Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Оюутолгойн экспорт хойшилсон нь Засгийн газрын үйл ажиллагаатай холбоогүй

Оюутолгой” компани өнөөдөр зэсийн баяжмалын экспортоо эхлэхээр төлөвлөж байсан ч дахин хойшилсон. Тус компанийн зүгээс Засгийн газрын хүсэлтээр экспортоо хойшлууллаа хэмээн гадаад, дотоодын мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байгаа.

Харин экспорт хойшлоход Засгийн газар ямар ч хамаагүй, “Оюутолгой” компанийн зүгээс шалтгаалсан хэмээн Монголын талаас мэдээлж байна.

Эх сурвалжаас үзэхэд, “Оюутолгой” компани Бүтээгдэхүүн борлуулалтын гэрээгээ ТУЗ-ийн гишүүддээ үзүүлж, батлуулахгүй байгаагаас экспорт нь хойшилж байгаа юм байна. Борлуулалтын гэрээний үнийн дүн нь ойролцоогоор найман тэрбум ам.доллар. Энэ нь Монголын хуулиар их хэмжээний үнийн дүн бүхий хэлцэлд хамаарагдах бөгөөд компанийн ТУЗ нь батлах ёстой талаар Компанийн тухай хуулийн 88,1-д заасан байдаг юм байна. Гэтэл Борлуулалтын гэрээг Монголын талыг төлөөлж суугаа ТУЗ-ийн гурван гишүүнд үзүүлэхгүй байгаа аж. Энэ нь Монголын Компанийн тухай хуулийг зөрчиж байгаагаас гадна компанийн засаглалын олон улсын стандартуудыг зөрчиж байгаа явдал гэж үзэж болохоор байна.

Мөн “Оюутолгой” компани бүтээгдэхүүн борлуулалтын орлогоо татваргүй бүс /оффшор бүс/ дэх данс руугаа шилжүүлэх юм. Хэрвээ Бүтээгдэхүүн борлуулалтын гэрээгээ Монголын талд танилцуулахгүй тохиолдолд борлуулалтын орлогоо Монголын банкны дансаар дамжуулах ёстой гэсэн байр суурийг Монголын тал баримталж байгаа юм байна.

Ачилт хийхээр төлөвлөж байсан "тов" хоёр дахь удаагаа ийнхүү хойшилж байгаа үндсэн шалтгаан нь дээрх тайлбартай холбоотой юм. Дашрамд, энэ сарын 14-нд товлосон хугацааг 100 хувь “Рио Тинто”-гийн санаачилгаар хойшлуулсан ажээ.

Мөн өнөөдөр болох зэсийн баяжмалын экспортыг хойшлуулах саналыг ч Засгийн газраас албан ёсоор тавиагүй аж. Дээрх асуудлаас үүдэн, хууль зөрчихгүйн тулд  экспортын нээлтэд Засгийн газрын төлөөлөл очих боломжгүй гэдгээ илэрхийлснийг “Оюутолгой” компани Засгийн газрын хүсэлтээр хойшлууллаа хэмээн мэдээлж байна хэмээн эх сурвалж үгүйсгэж байна.

Мөн уг асуудлыг Ерөнхийлөгчийн сонгуультай холбох нь өрөөсгөл юм. Оюутолгойн экспортыг эхлүүлэх тал дээр Ерөнхий сайд, Уул уурхайн сайд гээд бүгд дэмжиж байгаагаа өмнө нь мэдээлж байсан билээ. Гагцхүү ямар ч үйл ажиллагаа хуульд нийцэх учиртай.

“Оюутолгой” ХХК-ийн Монголын талын ТУЗ-ийн гишүүд борлуулалтын гэрээний төслөө хуульд заасны дагуу ТУЗ-өөр хэлэлцүүлэхийг бараг жилийн өмнөөс шаардсан ч одоо хүртэл хэрэгжээгүй байгаа аж. Энэ байдлаар “Оюутолгой” компанийн гүйцэтгэх удирдлага Монгол улсын хууль, тогтоомж байгуулсан гэрээнийхээ зарим заалтыг зөрчсөөр байна. Эдгээр нь ил тод, хариуцлагатай уул уурхайн зарчимд харшилсаар байна.

 Энэ байдлаас болоод анхны хөрөнгө оруулалтын  зардлын их хэмжээний хэтрэл, төслийн хоёр дахь үе шатны санхүүжилт, төрд төлөх роялтигийн 30-40 хувьтай тэнцэх менежментийн төлбөрийн маргаантай асуудлууд шийдлээ хүлээсээр байна.


С.Болд-Эрдэнэ