Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

”МАК” Цагаансуваргад 250 сая ам.долларын зээлийг баталгаажуулав

Монголын уул уурхайн салбар дахь томоохон компаниудын нэг МАК  Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас 250 сая ам.долларын зээл авахаар болсон тухай өчигдөр мэдээллээ. Энэхүү зээлийг тус компани Цагаансуваргийн зэсийн төслийн санхүүжилтэд зориулах ажээ. Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ) зээл олгож буй байгууллагуудын төслийн ажлын олон улсын стандартыг хангаж буй эсэх, байгаль орчин, нийгмийн нөлөөлөл зэргийг нь харгалзан үздэг байна. Эдгээр шаардлагыг МАК-ын Цагаансуваргын зэсийн төсөл хангаж буйг тус банк онцолжээ.

Харин МАК-ын хувьд Цагаансуваргын зэсийн төслөө ашиглалтад оруулахад зайлшгүй хийх алхмын нэг нь санхүүжилтийн эх үүсвэрийг олох явдал байсан юм. Дорноговь аймагт орших Цагаансуварга нь нөөцийн хувьд Оюутолгойг гүйцэхгүй ч дэлхийн хэмжээний зэсийн томоохон орд газар юм. Цагаансуваргад одоогийн байдлаар 1.3 сая тонн зэсийн ашигтай нөөц тогтоогдоод буй бөгөөд нэмэлт судалгаагаар нөөцийн хэмжээ өсөх боломжтой ажээ. Мөн уг хэсэгт Молибденийн үлэмж их баялаг агуулагдаж буй нь тогтоогджээ. Үүнээс гадна, ЕСБХБ МАК-д гуравдагч эх үүсвэрээс нэмэлт санхүүжилт олгох ажлыг судалж буйгаа мэдэгджээ.

Б.Төгс