Та энэ байдлаа яагаад өдий болтол тайлбарлаж ярихгүй байгаа юм бэ?

Юуны өмнө хэрэг хийгээгүй учраас элдэв юм ярих тиймэрхүү. Хоёрдугаарт, парадокс үүгээр дуусахгүй. Өдий болтол ёс суртахуун мораль бодож яриагүй байсан нэг зүйлийг ярьдаг юм уу.

Тэр яригдаад л байдаг хүнд даацын 10 том машиныг миний дээр ярьсан ажлын зайлшгүй шаардлага, нөхцөл байдлын улмаас санаачилга гарган, судалж танилцуулж надаас зөвшөөрөл авч хийсэн хүн нь миний орлогчоор ажиллаж байсан Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн хүн байсан юм. Бүлэг фракцын хувьд Н.Алтанхуяг, Я.Батсуурь нарын хамаардаг Алтангадас бүлэглэлд сүүлдээ хамаардаг байсан байх. Ажилдаа зүтгэж хариуцлагатайгаар орж эхэлж байсан, ажилсаг, шаргуу хүн байсан. 2012 оны хавар харамсалтайгаар бурхан болсон юм. Норовын Алтанхуягтай их ойр, хамт уул хаданд авирдаг, Н.Алтанхуягийн Тэргүүн шадар сайд байхдаа наймаалцан шахаж томилуулсан хүн байсан. Бурхан Халдун ууланд авирч байгаад ачааллаа дийлэлгүй өнгөрсөн юм. Ажил хэргийн төлөө сайн, дайчин санаа дэвшүүлдэг байсан.

Энд парадокс нь юу байна гэхээр өөрсдийн хүрээний хүн нь хариуцаж байсныг мэдсээр байж бурхан болсон хүн юм ярих биш гэдэг өөдгүй логикоор хандаж, өөр хүн амьтан буруутгаж, зохих ёсоор хийгдсэн ажлыг буруу болгож харагдуулахаар оролдож байгаад байгаа юм. Хэрвээ энэ талаар гайхаж лавлая гэх хүн гарвал АТГ-т хэрэг гээд үүсгэгдээд байгаа хавтас дотор хүмүүсийн өгсөн яриа, мэдүүлгүүдэд тодорхой байдаг юм. Очиж танилцаж болдог бол лавлаж болох биз ээ. Иймэрхүү зүйлийг сонгууль энэ тэрийн үед яривал нөгөө талд нь ашиглагдаж болох учраас бас бурхан болсон хүнийг оролцуулж ярьж байгаа учраас мораль бодож ярих шаардлага байна уу гэж бодсоор жил гаруй хугахцаа өнгөрчихсөн байна. 

Таныг буруутай мэтээр зарлаад, оргон зайлсан “Интерпол”-оор эрэн сурвалжилна гэж яриад байх юм? 

Би ажлаа өгсөнийхөө дараа 2013 оны нэгдүгээр сард зарим эмчилгээ хийлгэх, олон жил ачаалалтай ажилласан тул жаахан амралт болгож, гол нь ар гэрийн ажлаар гадаад орон руу явсан байсан юм. Намайг гадаад явсанаас хойш дөрвөн сарын дараа буюу АТГ-ын комиссарын зарласнаар 2013 оны тавдугаар сард надаар овоглосон асуудал гээд яриад эхэлсэн байсан. Тэгэхээр цаг хугацааны хувьд юу болж хувирч байна вэ?

Энгийн үгээр хэлбэл хүнийг эзгүй, байхгүй байхад өөрт нь мэдэгдээгүй байж, тэгээд оргон зайлсан гэж үзэж болохгүй. Тийм процессын ажиллагаа байдаг юм уу. Дээр нь ямар ч гэм буруу нь тогтоогдоогүй хүнийг, хүмүүсийг гэмт хэрэгтэн мэтээр цоллож дуудаж зарладаг жишиг тогтож байгаа юм уу. Энэ зөв үү. Хүний эрх, эрх чөлөөний тухай заалт, түүний хэрэгжилт яалаа. Тэр “Интернет” (“Интерпол”)-оор хайна гэдэг тийм дурын асуудал уу?

Хэрвээ тийм зүйл болбол Монголын түүхэн дэх хамгийн том төслүүд болох Тавантолгой, Оюутолгойг эхлүүлсэн, ажлаа зохих ёсоор хийж гүйцэтгэсэн хүнээ зарим олигархи, улс төрчдийн захиалгаар, хилс хэрэгт холбогдуулах гэж байгаа нь хувь хүний хувьд төдийгүй улсын нэр хүндэд халтай онцгүй зүйл болно. Миний хувьд хийсэн хэрэг, гэм буруутай үйлдэл байхгүй тул айж ичээд, гоморхоод, гоншигноод байх юм ер алга. Асууж тодруулах зүйл байж болохыг үгүйсгэхгүй боловч хараад байхнээ хилс хэрэгт хэлмэгдүүлэх шинж ажиглагдаж байна. Хорхой хүртэл биед нь хүрэхээр атирдаг гэдэг тул өөрийгөө хамгаалах арга хэмжээ авъя, тэр яриад байгаа байгууллага зэргийг нь судалъя. Миний үндсэн мэргэжил хуульч учраас иймэрхүү зүйлийн деталийг ойлгоход, улс орнууд, хүмүүс, байгууллагатай харилцахад, шаардлага гарвал Монголд юу болоод байгааг, урьд өмнө юу болж байсныг тайлбарлахад дөхөмтэй байх болно.

Сүүлийн үед ажиглаад, сонсоод байхад их буруу хандлага тогтож байна. Монгол Улсад зөвхөн Эрүүгийн хууль гэж ганц хууль үйлчилдэг, Авилгатай тэмцэх газар гэж ганц байгууллага байдаг юм шиг болж байх шив. Уул нь иргэний хууль, захиргааны эрх зүйн хэм хэмжээ, бусад хууль, хамрах хүрээ гээд зөндөө зохицуулалт байдаг юм. Хуучин тохиолдсон шиг энэ сард дөчин эсэргүү, тавин буриад, зуун ламыг сургагч оросын зааварчилгааны дагуу баталж өгсөн тооноос давуулж баривчлан хорьж, цаазлан хороов гэдэг шиг юм болох гээд байна уу. Баахан статистик гаргаж ирж ярьдаг болсон байна. Ингэж байгаад улам даамжирч энгийн багш, эмч, сувилагч,  хамгаалалтын ажилтан уруу гулсаж орно шүү.

Гэмт хэрэг, авилгатай тэмцэх явдлыг би буруу гэж огт хэлээгүй.  Ажиглагдаад байгаа буруу хандлага цаашдаа нугалаа завхрал болох вий гэсэн болгоомжлолын үүднээс ярьж байна. Монголын тэртээх түүхэнд тийм явдал тохиолдож байсан юм. Монголын өнөөгийн замбараа муутай ардчилсан тогтолцоонд юм их хурдан эргэж хөрвөдөг гэмтэй. Ийм байдалд орвол юун хөгжих дээшлэх манатай, дээр дороо орсоор арваад жилийг үдэж магад. Төрийн төлөө оготно гэгчээр хэлэхгүй, санаа оноогоо хуваалцахгүй байхын аргагүй байна.

Ингэхэд таныг шалгана гэдгээ Авлигатай тэмцэх газраас танд албан ёсоор мэдэгдсэн үү?

Ерөөсөө мэдэгдээгүй.

Хоёулаа ярианы сэдвээ жаахан өөрчилье. “Эрдэнэс-Тавантолгой” компанийг байгуулалцаж, удирдаж явсан хүний хувьд Тавантолгой ордын одоогийн ашиглалтын үйл ажиллагааны талаар ямар бодолтой байна вэ? Ялангуяа Таныг ажлаа өгсөнөөс хойшхи үйл ажиллагааны талаарх бодлыг тань сонсмоор байна?


Эхлүүлсэн ажлыг зогсонги байдалд оруулж, учраа олохгүй байна гэж үзэж байна. Зүйрлэж хэлбэл хоёр алхам хойш, нэг алхам урагш гэсэн байдалтай байна. Яагаад ингэж бодож байгаагаа хэлье. Тавантолгойн ордын Баруун Цанхийн талбайг ашиглах бүх бэлтгэлийг хангаад, уурхайн ТЭЗҮ, уулын ажлын төлөвлөгөөг батлуулаад, хөрс хуулалтын амсар, уурхайн амыг нээж өгөөд явахад энэ ажил дээр 5-6 сар алдсан. Нүүрсний экспортыг зургаан сар зогсоож, гэрээг сайжруулах нэрийн дор нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон. Үр дүнд нь нүүрсний  тээвэр, ложистик, боомтын хэвийн урсгал, ажлын хэмнэл алдагдуулснаас  одоо хүртэл дахин зүгширч чадаагүй байгаа. Энэ ч бас гайгүй  нүүрсний экспортыг зогсоож “Чалко”-той үндэслэл багатай хэрүүл хийснээс Монголд орж ирэх валютын орлого, урсгалыг алдагдуулсан, энэ нь төгрөгийн ханш унахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн, нүүрсний зах зээлд эзлэх байр сууриа ганхуулсан, гадаадын хөрөнгө оруулалтын орчинд муу нөлөө үзүүлсэн.

“Чалко”-той байгуулсан гэрээ бол олон улсад мөрддөг стандарт зарчмын дагуу хоёр талд харилцан ашигтай байхаар байгуулагдсан оффтэк гэрээ. Маш их бодож, нөхцөл байдлуудыг тунгааж, олон талаас тооцож, удаан хугацаанд хэлэлцэж маргаж хийсэн учраас хариуцан ахалж хийсэн хүний хувьд би тайлбарлаад байгаа юм. “Эрдэнэс-Тавантолгой”-д  энэ гэрээ хэрэггүй бол үлдэгдэл өрийг нь төлөөд бид гэрээг чинь худалдаад авъя гэж “Энержи Ресурс” компани өнгөрсөн жил хөөцөлдсөн гэж сонссон юм байна.

Боловсон хүчин, хүний нөөцийн талаар хийрхсэн, харалган бодлого явуулсны улмаас ажлаа мэддэг, туршлагатай хүмүүсийг ажлаас нь халсан байсан. Нүүрс баяжуулах, угаах үйлдвэрийн ТЭЗҮ хийлгэх ажлыг эхлүүлээд явуулж байсныг удаасан мөртлөө сүүлд өөрөө мундаг хийсэн хүн болж сурталчилсан. Одоо хуурай аргаар элсээр нүүрс баяжуулах технологи нэвтрүүлэх тухай бодит амьдралд нэвтрээгүй технологийг ярьж цаг алдаж байна. Зүй нь ТЭЗҮ нь хийгдсэн уламжлалт угаах баяжуулалтын үйлдвэрээ санхүүжилт олж яаралтай эхлүүлж байвал нүүрсний үнэ, экспортод үнэлж баршгүй ач холбогдолтой зүйл болно. Говьд ус ховор, хэрүүл ам ихтэй тул элсээр хуурай аргаар баяжуулах технологийг хажуугаар нь туршиж явна биз. Амжилттай боллоо гэхэд практик амьдралд найдвартай нэвтэрч эхэлтлээ дор хаяж 10 жил болох байх. Уурхайд ажиллагсдын ахуй хангамж, хоол унд, кемпийн байдал зэрэг нь хуучнаас дордсон гэх зэргийг тоочоод харьцуулаад байвал нэлээд юм бий. Шаардлагатай сонирхсон хүн энэ талаар судлаад харьцуулалт хийгээд явж болох юм.

Хамгийн үл бүтэх зүйл нь гэвэл өөрсдөө учраа олохгүй, мэдэхгүй байсан мөртлөө бүхний бурууг өмнөх руу чихэж аргалж худлаа ярьдаг явдал. Нэг жил найман сар орчим хугацаа өнгөрсөн тул миний зүгээс “Эрдэнэс-Тавантолгой” компанийн  одоогийн үйл ажиллагаа, удирдлагын арга барилд ингэж харьцуулалт хийж шүүмжлэлтэй хандаж байна. Гэхдээ энэ хугацаанд гарсан санхүүгийн хүндрэл, зах зээлийн байдал, улстөрчдийн дарамт, бусад компани, албан тушаалтнууд, хөндлөнгийн хүмүүсийн  нөлөө оролцоо, орон нутгийн хэрүүл зэргийг төсөл хариуцаж байсан хүний хувьд сайн ойлгож байна.

Одоогийн удирдлагын ажил, арга барилд нэлээд сэтгэл дундуур байгаа юм аа даа?

Ер нь эхлээд мэргэжлийн бус хүн, уул уурхай, бизнесийн дадлага туршлага  байхгүй шинээр ирсэн учраас санаатай, санамсаргүйгээр ойлгохгүй байсан тал байгаа байх, улстөржүүлэх үүрэг даалгавар авсан нь ч ойлгомжтой. Харамсалтай нь, тэр нь өөрийгөө аргалах арга болж хувирсан байна. Өмнө УИХ-ын гишүүн байхдаа Төрийн ордонд тааралдаад юм хум ингээч тэгээч гэж гуйж шалаад байдаг байсан. “Эрдэнэс-Тавантолгой”-н Гүйцэтгэх захирлаар ирчихээд өмнөхөө үгүйсгээд байдаг хүн. Монголчууд тийм хүнийг юу гэдэг билээ дээ, “бө... ухдаг хүн” гэдэг байх шүү. Тохиолдлоор “Эрдэнэс-Тавантолгой”-д ирсэн байх. Надаас ч болсон байж магад. Би ажлаа өгөхдөө одоогийн Ерөнхий сайд Н.Алтанхуягт олон улсын хөрөнгийн бирж дээр “Эрдэнэс-Тавантолгой” компани хувьцаагаа арилжаална гэж байгаа бол Гүйцэтгэх захирлаар миний дараа англи хэлтэй хүн байхгүй бол болохгүй шүү гэж санаа оноогоо хатуухан хэлсэн юм. Кёкүшюзан Д.Батбаярыг томилох санаатай байсан байх. Маргааш өглөө нь  Я.Батсуурийг гэнэт дуудаад ТУЗ-ийн хуралд оруулсан гэдэг. Одоо бодоод байхад хувьцаа, бирж, IPO сураггүй болсон учир арай бизнес ойлгодгоор нь ажлын хувьд Кёкүшюзан нь дээр байсан байж мэдэх юм. Нэгэнт ажил хариуцсан бол компанийн санхүүжилт, мөнгөө хуруу хумсаа хугалж байгаад ч болох нь ээ олоод харилцагч, гэрээт байгууллагуудаа хохироохгүй зохих ёсоор мөнгийг нь төлж байх нь хэрэгтэй  шүү дээ.

Олж ирсэн бүх мөнгөний дийлэнхийг Засгий газар нь аваад нийт хүмүүст тараагаад өгсөн миний үетэй харьцуулах юм бол “Эрдэнэс-Тавантолгой” санхүүгийн хувьд гайгүй байх боломжтой байсан. Засгийн газар нь өөрөө өр тавьж, бонд гаргаж мөнгө авч байгаа энэ үед өмнө өгсөн мөнгөний хариу болгож бондын мөнгөнөөс нь авах хэрэгтэй байсан шүү дээ. “Чалко”-гийн өр гэж шалтаглаад яриад байх шаардлага байхгүй. Ажлаа сайн урагшлуулж, экспортоо зогсоож бариагүй бол өдийд төлөөд өлхөн дуусчих байсан зүйл. “Оюутолгой” компани  5-7 тэрбум, “Энержи Ресурс” нэг тэрбум орчим ам.долларын бондын болон банкны зээлтэй байгаагийн дэргэд “Эрдэнэс-Тавантолгой” харьцангуй боломжтой. Үлдэгдэл өр, үйл ажиллагааны гээд 200-300 сая ам.долларт одоогоор эргэлдэнэ. Энгийн хүн сонсоход дасал болоогүй их мөнгө сонстож байгаа боловч уул уурхайн бизнес ийм их хөрөнгө оруулалт шаарддаг салбар шүү дээ.




  • Arlene Уильямс (105.112.36.51)
    Сайхан өдөр Бид бага санхүүгийн туслах хэрэгтэй хүмүүст зээл санал болгож байна 2 -ийн хүүтэй тулд энэ компани нь зээл авах чи Танд хэрэгтэй зээлийн тодорхой хэмжээ цаг хугацаа хэлж болох та зээлийг буцаан төлөх боломжтой маш сонирхолтой бол эелдэг таны доор өгөх хүчин төгөлдөр мэдээлэл Ингэснээр бид үргэлжлүүлэх болно доорх бидний дэлгэрэнгүй мэдээллийг бидэнд холбоо барина уу Та бидний зээлийн нөхцөлийг илгээж болно ЗЭЭЛИЙН мэдээлэл хэрэгтэй нэр Улс Утасны дугаар Зээлийн талаар Шаардлагатай хэмжээ Зээлийн зориулалт Зээлийн хугацаа Сарын орлого Та онлайн өмнө зээл авах хүсэлт гаргасан байна тийм үгүй Манай компани Холбоо барих Компани менежер Arlene Уильямс Компани Мэйл ArleneWilliamsloanfinancehotmailcom Компани Уриа Таны аз жаргал сайн үйлчилгээ манай шагнал юм авах Таны санхүүгийн тасалгаа бид хүсдэг л юм Шилдэг Regards Arlene Уильямс
    2016 оны 11 сарын 14 | Хариулах
  • Arlene Уильямс (105.112.36.51)
    Сайхан өдөр Бид бага санхүүгийн туслах хэрэгтэй хүмүүст зээл санал болгож байна 2 -ийн хүүтэй тулд энэ компани нь зээл авах чи Танд хэрэгтэй зээлийн тодорхой хэмжээ цаг хугацаа хэлж болох та зээлийг буцаан төлөх боломжтой маш сонирхолтой бол эелдэг таны доор өгөх хүчин төгөлдөр мэдээлэл Ингэснээр бид үргэлжлүүлэх болно доорх бидний дэлгэрэнгүй мэдээллийг бидэнд холбоо барина уу Та бидний зээлийн нөхцөлийг илгээж болно ЗЭЭЛИЙН мэдээлэл хэрэгтэй нэр Улс Утасны дугаар Зээлийн талаар Шаардлагатай хэмжээ Зээлийн зориулалт Зээлийн хугацаа Сарын орлого Та онлайн өмнө зээл авах хүсэлт гаргасан байна тийм үгүй Манай компани Холбоо барих Компани менежер Arlene Уильямс Компани Мэйл ArleneWilliamsloanfinancehotmailcom Компани Уриа Таны аз жаргал сайн үйлчилгээ манай шагнал юм авах Таны санхүүгийн тасалгаа бид хүсдэг л юм Шилдэг Regards Arlene Уильямс
    2016 оны 11 сарын 14 | Хариулах
  • Arlene Уильямс (105.112.36.51)
    Сайхан өдөр Бид бага санхүүгийн туслах хэрэгтэй хүмүүст зээл санал болгож байна 2 -ийн хүүтэй тулд энэ компани нь зээл авах чи Танд хэрэгтэй зээлийн тодорхой хэмжээ цаг хугацаа хэлж болох та зээлийг буцаан төлөх боломжтой маш сонирхолтой бол эелдэг таны доор өгөх хүчин төгөлдөр мэдээлэл Ингэснээр бид үргэлжлүүлэх болно доорх бидний дэлгэрэнгүй мэдээллийг бидэнд холбоо барина уу Та бидний зээлийн нөхцөлийг илгээж болно ЗЭЭЛИЙН мэдээлэл хэрэгтэй нэр Улс Утасны дугаар Зээлийн талаар Шаардлагатай хэмжээ Зээлийн зориулалт Зээлийн хугацаа Сарын орлого Та онлайн өмнө зээл авах хүсэлт гаргасан байна тийм үгүй Манай компани Холбоо барих Компани менежер Arlene Уильямс Компани Мэйл ArleneWilliamsloanfinancehotmailcom Компани Уриа Таны аз жаргал сайн үйлчилгээ манай шагнал юм авах Таны санхүүгийн тасалгаа бид хүсдэг л юм Шилдэг Regards Arlene Уильямс
    2016 оны 11 сарын 14 | Хариулах
  • Jeff Michael (166.88.193.208)
    Сайхан өдөр Таны өрийг нэгтгэн таны гэрийн зээл авах уу Ямар ч зээлийн шалгах Тиймээ чи чадна Та санхүүгийн эелдэг дарангуйлах болон нэгтгэх зээл хэрэгтэй байна ярьж танд туслах гэж болно Та ядуу үхэх байх хэрэггүй мөн чимээгүй бид таны бүх өрийг нэгтгэн шийдвэрлэх энд байгаа чинь 2 нь бага хүүтэйгээр санхүүгийн нөхцөл байдал Бид нэгтгэх зээл танд туслах гэж Хувийн зээл Бизнесийн зээл Нүүр хуудас зээл Нэгтгэх зээл Машин Санхүү € 2000 хүртэл € 100000000 боломжтой Яаралтай сан нь бидний хувьд jsemkffloaninvestmentgmailcom Бүхний компани захиа холбоо барина уу танд туслах эелдэг зээл нь таныг дэмжин туслах болно түүний нэг өдөр цалин гарч нэг өдөр зөвшөөрөл зүгээр л 1 2 цаг Үйлчлэлийн үед бид Jeff Michael
    2016 оны 10 сарын 18 | Хариулах
  • David white (197.211.58.74)
    Далайн Зээлдүүлэгч болон Барьцаа зээл нь жижиг том хэмжээний хязгаарлагдмал Бид зээлийг 2 хүүтэйгээр гарч өгнө Манай мэргэжилтнүүд мөнгө хэрэгтэй хүмүүсийн тусламж болон бидний үйлчилгээг хүн бүрт ашиг тусын тулд хийж юу ирж байна Бидний үйл ажиллагаа тоог нэмэгдүүлэх дээр хүргэх боломжийг олгох үүднээс бид тэсэн ядан хүлээж эсвэл үл хөдлөх хөрөнгө худалдан авах хөдөө аж ахуйн төсөл ололт эсвэл өөр өөр барилгын төсөл болон бусад төрлийн санхүүгийн хүндрэлтэй байх нь хүн бүрт мөнгө зээл өг Бидний санал болгох ашиг сонирхол байгаа бол та usEmail Хаяг холбоо барина уу oceanlenders05gmailcom
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • credit union (105.112.39.104)
    Яаралтай жинхЭнЭ ЗЭЭЛИЙН САНАЛ ОДОО ХҮСЭЛТ Та бизнесийн зээл хайж байна уу хувийн зээл байшин зээл машины зээл оюутны зээл өрийн нэгтгэх зээл барьцаагүй зээл хамтарсан Нийслэл гэх мэт Эсвэл та банк эсвэл өөр зээл татгалзсан байна ямар нэгэн шалтгааны улмаас санхүүгийн байгууллага   Бид хувийн зээлдүүлэгч байдаг зээл нь бага боломжийн хүүтэй нь аж ахуйн нэгж хувь хүмүүст 2 -ийн хүүтэй зээл сонирхож байвал бид хоёр хувь 2 хүүтэй зээлийн бүх төрлийн санал болгож байна одоо бидэнд и-мэйл дамжуулан creditunion000gmailcom
    2016 оны 09 сарын 27 | Хариулах
  • Mr larry benson (41.203.71.180)
    Та санхүүгийн асуудал бүх төрлийн байна уу Та юу хийх төлөх туслах зээл хэрэгтэй өрийн Та санхүүгийн хямрал байна уу зээлийн бүх төрлийн зохицуулах бидэнд итгэж доорхоос харна уу Бид бөгөөд бүртгэл Харин албан ёсны 2 -ийн санхүүжилтийн компани 6 сараас бага -аас 30 жил хамгийн их нэр томъёо Бид 50 гаруй нь хамгийн багадаа 2000 сая хүмүүст зээл өгөх болно Дор үйлчилгээний төрөл бүрийн хангах Хувийн зээл баталгаатай баталгаагүй Бизнесийн зээл Secure болон баталгаагүй Нүүр хуудас засвар Зохион бүтээгч зээлийн Credit Card Орон сууцны зээлийн гэрлэлт Ийм хувьд Эрүүл мэндийн зээл Хэрэв та сонирхож байгаа бол Тэгэхээр манай и-мэйлээр дамжуулан буцаж бидэнд ирдэг үү larrybensonloancompany01gmailcom Баярлалаа бид бүрэн танд санал хэлмээр байна байна
    2016 оны 07 сарын 11 | Хариулах
  • zochin (112.72.13.40)
    Enebish darga uneheer noir hoolgui ajiliin tuluu sain ajilladag hun bj bilee
    2014 оны 11 сарын 29 | Хариулах
  • Hutsana daa (202.70.46.200)
    Hutsana daa chi muu Cham shig ergvv mal hajuudah jijig 5-tolgoi hurs huulaltaa 4700-r hiilgej baihad chi mal 13 oor gadnii kompaniar hiilgene dee Arai dendvv muu ajilluulsan Tavantolgoi deer ajildag jolooch nar hvrtel chinii tenegiig odoohvrtel yarij shooldog yum
    2014 оны 04 сарын 18 | Хариулах
  • Арчих туслах матери***** (103.9.90.98)
    Арчих материал бөөний үнээр байнга нийлүүлнэ Утас 99843232
    2014 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (203.91.112.198)
    ene hun mash sain ajillasan toriinhon ene zangaa zogsoo
    2014 оны 04 сарын 16 | Хариулах