|

СТРАТЕГИЙН ОРДОД НЭР ДЭВШИГЧ 39 ОРД

2012 оны 10 сарын 1
Тодорхой орд газруудыг стратегийн ордод хамааруулах тухай УИХ-ын 27 дугаар тогтоол 2007 онд батлагдсан билээ. 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар 15 ордыг стратегийн орд газарт хамааруулсан бол хоёрдугаар  хавсралтад нэр бүхий 39 орд болон тогтоол батлагдсанаас хойш нөөц нь илэрсэн ордуудын нөөцийг нарийвчлан тогтоож, стратегийн орд газарт хамааруулах эсэхийг УИХ-д өргөн мэдүүлж, шийдвэрлүүлж байхыг Засгийн газарт даалгасан байдаг. MMJ 27 дугаар тогтоолын 2 дахь хавсралтад багтсан 39 ордын талаарх ерөнхий мэдээллийг зургадугаар сарын дугаараас эхлэн хүргэж байгаа билээ. Эдгээр орд газарт өнөөдөр ямархуу үйл ажиллагаа явагдаж, ямар байгууллага, хүмүүс эзэн сууж байгааг бидэнд олдсон мэдээллийн хэмжээнд танилцуулж байгаа. 39 ордын тухай мэдээллийн үргэлжлэлийг хүлээн авна уу. 



Н.Ариун

Стратегийн орд гэсэн томьёолол зөвхөн Орос, Монголын хуульд л байдаг гэдэг. Тэр ч утгаар нь хүмүүс таатай, таагүй янз бүрээр хандах нь бий. Нэр томьёоны хувьд тохиромжтой бус байж болох ч үндсэн агуулга нь байгалийнхаа баялгийг нийт ард түмэндээ хүртээлтэй байлгах гэсэн л санаа юм. Стратегийн гэх тодотголтой ордуудыг ард түмний нэрийн өмнөөс төр зохицуулж, ашиг шимийг нь хүртээх агуулга цаана нь яваа. Харин тэр агуулгаараа үнэхээр явж чадаж байна уу гэдэг нь өөр асуудал билээ.    

Тодорхой орд газруудыг стратегийн ордод хамааруулах тухай УИХ-ын тогтоол 2007 онд батлагдсан юм. 27 дугаар хэмээх энэ тогтоол хоёр хавсралттай. Нэгдүгээр хавсралтаар 15 ордыг стратегийн орд газарт хамааруулсугай гэсэн бол хоёрдугаар  хавсралтад нэр бүхий 39 орд болон тогтоол батлагдсанаас хойш нөөц нь илэрсэн ордуудын нөөцийг нарийвчлан тогтоож, стратегийн орд газарт хамааруулах эсэхийг УИХ-д өргөн мэдүүлж, шийдвэрлүүлж байхыг Засгийн газарт даалгасан байдаг. Шийдвэрлүүлж байхыг гэснийг анзаараарай. Энэ нь нэг удаа жагсаалт гаргаад өнгөрөх биш. Аль нэг ордын нөөц дуусахад хасагдаад, шинээр илэрвэл нэмэгдээд байнга өөрчлөгдөөд явна гэсэн санаа.  

Тогтоол ёсоор, Монгол улс стратегид багтсан 15 орд, түүний цаана 39 нэр дэвшигчтэй болов. Батлагдсанаасаа хойш энэ тогтоол 5 оны нүүр үзэж байгаа. Гэвч үзэл санааг нь хэрэгжүүлэхийн тулд тэр гээд хэлчих тоймтой алхам хийгдсэнгүй.

Өнгөрсөн хугацаанд 39 орд хийгээд нэмж нэг ч ордын талаар Засгийн газар танилцуулаагүй. 39 ордоос стратегийн ордод тооцогдох нь аль, хасагдах нь аль   юм, бүү мэд. Хэрхэх нь мэдэгдэхгүй 39 ордын нэр хөдөлгөөнгүй байгаад байдаг. Араас нь сүүлийн  жилүүдэд нөөц тогтоогдсон 100-гаад орд жагсах магадлалтай гэдэг. Нэр бүхий 39 орд стратегийн ангилалд багтах уу, үгүй юу? 39 ордын жагсаалт дээр шинээр орд нэмэгдэх үү? Хэрвээ стратегийн ангилалд багтвал төрийн эзэмшлийн хувь, хэмжээг хэрхэн тогтоох вэ? Тэр хувь, эзэмшлээс нийтэд хэрхэн хүртээлтэй байлгах вэ? Энэ бүх асуулт таван он дамжин хариултгүй явж ирэв. Тэр хэрээр зөрчил маргаан, хардлага сэрдлэг үргэлж дагаастай. 

Стратегийн ордын талаар ойлгомжгүй зүйл их. Тодорхойлолт нь ч өөрөө бүрхэг, зөрчилтэй. Дээрээс нь хэрхэн ашиглах талаар  бодлого, чиглэл байхгүй. Тиймээс тодорхой ажил хийхэд бэрх гэсэн тайлбарыг мэргэжлийнхэн хийдэг.  

27 дугаар тогтоолоор стратегийн ордын жагсаалтыг гаргахдаа 3 үндэслэлийг баримталсан гэдэг. Тэр нь тухайн үед тогтоогдсон нөөцийн хэмжээ, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн эсэх гэсэн шалгуур байж. Харин гурав дахь нь стратегийн ордын тодорхойлолт. “Үндэсний аюулгүй байдал, улсын болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг” стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэх тухай тодорхойлолт Ашигт малтмалын тухай хуульд бий.  

Гэвч дээрх гурван үндэслэлийг шалгуур болгож ордуудыг жагсаахдаа мэргэжлийн баг ажиллуулалгүй, цэвэр улс төрийн шийдлээр асуудалд хандсан гээд салбарынхан ам муутай байдаг нь нууц биш. Тогтоол гарснаас хойших 5 жил бол Монголын геологи судалгааны ажил хувийн хэвшлийн нуруун дээр ноёрхсон үе. Тэгэхдээ хайгуулын ажил дэлхийн стандартаар хийгдэж, тэр л стандарт, кодоор нөөцийг баталгаажуулж байгаа үе цаг билээ. Сүүлийн таван жилд нээгдсэн ордуудыг дээрх гурван шалгуураар үнэлж үзвэл өмнөх 39-ийн жагсаалт эрс өөрчлөгдөн шинэчлэгдэх нь ойлгомжтой. 39 ордоос лицензийн талбай дахь нөөц нь барагдаж байгаа орон нутгийн чанартай уурхайнууд хасагдаж таарна.

Оронд нь олон улсын бирж дээр гарсан гадаадын хөрөнгө оруулалттай хайгуулын компаниудын орд газрууд түрэн орж ирэх магадлалтай.  Яагаад гэвэл бирж дээр гарсан компаниуд олон улсын стандартаар баталгаажсан ихээхэн нөөцүүдийг дэлхий даяар зарлаж байгааг бид өдөр бүр харж, сонсож байгаа. Гэсэн хэдий ч энэ л гурван шалгуураар   шинээр нээгдсэн бүх ордыг стратегийн гээд төр өөртөө төвлөрүүлээд байх уу. 27 дугаар тогтоолоор аваад үзвэл 50-60 уурхай төрийн мэдэлд очих уу гээд цаана нь бас л асуудлууд бий. Тэгэхээр дурдсан гурван шалгуурыг ч эргэж харах нь зүй.  
Ямартай ч стратегийн орд тойрсон бүрхэг асуудлууд хөдөлгөөнд орж, салхи сэвэлзэж мэднэ гэж хүлээх итгэл байна. 

Стратегийн ордын талаар санал боловсруулах Ажлын хэсэг Ашигт малтмалын газрын дэргэд байгуулагдан, тодорхой ажил хийж эхэлсэн тухай MMJ сэтгүүл мэдээлснийг уншигчид санаж байгаа биз ээ. Ажлын хэсэг стратегийн ангилалд орд газрыг бүртгэх 10 шалгуур үзүүлэлтийг шинээр боловсруулж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд танилцуулснаа ЭБЭХЯ-д хүргүүлээд байгаа. Дурдсан гурван үзүүлэлт нэмэгдэж хасагдсан эсэх нь тодорхойгүй. Юутай ч илүү нарийвчилсан арван шалгуур үзүүлэлтээр Стратегийн ангилалд орд газрыг бүртгэх ёстой гэсэн байр суурь Ашигт малтмалын газрынх аж. Тодорхой шийдвэр гараагүй, тооцоо судалгаа хийгдэж байгаа гэдэг үндэслэлээр Ашигт малтмалын газар, ЭБЭХЯ аль аль нь энэ талаар мэдээлэл өгөхийг хүсэхгүй байна. Гэхдээ Ашигт малтмалын газраас салбарын яамдаа танилцуулсан судалгаагаар бол дээрх 39 ордын жагсаалт нэлээд өргөжин нэмэгдэж байгаа бололтой. Ажлын хэсэг нэлээд тооны ордыг 39 дээр нэмж оруулсан сураг байна.

Мөн стратегийн орд газрын хилийн заагийг нарийвчлан тогтоох ажлыг ч Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс хийж байгаа аж. Хилийн заагийг тогтоож өгөөгүйгээс ашиглалтын талбай давхардуулан олгосон маргаантай асуудлууд уул уурхайн ордууд дээр үргэлж гарсаар ирсэн. Энэ бүхнийг нэг тийш цэгцлэх нааштай эхлэл юм.  

Юутай ч дээрх мэдээллээс 27 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх суурь судалгаа, тооцоолол хийгдэж байна уу гэж харж болохоор байна. Энэ бүхний үр дүнд стратегийн орд гэх ойлголт шинэчлэгдэж, стратегийн гэх ордын шинэ жагсаалт гарч ирнэ. Ажлын хэсгийн хийсэн ажлыг ЭБЭХЯ хүлээн зөвшөөрвөл дээрх тогтоол гарснаас хойших тооцоо судалгаа бүхий мэргэжлийн байгууллагын анхны санал, шинэчилсэн жагсаалтыг Засгийн газар УИХ-д өргөн барина гэсэн үг. Гэхдээ сонгуулиас өмнө амжихгүй нь ойлгомжтой.

Энэ үед MMJ 27 дугаар тогтоолын 2 дахь хавсралтад багтсан 39 ордын талаарх ерөнхий мэдээллийг хүргэж байна. Эдгээр орд газарт өнөөдөр ямархуу үйл ажиллагаа явагдаж, ямар байгууллага, хүмүүс эзэн сууж байгааг бидэнд олдсон мэдээллийн хэмжээнд танилцуулахыг хичээлээ.

1. Улаан-Овоогийн нүүрсний орд

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын төвөөс баруун тийш 7 км, Шаамарын төмөр замын өртөө болон Улаанбаатар Сүхбаатар чиглэлийн засмал замаас 120 км, Улаанбаатар хотоос 430 км-т оршдог. Ордын хайгуулыг улсын хөрөнгөөр хуучин Зөвлөлтийн геологчид 1970 оноос хойш хийж, 208 сая тонн сайн чанарын эрчим хүчний нүүрсний нөөцтэйг тогтоожээ.
Улаан-Овоогийн ордыг одоо   Канадын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Професи коал” компани эзэмшиж байна. Тус компани 2006 оноос ордыг хэсэгчлэн авсаар 2010 оноос бүрэн эзэмших болжээ. 2010 онд уурхайгаа ашиглалтад оруулсан байна. Ордын ТЭЗҮ-г Австралийн “Минарко-Майн Консалт” компани хийсэн бөгөөд нөөц нь 209 сая тонн бөгөөд үүний 174,5 сая нь бодит, 34,3 сая нь боломжит нөөц юм. Уурхайн жилийн хүчин чадлыг 6,0 сая тонн байхаар төлөвлөжээ.

Компани 2011 оны есдүгээр сараас хойш 188915 тонн хүрэн нүүрс олборлон борлуулаад байгаагийн 8055 тонныг ОХУ-д, 23543 тонныг Монголын хувийн компаниудад, үлдсэн 15717 тонныг төрийн мэдлийн цахилгаан станцад борлуулжээ. 2012 онд 228388 тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсны дийлэнхийг Дархан, Эрдэнэтийн цахилгаан станцад нийлүүлэх юм байна. 2012 онд Улаан-Овоогийн уурхайн нүүрснээс их хэмжээгээр худалдан авах саналыг Оросоос хүлээн авсан ч Зэлтэрийн хилийн боомт болон Татварын ерөнхий газраас экспортын татварын схемийг шинэчлэхийг хүлээн Орос руу хийх борлуулалтаа хойшлуулжээ. Зэлтэрийн боомтыг нээж, байнгын ажиллагаанд шилжүүлэх саналыг холбогдох байгууллагуудад тавиад байгаа. Удахгүй нээгдэх итгэл бий.  Энэ боомт нь Улаан-Овоогийн нүүрсийг ОХУ болоод Транссибирийн төмөр замаар дамжуулан Зүүн өмнөд Азийн бүс нутагт борлуулахад чухал ач холбогдолтой юм.    
“Професи” Улаан-Овоогийн нүүрсний ордын төслийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ Зэлтэрийн сав газарт эрэл хайгуулын ажил явуулж байгаа.

2. Өвдөгхудагийн нүүрсний орд

Дундговь аймгийн Баянжаргалан, Өндөр­шил сумын нутагт орших тус ордын хайгуулыг социализмын үед улсын хөрөнгөөр хийжээ. Улаанбаатар-Сайншандын чиглэлийн төмөр замаас холгүй оршдог. Тухайн үеийн судалгаагаар 169.2 сая.тонн нөөц тогтоогджээ. “Талын шигтгээ” ХХК лицензийг нь эзэмшдэг бөгөөд одоо ашиглаж байгаа. 2011 онд нөөцийн тодотгол тооцооны ажил гүйцэтгэсэн. 324,9 сая.тн нөөц тогтоогдсон байна.

Манай улс 1970-аад оноос нүүрс шингэрүүлэх чиглэлээр судалгаа хийж эхэлсэн бөгөөд Өвдөгхудагийн нүүрс хамгийн сайн буюу шингэрүүлэх зэрэглэл 90 гаруй хувьтай гарсан байдаг. Өвдөгхудагийн нүүрс, шатах занарын ордуудыг геологийн талаар нарийвчлан судалж заримыг нь туршилтаар ашиглаж үзсэнээс гадна ирээдүйд Тавантолгой, Оюутолгойн чиглэлд тавигдах төмөр замын дагуу оршдог давуу талтай.

3. Баянтээгийн нүүрсний орд

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутаг дахь энэхүү орд аймгийн төвөөс 130 км, Улаанбаатар хотоос 560 км зайд оршино. Ордыг 1961 онд илрүүлсэн бөгөөд 1978 онд нарийвчилсан хайгуул хийж нүүрсний нөөцийг үйлдвэрлэлийн зэргээр тогтоожээ.

Баянтээгийн уурхай орон нутгийн өмчит “Баянтээг” ХК-ийн эзэмшилд байдаг. 1962 онд жилд 25,0 мян.тн нүүрс олборлох хүчин чадалтай уурхай байгуулж, зэргэлдээ сумдыг түлшээр хангаж ирсэн бол одоо Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгуудыг нүүрсээр хангаж байна. Баянтээгийн нүүрсний орд дээр 1978 онд гүйцэтгэсэн нарийвчилсан хайгуулаар нөөцийг үйлдвэрлэлийн зэрэгт шилжүүлэн 29.6 сая/тн-оор дахин тогтоосон байна. Үүнээс одоогийн байдлаар 4.6 сая тн-г олборлоод байгаа. Нөөцийн тооцоонд хуучин болон шинээр тогтоогдсон нөөцийг нэгтгэж оруулсан байна. Нөөцийн тооцооноос харахад усгүй хэсэгт 1661.0 мян тн нүүрс, нийт нөөцийг ил аргаар олборлоход боломжтойг тогтоожээ.

Баянтээгийн нүүрсний уурхай MV-00367 тоот тусгай зөвшөөрлөөр 584 гектар талбайд нүүрс олборлох үйл ажиллагаа эрхэлдэг. Өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангахын тулд төрөөс уул уурхайн томоохон орд газруудыг түшиглэн хэд хэдэн дулааны цахилгаан станц барихаар төлөвлөж байгаагийн нэг нь Баянтээгийн уурхай. Уурхайг түшиглэж 40 мвт-ын дулааны цахилгаан станц барих төлөвлөлт бий. Мөн “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгдүгээр үе шат буюу 2008-2015 онд Баянтээгийн нүүрсний уурхайг түшиглэн дунд хүчин чадлын нүүрсний хийн станц барьж байгуулах төлөвлөгөө ч гарсан байна.

4. Нүүрст хотгорын хүрэн нүүрсний орд

Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт орших энэ ордыг баруун бүсийн хөгжилд чухал нөлөөтэй томоохон орд гэж үздэг. Энд орон нутгийн чанартай уурхай үйл ажиллагаа явуулж байснаа 2001 оноос хувийн хэвшилд шилжсэн. Увсаас гадна Баян-Өлгий аймгийг нүүрсээр хангадаг.

2010 оны 12 дугаар сард БНСУ-ын төрийн мэдлийн “Korea coal”  корпораци уурхайн хувьцааны дийлэнхийг худалдан авчээ. “Korea coal” корпорацийн мэдэгдэлд дурдсанаар, Нүүрст хотгорын уурхайн нийт хувьцааны 51 хувийг 10 сая доллараар худалдан авчээ. Нүүрст хотгорын ил уурхай нь 109 сая тонн нүүрсний нөөцтэй. Уурхайн нөөц их учир жилийн олборлолтын хэмжээ илт нэмэгдлээ ч 30-40 жил ашиглах боломжтой юм. 2011 онд уурхайг нээж, үйл ажиллагаагаа албан ёсоор эхэлсэн байна. 2012 оноос 300,000 тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэйгээр ажиллаж байгаа бөгөөд цаашдаа жилд олборлох хэмжээгээ 1-2 сая тоннд хүргэх зорилттой. Хотгорын уурхайгаас олборлосон нүүрсээ хөрш зэргэлдээх Оросын Тува, Алтай, Хятадын  Шинжаан руу борлуулахаар нүүрс нийлүүлэх гэрээний ажил хийгдэж байгаа.

Уурхайн нийт талбай нь 128,7 км.кв бөгөөд ашиглах эрх бүхий талбай дахь нөөцийн хэмжээ 109,000,000 тонн. Түүнчлэн судалгаа хийгдээгүй газар нутаг дахь нүүрсний нөөц нэлээд их хэмээн тааварлаж байгаа бөгөөд үүнийг ашиглах тохиолдолд дэлхийн хэмжээний уурхай болох магадлал өндөр гэсэн тооцоо байгаа аж.

Мөн шинээр олборлолтын эрх аваад буй Канад, Монголын хөрөнгө оруулалттай “Mongolia-Minerals” компани нь 2012 оны хоёрдугаар  сард Хотгорын нүүрсний орд газарт лиценз бүхий орд худалдаж авчээ. Тус компанийн төлөөлөл “Манай компани Хотгороос нүүрс олборлох ТЭЗҮ-гээ хийж байгаа. Үүнийгээ хийсний дараа Баян-Өлгий аймгийн Даянгийн боомт хүртэл 325 километр даацын сайжруулсан авто зам тавьж Хятадын Шинжаан руу олборлосон нүүрсээ хүргэнэ. Тэнд Монголын нүүрсээр цахилгаан гаргаж авахаас гадна үйлдвэрийн үйл ажиллагаа явуулах болно” гэжээ. Нүүрст хотгорын орд газрын тухайд арваад байгууллага, аж ахуйн нэгж хайгуул болон ашиглалтын лиценз эзэмшдэг байна.

5. Хар тарвагатайн орд

Увс аймгийн Өмнөговь, Тариалан сумын нутаг дахь Хар тарвагатайн орд 23 сая 430 тонн нүүрсний нөөцтэй нь тогтоогдон одоо ашиглагдаж байна. Тариалан сумын төвөөс 90 км зайд оршдог. Социализмын үед ойролцоохь гурван сум, хилийн заставын хэрэгцээг хангах зорилгоор судалгаа хийж илрүүлжээ. Хар тарвагатайн нүүрсний уурхай 1964 оноос ажиллаж байгаа. Увс, Ховд аймгийн нүүрсний хэрэгцээг хангадаг, орон нутгийн чанартай уурхай юм. Хар тарвагатайн ордыг түшиглэн, цахилгаан дулааны станц барих төлөвлөгөө бий. Цаашдаа Увсын Хотгор шанага, Хар тарвагатайн уурхайгаас Баян-Өлгийн Даянтын боомт руу тээвэрлэлт хийгдэхээр яригдаж байна. 
Хар Тарвагатайн нүүрсний давхаргын хучаас хурдасны зузаан бага учир ил аргаар ашиглахад уул техникийн нөхцөл нь тохиромжтой. Ордын нөөцийг өсгөх ч боломжтой.

6. Адуунчулууны нүүрсний орд

Дорнод аймгийн Чойбалсан хотоос 6 км, Улаанбаатар хотоос зүүн тийш 665 км-т, Монгол-Хятадын хилээс 100 орчим км-т байрладаг. 1951-1952 онд Баянбулагийн ордын үргэлжлэл талбайд К.Б.Столоковын удирдлагаар хийсэн ураны эрдэсжилт судлах  ажлын үр дүнд ордоос зүүн урагш 16 км-ын зайд Адуунчулууны хүрэн нүүрсний ордыг анх илрүүлжээ. 1962 онд нүүрсний нөөц тогтоох, 1965, 1981 онд гидрогеологийн судалгаа, 1975 онд үйлдвэрлэлийн геологи хайгуулын ажил, 1988-1989 онд геологийн нарийвчилсан хайгуулын ажлууд хийгдэж, ордын геологийн хилийн заагийг бүрэн тогтоожээ. Ордын нийт нөөц нь 423,8 сая тн, үүнээс балансын нөөцийг 241.3 сая тн гэж тогтоосон байна.

Адуунчулууны нүүрсний уурхай 1955 онд анх ахуйн хэрэглээний зориулалтаар бага хэмжээний олборлолтын ажил эхлүүлж, 1955-1966 онд далд аргаар 2,0-11,0 мян.тн нүүрс олборлож байжээ. Хүчин чадлаа бага багаар ахиулсаар 1979 оноос жилийн хүчин чадал 600 мян.тн/жил болж өсөн нэмэгдэн, манай улсын томоохон үйлдвэр болсон түүхтэй. Тус уурхай 2012 онд 420 мянган тн нүүрс олборлон Дорнод бүсийг хангах төлөвлөгөөтэй ажиллаж байна. 1995 онд төрийн өмчит хувьцаат компани, 1999 онд хувийн өмчид бүрэн шилжиж, анхны хувийн уурхай болжээ. “Адуунчулуун” ХК нь далд аргаар ашиглалт явуулж байгаад ил ашиглах нөөц багассанаас өөр компанийн талбайд олборлолт явуулж байгаа аж. Тодруулбал, “Найнги” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайд “Газар хамтран ашиглах гэрээ”-гээр олборлолт явуулж байна.

Энэхүү тусгай зөвшөөрлийн хоёр талбайг тойруулан ордын нүүрсний нөөц бүхий талбайд МАК ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй. Адуунчулууны чийглэг их, илчлэг бага хүрэн нүүрсийг тээвэрлэн дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэх нь эдийн засгийн хувьд үр ашиггүй. Тиймээс МАК Адуунчулууны нүүрсийг хатааж, өндөр илчлэгтэй брикет үйлдвэрлэх туршилтыг Герман, Австралид хийж гүйцэтгэсний үр дүнд ордыг түшиглэн жилд 1 сая тонны хүчин чадалтай брикетийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна. Мөн нүүрснээс жилдээ 400,000 тонн шатахуун гаргаж авах хүчин чадалтай үйлдвэрийг Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт орших Адуунчулууны ордыг түшиглэн байгуулах гэж байна. АИ-92 бензиний түвшинд дүйцэх шингэн түлш үйлдвэрлэх тус үйлдвэрийн жилийн хүчин чадал дотоодын жилийн хэрэгцээний 40 орчим хувийг хангах төдийгүй зах зээлд хямдаар нийлүүлэгдэх боломжтой гэж үзэж байгаа. Адуунчулууны нүүрсний орд нөөцийн хувьд зөвхөн А талбай 283,7 тонн бөгөөд түлшний үйлдвэрийг 47 жил хангах боломжтой юм. МАК-ийн эзэмшиж буй талбайн хэмжээнд 400 сая тонн хүрэн нүүрсний баялагтай. МАК-ийн геологчид нарийвчилсан хайгуул хийж, уг баялгийг ашиглалтын нөөцөд бэлтгэж байна.

Дорнод аймагт 100 мВт-ын ДЦС барих төслийг ТӨХ боловсруулж, хөрөнгө оруулагч хайж байгаа юм. Шинээр баригдах ДЦС нь жилд 909.1 мянган тонн хүрэн нүүрс хэрэглэж, 521.2 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэж, 479.5 сая кВт/ц-ийг нь түгээх хүчин чадалтай байх аж. Энэ станцад шаардлагатай нүүрсний хэрэгцээг Адуунчулууны уурхайгаас хангах нь хамгийн тохиромжтой хэмээн тооцож байгаа. Учир нь тус уурхай станцаас ердөө долоохон километр зайтай бөгөөд автозамаар холбогдсон. Мөн төмөр замын Баянтүмэн өртөөтэй 5.5 км төмөр замаар холбогдсон зэрэг давуу талтай. 
Тус орд нь ОХУ-ын Соловьевск өртөөтэй 254 км төмөр замаар, БНХАУ-ын хилийн Архашаат боомттой 130 км авто замаар холбогддог нь гадаадад бүтээгдэхүүнээ гаргахад газар зүйн байршлын хувьд нэн тохиромжтой.

7. Тэвшийн говийн хүрэн нүүрсний орд

Дундговийн Сайнцагаан сумын нутаг дахь Тэвшийн говийн хүрэн нүүрсний орд 923,2 сая.тн нөөцтэйг Орос, Монголын геологичид тогтоосон байна. Энэ нь Тавантолгойн ордын дараа орох нөөц бөгөөд тухайн үедээ манай улсын хүрэн нүүрсний батлагдсан нөөцийн 60 хувийг эзэлж байжээ. Тэвшийн говийн нүүрсний уурхай нь ТЭХГУУ-н яамны сайдын тушаалаар 1990 онд жилдээ 50000 тн нүүрс олборлон борлуулах хүчин чадалтайгаар байгуулагджээ. 3370к/кал илчтэй ил аргаар ашиглах нөөц 500.0 сая тонн гэж тогтоогдсон байна.

Тэвшийн говийн нүүрсний уурхай байгуулагдсан цагаасаа хойш хагас сая орчим тн нүүрсийг олборлон дундговьчууд болон зэргэлдээ аймгуудад нийлүүлжээ. Одоо хувийн хэвшилд 100 хувь шилжин “Тэвшийн говь“ ХХК-ийн хэлбэрээр ажиллаж байна. Дундговь аймгийн төв, Эрдэнэдалай, Луус, Дэлгэрцогт, Дэрэн, Адаацаг сумууд болон Төв аймгийн урд талын зарим сумдыг нүүрсэн түлшээр, Мандалговь хотын зүүн жигүүрийг дулааны эрчим хүчээр хангадаг.

Тавантолгойн ордоос хойд зүгт 300 км орчим зайд байх Тэвшийн говь хэмээх нэг тэрбум шахам тонн хүрэн нүүрсний нөөцтэй энэхүү томоохон орд дэд бүтцээс алслагдсан байршил болон нүүрсний чанараас шалтгаалан зах зээлийн эргэлтэд төдийлөн орж чадахгүй байна.

8. Талбулагийн хүрэн нүүрсний орд

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дахь 1970 онд ашиглалтад орсон Талбулагийн ордын уурхай 1997 онд хувьчлагдаж, “Талын гал” компанид очжээ. Төмөртийн Овооны уулын баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор тус үйлдвэр “Дорнод бүсийн цахилгаан шугам сүлжээ” ХК-ийн хамгийн том хэрэглэгч болсон төдийгүй Талбулагийн нүүрсний уурхайн жилийн хүчин чадлыг 50 хувиар нэмэгдүүлж, 15.0 мянган тонн нүүрс авч хэрэглэж байна.

Сүхбаатар аймгийн төвөөс 35 км-ийн зайтай орших энэхүү орд газарт Талбулагийн уурхайгаас гадна нүүрсний шинэ уурхай ашиглалтад оржээ. “Энгүй тал” ХХК уул уурхайн чиглэлийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглан олборлолт явуулж, Сүхбаатар аймгийн нүүрсний хэрэгцээг бүрэн хангах хүчин чадалтай шинэ уурхайг өнгөрсөн жил ашиглалтад оруулсан байна. Уурхай нийтдээ 8-10 сая тонн нүүрсний нөөцтэй, жилийн олборлолт 50-60 мянган тонн байх юм. Ийнхүү энэ орд дээр нүүрсний хоёр уурхай ажиллаж байна.

9. Чандгана талын нүүрсний орд

Чандгана тал нь Хэнтий аймгийн Мөрөн сумын төвөөс зүүн тийш 25 км, аймгийн төв Өндөрхаанаас зүүн тийш 53 км зайд оршино. Чандганы нүүрсийг анх 1941 онд Оросын геологийн хайгуулын судалгаагаар нээсэн бөгөөд 1962-1963 онд нарийвчилсан хайгуул хийжээ. 1967 онд нүүрсний уурхай нээгдэж, жил бүр 20 хүртэл мянган тонн нүүрс олборлон Өндөрхаан хот болон ойр орчмын сумдын хэрэгцээг хангаж ирсэн байна. Энэ ордод хэд хэдэн компани лиценз эзэмшдэг. Ордын нийт нөөц нь 1.2 тэрбум гэдэг.

Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Канадын хөрөнгө оруулалттай “Професи коал” компанийн 100 хувь эзэмшдэг Чандгана нүүрсний төсөл нь Монголын Нялга нүүрсний сав газрын зүүн хойд хэсэг болох энэ орд газарт оршдог. Энэ төсөл нь 141 сая тонн хэмжиж тогтоосон нөөцтэй Чандгана тал, 1.000 сая тонн хэмжиж тогтоосон нүүрсний нөөцтэй Чандгана хавтгай гэсэн хоёр үндсэн нүүрсний орд газартай. Ордууд нь хоорондоо 9 км зайтай бөгөөд дэд бүтэц, тосгод, зам, цахилгаан дамжуулах шугамтай ойрхон байршдаг. Чандгана нь хатуу хучилттай замаар Улаанбаатар болон төмөр замтай холбогддог. Тиймээс урд зүгт Хятадтай, хойд зүгт Оростой шууд холбоотой. Чандгана тал нүүрсний төсөл нь 140 сая тоннын   ашиглалтын үүнтэй залгаа 300 га газарт хайгуулын тусгай зөвшөөрөлтэй.

“Професи” нь 2011 оны хоёрдугаар сард 141 сая тоннын нөөцтэй уурхайн ашиглалтын лицензийг Ашигт малтмалын газраас авсан. 2011 оны арваннэгдүгээр сард Чандгана нүүрсний уурхай дээрээ 600 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих албан ёсны зөвшөөрлөө авчээ. 600 МW цахилгаан станцыг Професигийн эзэмшлийн газар барих бөгөөд Чандганы нүүрсний төслөөс жил бүр 2,4 сая тонн нүүрсийг хэрэглэнэ. Чандгана талын 150 сая тонн нүүрсний нөөцтэй гэх ордоос эхний ээлжинд жил бүр 2.4 сая тонн нүүрсийг тус цахилгаан станцад хэрэглэнэ. Харин өргөтгөсний дараа 1.05 тэрбумын нөөцтэй Чандгана хавтгайн ордоос энэ станцын нүүрсийг хангах аж. «Професи коал» корпораци нь нүүрс зөөвөрлөснөөс цахилгаан эрчим хүч дамжуулах нь илүү үр дүнтэй гэж үзэж байгаа. Чандганы уурхайн аман дээр барих «Професи коал» корпорацийн 600 МВт хүчин чадал бүхий цахилгаан станцын барилгын ажил 2013 онд эхэлнэ. Эхний үед Монгол улсын эрчим хүчний хомсдолыг арилгаж улмаар хүчин чадлын хэмжээг 4200 МВ хүртэл нэмэгдүүлэн эрчим хүч болон бусад дэд бүтцийн дамжуулалтыг өргөжүүлснээр алсдаа хөрш Хятад улс руу эрчим хүч экспортлох хэтийн төлөвийг харж байгаа.

10. Хөөтийн хонхорын нүүрсний орд

Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутаг дахь 104,2 сая.тн нөөцтэй Хөөтийн хонхрын хүрэн нүүрсний ордыг 1954-1980 онд улсын төсвийн хөрөнгөөр эрэл хайгуулын ажил явуулсны үр дүнд нээн илрүүлсэн. Хөөт нь Улаанбаатар-Сайншандын чиглэлийн төмөр замаас холгүй оршдог.

Хөөтийн шатдаг занар, нүүрсний ордод 1444 га талбайд “Монголын Алт” (МАК) компани ашиглалтын тусгай зөвшөөрөлтөй. Ордын хэмжээнд 487 сая тонн шатдаг занар (32 сая тонн занарын тос), 190 сая тонн нүүрсний баялаг тогтоогджээ. Цаашид нарийвчилсан хайгуул хийж, шатдаг занар болон нүүрсний баялгийг ашиглалтын нөөцөд бэлтгэх ажлууд хийгдэж байгаа. Шатдаг занарыг боловсруулан нийлэг нефть үйлдвэрлэх зорилгоор Хятад, Канад, Эстони, Бразилийн компаниудтай хамтран ажиллаж, технологийн туршилт, судалгааны ажлыг гүйцэтгэж байна. Цаашид шатдаг занарын нарийвчилсан хайгуул, хагас үйлдвэрийн туршилтыг гүйцээж, урьдчилсан ТЭЗҮ боловсруулах ажлыг хийж гүйцэтгэх төлөвлөгөөтэй байгаа. Мөн шатдаг занараас халууны задралын аргаар нефтьтэй төстэй шингэн бүтээгдэхүүн гаргаж авах судалгааны ажлууд  хийж байсан. Энэ судалгааны дүнд Дундговийн Баянжаргалан сумын Хөөт, Ээдэмтийн ордууд органик бодисын агууламж өндөртэйг тогтоосон. Хөөтийн орд газарт одоо МАК компани уурхайн ам нээн ажиллуулж байна.

11. Хөөтийн нүүрсний орд

Дорнод аймгийн Матад сумын нутагт оршдог. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн. Дорнод аймгийн Хөөтийн хүрэн нүүрсний ордыг 1973-1979 онд А.Дамиран нарын геологчид нээн илрүүлжээ. Хөөтийн ил уурхайг одоо “Буман-Олз” компани ажиллуулж байгаа. 2011 онд “Буман олз” компани 120 мянган тонн хүрэн нүүрс олборложээ. Хөөтийн нүүрсийг түшиглэн шахмал түлшний үйлдвэр байгуулах хэтийн зорилт бий. Уул уурхайн ашигт малтмалын бүтээгдэхүүнийг тээвэрлэх авто зам барих төлөвлөгөөнд нэлээд олон чиглэл багтсаны нэг нь Дорнод аймгийн Матад сумын Хөөтийн уурхайгаас Бичигт боомт руу барих хатуу хучилттай авто зам юм.

12. Налайхын нүүрсний уурхай

Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн энэ орд одоо уул техникийн нөхцөл хүндэрсэн гэсэн тодотголтой явж байгаа. Богд хаант Монгол улсын үед хятадууд гар аргаар чулуун нүүрс олборлож, Их хүрээ рүү зөөвөрлөдөг байснаа 1920 онд томоохон уурхай байгуулсан гэдэг. 1922 онд Ардын засгийн газрын тогтоолоор Автономитын үед гадаадынханд олгосон уул уурхайн бүх зөвшөөрлийг хүчингүй болгож, Монголын нутаг дэвсгэр дээрх газрын баялаг эзэмшигчдээс татвар хураах дүрмийг баталж байжээ. 1922 оны арванхоёрдугаар сарын 25-нд хятадуудын ажиллуулж байсан уурхайг Монголын анхны улсын үйлдвэр хэмээн бүртгэн авснаар нийслэл хотыг нүүрсээр хангах зориулалттай бэсрэгхэн үйлдвэр байгуулагдсан юм. 1954-1958 онд технологийн шинэчлэл хийж, Налайхын Их уурхайг барьж байгуулсан байна. Тэр үед 1200-гаад ажилтантай, 200 гаруй инженертэй том уурхай байжээ. 1995 оны нэгдүгээр сарын 15-нд ТЭХГУУЯ-ны Сайдын 111 дүгээр тогтоолоор Налайхын их уурхайг хааж, үйл ажиллагааг нь зогсоосон түүхтэй.

Өнгөрсөн хугацаанд уурхайчид уурхайгаа тонож дуусган, үлдсэн нурангид нь уурхай нээж, нүүрс гаргасаар буй. Налайхын уурхай гэж нэрлэгддэг энэ газарт одоо 300 орчим аманд 2000 гаруй хүн амь насаараа дэнчин тавин эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна. Ихэнх нь зөвшөөрөлгүйгээр гар аргаар нүүрс олборлодог.

Налайхын уурхайн нөөцийг тухайн үедээ Монгол, Оросын геологчид маш нарийн судалж, 75 сая тонн бөгөөд ашиглалтын нөөцийн хэмжээ нь 15 сая гэж тогтоожээ. 1978 онд Оросуудын төслөөр судалгаа хийж, дээр дурьдснаас ч илүү нөөц байх магадлалтай гэсэн дүгнэлт гаргасан байна. Монголын хамгийн дэлгэрэнгүй, бараг 6 үе шаттайгаар хайгуул хийж, нөөцийг нь нарийн тогтоосон газар бол Налайхын уурхай. 1955 онд Налайхын их уурхай ашиглалтад орсноос хаах хүртэлх 50 жилийн хугацаанд нийт нөөцийн гуравны нэг хувь буюу 25 сая тонныг ашигласан мэдээ байдаг. Үүгээр тооцож үзвэл 50 гаруй сая тонн геологийн нөөц бий. Энэ нь нийслэлийн жижиг, дунд үйлдвэрүүд болон хүн амын нэг жилийн хэрэгцээг 1.5 сая тонн гэж үзэхэд 30-50 жил хангах боломжтой гэж мэргэжилтнүүд үздэг.

Налайхын уурхайн нүүрсний талбайг үндсэндээ гурав хуваадаг байна. Төв хэсгийг нь олборлочихсон. Харин хоёр жигүүрийн нүүрсэнд огт хүрээгүй гэдэг. Нүүрсний 60 гаруй хувь нь баруун талдаа байдаг. Зүүн жигүүрийн нүүрс нь голд ойрхон учраас ашиглаж болохгүй, гадаргаас нь олборлох ёстой гэж үздэг байна. Одоо тэр хэсэгт тоосгоны үйлдвэр ажиллаж байгаа.

Мөн Налайх нь эргэн тойрондоо алт, мөнгө, цагаан алт, төмөр, хөнгөн цагаан, цагаан тугалга, өнгөт ба усан болор, жонш, шохой зэрэг эрдэс баялгаар арвин.

13. Алагтогоогийн чулуун нүүрсний орд

Дорноговь, Даланжаргалан сумын нутагт оршдог. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, нэмэлт хайгуулыг хувийн хөрөнгөөр хийсэн. 1998 онд МАК-ийн геологчид Алагтогоогийн орд дээр нэмэлт хайгуул хийж, мөн ондоо нүүрсний уурхайн шав тавьж, улмаар олборлосон нүүрснийхээ анхны ачилтыг Улаанбаатар хотын 2-р цахилгаан станцад хийсэн байдаг. 2000 онд Алагтогоогийн нүүрсний орд газрын Элдэвийн хэсэгт нүүрсний ил уурхайн шав тавьсан. 2002 онд Алагтогоогийн орд дахь Элдэвийн нүүрсний уурхайгаас анх удаа нүүрсний экспортын ачилтыг төмөр замаар хийсэн байдаг. Тэр жилдээ тус ордоос нийт 256,842 тонн нүүрс олборлосон байна. 2007 онд Алагтогоогийн ордоос нийт 302,000 тонн нүүрс, Чинхуа МАК хамтарсан компани 1,547,000 тонн нүүрс олборложээ. Элдэвийн уурхайн тусгай зөвшөөрлийн талбай 420,3 га, эдэлбэр талбай 151 га.

14. Зээгтийн хүрэн нүүрсний орд

Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутагт орших Зээгтийн хүрэн нүүрсний ордод социализмын үед улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийжээ. Орон нутгийн чанартай уурхай байгуулан ойролцоох сумдын хэрэгцээг хангаж байсан энэхүү орд дээр одоо “Гоби коул энд энержи” компани үйл ажиллагаа явуулж байна.

Энэ нь ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг гадаадын хөрөнгө оруулалттай компани юм. Виржинийн арал дээр бүртгэлтэй. Тус компани Зээгтийн орд дээр 1997 онд 905А ашиглалтын лиценз авчээ. Лицензийн талбай нь 25 га. Мөн тус ордын Шар хоолойн хэсэгт 11965А, 14217А гэсэн хоёр лицензийг 2006 онд авсан байна. Зээгтийн нүүрсний уурхайд “Гоби коул энд энержи” 2010 оны арваннэгдүгээр сараас эхлэн хөрс хуулалт хийж, 5900 тонн нүүрс олборлон аймгийн төв болон сумдын нүүрсний хэрэгцээг хангаж эхэлжээ. Зээгтийн чулуун  нүүрсний ордыг ил уурхайн аргаар ашиглах ТЭЗҮ-г энэ онд батлуулсан байна. ЖОРК-оор 93 сая тонн коксжих нүүрсний нөөц батлуулсны 64 сая тонн нь батлагдсан нөөц юм. Мөн Зээгтийн өвөр нэртэй хэсэгт 633,49 га газрыг хамарсан 009761 хайгуулын лицензтэй бөгөөд хүчинтэй хугацаа нь ирэх жилд дуусна. Зээгт төслөө 2014 оноос ашиглахаар төлөвлөж байгаа. Энэ оны хоёрдугаар хагаст Торонтогийн бирж дээр нэмэлт санхүүжилт олохоор нийтэд хувьцаагаа санал болгохоор төлөвлөжээ.  

Зээгтийн орд дээр хайгуулын лицензтэй хэд хэдэн компани бий. “Гобиконсолидетед” компани Зээгтийн өвөр нэртэй хэсэгт 857,49 га газарт XV-016740 хайгуулын лицензтэй бол лицензийн тоогоороо толгой цохьдог “Тефис майнинг” хайгуулын дөрвөн ч лиценз эзэмшиж байна. Зээгт 2 нэртэй газарт 5058,6 га газарт XV-009422 лиценз, Зээгт-2-3 хэсэгт 2683.92 га газарт XV-013803 лиценз, Зээгт-2-2 хэсэгт 2117.23 га газарт XV-013804 лиценз, Зээгт-2-1 хэсэгт 4489.72 га газарт XV-013805 гэсэн тусгай зөвшөөрлүүдтэй бөгөөд хугацаа нь 2014 онд дуусах юм байна.

15. Могойн голын нүүрсний орд

Могойн голын чулуун нүүрсний орд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт Мөрөн хотоос баруун зүгт 223 км зайтай оршино. Ордыг Хөвсгөл аймгийн Геологи хайгуулын анги 1967-1970 онд нээжээ. 1976-1978 онд Улаанбаатарын геологийн экспедицийн IX анги нарийвчилсан хайгуулаар 15508.6 мянган тонн нүүрсний нөөцтэй хэмээн тооцож, ОХУ-ын стандартаар “Ж” маркад хамаарна гэсэн дүгнэлт гаргаж байв. Нөөцийг нарийвчлан тооцсоноор танилцуулбал, А+В-1,16 сая тонн, С1-2,89 сая тонн, А+В+С1-4,06 сая тонн. Энэ нь үйлдвэрлэлийн аргаар ашиглах боломжтой бодитой нөөц юм. Цаашид хайгуул үргэлжлүүлэн хийж, нөөц батлах шаардлагатай таамаг нөөцийг С2-11,44   сая тонн гэж тогтоож байжээ. Хожим 1992 онд уг орд газарт дахин хайгуул судалгааны ажил хийж, Могойн голын ордын зүүн талын үргэлжлэл дээр үеийн суналын дагуу нүүрсний нөөц байгааг тогтоосон байна.

Энэ орд дээр 1971 онд орон нутгийн чанартай уурхайг ашиглалтад оруулсан байна. Уурхай ордын үндсэн талбайд 66 мянган га газрыг эзэлдэг аж. Тухайн үед дундаж ашиглалтын насыг 30 жилээр тооцож байжээ. Хөвсгөлөөс гадна Завхан аймгийг нүүрсээр хангадаг. Орон нутгийн 51 хувийн өмчтэй Могойн голын уурхай одоо хүчин чадлынхаа 10 хувийг ашиглан улирлын чанартай ажилладаг. Жилдээ 10 гаруй мянган тонн нүүрс борлуулдаг байна. “Могойн гол” компани нь 89,73 га газрыг хамарсан MV-000384 тоот ашиглалтын лицензтэй. Мөн 85,21 га газрыг хамарсан XV-013841 хайгуулын лицензтэй бөгөөд 2009 оны эхний байдлаар ашиглалтад бэлдсэн нөөц хоёр сая 207,9 мянган тонн, таамаг нөөц нь 11 сая 441,6 мянган тонн гэсэн үзүүлэлт гарчээ.

Ордыг түшиглэн 60 мгвт-ын хүчин чадалтай дулааны станцыг Хятадын хөрөнгө оруулалттай “Шинэ Азиа Майнинг” групп байгуулахаар барилгын ажлаа эхлүүлээд байгаа. Тус компани ДЦС-ыг барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр хэрэгжүүлэхээр 2011 онд Төрийн өмчийн хороотой Концессын гэрээ байгуулан шаардлагатай зөвшөөрлүүдээ авчээ.

Томоохон ордууд, тэр дундаа нүүрсний ордыг хэсэгчлэн хувааж лиценз олгосон явдал Монголоор дүүрэн бий. Энэхүү зөрчилтэй давхцалууд стратегийн ордод нэр дэвшсэн 39 доторх нүүрсний ордууд дээр түгээмэл харагддаг. Энэ жишиг Могойн голын ордыг ч тойрсонгүй. Социализмын үед тогтоосон нөөцтэй хэсгийг тойроод олгосон лицензийн талбай дээр их хэмжээний нөөцтэй ордууд илэрч байгаа. Тэдний нэг нь Австралийн бирж дээр бүртгэлтэй “Аспайр Майнинг” компанийн Овоот төсөл юм. Австралийн бирж дээр ASX:AKM кодоор үнэт цаасаа арилжаалж буй энэ компанийн мэдэлд Монгол дахь эзэмшлийн 11 лиценз бий. Түүнээс үр дүнгээ зарласан нь ганцхан Овоот. Овоот нь Мөрөнгөөс баруун тийш 160 км-т орших бөгөөд 500 гаруй км талбайг хамарсан 3 лицензтэй. Төслийн хамрагдсан газрын нэг хэсэгт JORC стандартаар тогтоосон 330.7 сая тонн коксжих нүүрсний нөөцийг тодорхойлсон бөгөөд үүний 275.7 нь баттай болон бодитой ангилалд багтаж байгаа. Түүний 75 орчим хувь нь 250 метрийн гүнээс дээш оршдог тул том хэмжээний ил уурхай ажиллуулах боломжтой гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагуудаас авчээ. Одоо энэ ордыг ашиглалтад бэлдэж байна.

Могойн голын нүүрсний сав газрын Овоотын орд гэж нэрлээд байгаа энэ газарт улсын төсвөөр хайгуул хийсэн хэсэг бий гэх бөгөөд хайгуул хийсэн хэсгээ орон нутгийн өмчит Могойн голын уурхайд авах ёстой гэсэн байр суурийг “Могойн гол” орон нутгийн өмчит компанийнхан илэрхийлсээр ирсэн ч үүнийг шийдэх ямар нэгэн гарц одоогоор гараагүй л байна.

16. Сайхан-Овоогийн нүүрсний орд 

Сайхан-Овоогийн нүүрсний орд нь Булган аймгийн Сайхан сумын төвөөс баруун хойш 22 км-т оршдог. Геологийн бүтцээрээ дунд Юрийн үеийн настай хурдсаас тогтжээ. 1987-1999 онд геологийн үнэлгээний ажил хийгдэж, ордын төв хэсгээр өрөмдлөг хийж, нүүрсний давхаргууд нь бялхмал чулуулгийн доогуур сунасан хэлбэрээр үргэлжилж байгааг илрүүлэн нөөцийг 34.7 сая.тн гэж тогтоожээ. Сайхан-Овоогийн нүүрс Ж ангилалд багтдаг. 21.7% үнслэгтэй, 10-46% дэгдэмхий бодистой, 0.6% хүхэртэй, 5000-6000 ккал/кг илчлэгтэй.

‘’Сайхан-Овоо’’-гийн нүүрсний орд газарт 1990 оноос өмнө улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг тогтоон, Сайхан уулын хойд хэсэгт 14 га газрыг хамарсан талбайд далд уурхай байгуулж, орон нутгийн нүүрсний хэрэгцээг хангах зорилгоор бага хэмжээгээр ашиглаж иржээ. Далд аргаар нүүрс олборлож, Архангай, Хөвсгөл, Булган аймгийн хил залгаа орших 10 гаруй сум, сууринг нүүрсээр хангаж ирсэн.

Сайхан уулын өмнөд хэсгийг хамарсан 1230 га талбайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг Хятадын хөрөнгө оруулалттай ‘’Эс Эм Ай’’ ХХК 2007 онд  Монголын аж ахуйн нэгжээс шилжүүлэн авчээ. Энэ нь Их Британийн Виржинийн аралд бүртгэлтэй компани юм. 1229,15 га газрыг хамарсан MV-011985, 39.36 га газрыг хамарсан MV-002366 гэсэн 2 тусгай зөвшөөрлийг эзэмшиж байна. 2008 онд лицензийн төлбөрөө төлөөгүй тул Ашигт малтмалын газраас тусгай зөвшөөрлийг нь цуцалсан ч буцаан сэргээсэн бололтой. Тухайн үед тахилга шүтлэгтэй уулыг сэндийчих гэж байна хэмээн нутгийн зөвлөлөөс нь эсэргүүцэл илэрхийлж байсан билээ. Тэр үед Сайхан-Овоо ууланд олборлолт явуулах 14 лиценз олгосныг нутгийн зөвлөлийнхөн мэдэгдэж байсан юм.  

Сайхан-Овоогийн нүүрсний ордод Хонконгийн бирж дээр бүртгэлтэй “Asia Coal ltd” компани ашиглалтын лицензтэй бөгөөд 190 сая тонн JORC нөөцийг зарласан. Хөрөнгө санхүүгийн шалтгаанаар энэ төсөл дээр хийгдсэн ажил байхгүй гэж 2012 оны хагас жилийн тайландаа мэдэгдсэн байна. Одоогоор 500,000 тонн нүүрс олборлоод байгаа аж.

17. Баргилтын төмрийн хүдрийн орд  

Баргилтын төмрийн хүдрийн орд нь Хэнтий аймгийн Дархан сумын нутагт, Улаанбаатар хотоос 280 км, Бор-Өндөрийн Уулын баяжуулах үйлдвэрээс 18 км зайд оршдог. 2007 онд стратегийн ордод нэр дэвшүүлсэн 39 ордод багтахдаа Улсын эрдэс баялгийн нөөцөд бүртгэгдээгүй байсан юм. 1984-1987 онд Эрэл геофизикийн цогцолбор экспедици эрлийн ажил хийх явцдаа төмөр болон дагалдах бусад элементүүд, төмрийн хүдрийн чанарыг ордын хайгуулын үед тавигддаг шаардлагын хэмжээнд бүрэн судлаагүй гэсэн шалтгааны улмаас улсын нэгдсэн бүртгэлд аваагүй байна тухайн үед нөөцийг C2=31 сая тооноор тооцож байжээ.

Баргилтын овооны төмрийн хүдрийн илрэлийн үндсэн хэсгийг бүхэлд нь Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдэл эзэмшдэг. 2009-2010 онд ордын хайгуулыг хийж, нөөцийг батлуулжээ. Нийт таамагласан нь 43 сая тонн, үүнээс батлагдсан нь 23 сая тонн. ТЭЗҮ хийлгээд, одоо ашиглахаар ажиллаж байна. Соронзон баяжуулах аргаар төмрийн хүдэр үйлдвэрлэх төлөвлөгөөтэй. 2012 оноос бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлнэ. Жилдээ хоёр сая тонн төмрийн хүдэр олборлож сая хүртэл тонн баяжмал гаргахаар төлөвлөжээ.

Харин хүдрийн биетийн зүүн хэсэг Ү-С, Yl-С блокуудад “Голден зеүн интернэшнл” ХХК хайгуул явуулж байгаад ашиглалтын тусгай зөвшөөрлөө Хятадын хөрөнгө оруулалттай “Лут чулуу” компанид шилжүүлсэн байна. 84 га талбайг хамардаг тус компанийн  төмрийн хүдрийн уурхай өрөмдлөг-тэсэлгээ-эксковаци-тээвэрлэлт-гадаад овоолго гэсэн дамж-лагаар, хуурай баяжуулалтын аргаар жилдээ 250 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал боловсруулан экспортолдог байна. Мөн “Цахир цагаан гол” компани энэ орд дээр 1283,75 га газарт хайгуулын тусгай зөвшөөрөл авчээ.

18. Төгрөг нуурын нүүрсний орд
 
Төв аймгийн Баян сумын нутагт Улаанбаатараас 130 км-т зайтай Төгрөг нуурын хүрэн нүүрсний бүлэг орд оршино. Доод цэрдийн настай хүрэн нүүрс Багануураас Шивээ-Овоо хүртэлх нутагт бий. Энэ бүс нутгийг Чойр-Нялгын сав газар гэх бөгөөд бүрэн судлагдаагүй гэдэг. Төгрөг нуурын нүүрсний бүлэг орд энэхүү сав газарт багтдаг байна.

Энэ орд 20-30 км талбайг хамардаг. 3 тэрбум тонн хүрэн нүүрсний буюу эрчим хүчний нүүрсний нөөцтэй гэсэн геологчдын урьдчилсан таамаг бий. C2+P-3118 сая тонн энэхүү нөөцийг 1980-аад оны хайгуулаар таамаглан тооцжээ. Улсын эрдэс баялгийн нөөцөд бүртгэгдээгүй ч энэ нөөцөөрөө стратегийн ордын хоёр дахь жагсаалтад багтсан Төгрөг нуурын бүлэг ордыг одоо маш олон компани хуваан эзэмшиж байна. “Төгрөг нуур энержи”, “Төгрөг тал”, “ТНЭ”, “Монроспром уголь”, Тэгш сайхан”, “Цайдам нуур”, “Цэцэнс майнинг”, “Адамс майнинг”, “TCL” гээд 14 компани лиценз эзэмшдэг аж. Эдгээр компанийн лицензийн талбай, нүүрсний нөөц нь янз бүр. Хоёр л компани бага хэмжээний олборлолт хийж байгаа бөгөөд бусад нь эрэл хайгуулын шатандаа яваа аж. Мөн ямар ч ажил хийгээгүй компани ч бий. Тиймээс Төгрөг нуурын бүлэг ордын батлагдсан нийт нөөцийн тухайд тодорхой тоо байдаггүй. 

Эдгээрийн дундаас олон нийтэд тодорхой хэмжээнд танигдсан нь “Төгрөг нуур энержи” компани. МV 000228, МV 013533, MV-013553, МV 015429 тоот ашиглалтын лиценз эзэмшдэг. Тус компанийн лицензийн талбайг Тахилт гэх бөгөөд компани 2005-2008 онд өөрийн хөрөнгөөр хайгуул хийжээ. Нийт 1000 га буюу 2-3 км талбай тус компанийн эзэмшилд бий. Энэ талбайгаас 68 сая тонн нүүрсний нөөц тогтоож, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулжээ. “Төгрөг нуур энержи” компани лицензийг нь эзэмшиж буй Тахилтын хэсгийн урьдчилсан хайгуулд улсын төсвөөс зарцуулсан хөрөнгийг эргүүлэн төлсөн байна. Төгрөг нуурын орчимд 1983 онд урьдчилсан хайгуул хийхдээ улсын төсвөөс 113358 төгрөг зарцуулжээ. Энэхүү зардлыг Засгийн газрын тогтоолын журамд заасан аргачлалын дагуу тооцож 21480 ам.долларыг төлжээ. Тахилтын хэсэгт уурхай нээн ажиллуулах ТЭЗҮ-г 2008 онд батлуулсан бөгөөд ТЭЗҮ-гээр тогтоосон нөөцийнхөө 61 сая тонныг ашиглах боломжтой аж.

Төгрөг нуурын бүлэг ордын ашигт малтмалын чанар нь эрчим хүчинд хэрэглэх нүүрсний стандарт шаардлага хангахгүй гэсэн судалгааны дүгнэлт бий. Тиймээс нүүрсийг боловсруулах талаар тус компани судалгаа шинжилгээ хийж буй. Одоогоор хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэх туршилтын үйлдвэр байгуулаад байна. Үүнээс гадна нүүрс хийжүүлэх, баяжуулах, шингэрүүлэх судалгааны ажил хийж байгаа аж. Эрчим хүч тээврийн асуудлаа шийдчихвэл Төгрөг нуурын хүрэн нүүрсний бүлэг ордод лиценз эзэмшигч компаниуд бүтээгдэхүүнээ хямд үнээр зах зээлд нийлүүлэх бололцоотой болно гэж үздэг. 

19. Нарантолгойн алтны орд орд

Нарантолгойн алтны орд Төв аймгийн Жаргалант сумын нутагт Улаанбаатар хотоос 120 км зайд оршдог. 1974-1980 онд Герман-Монголын хамтарсан экспедици Нарантолгойн алтны vндсэн ордод хайгуул хийж нөөцийг тогтоожээ. Нөөцийг B+C1-3158,5кг C2-5219,2кг гэж тооцсон байна. Алтны ордтой Нарантолгой уул нь сумын төвөөс таван километрийн зайтай, тариалангийн талбайн дунд оршдог, 375 га газрыг хамардаг байна.

Бороогийн салбар орд болох Нарантолгойн алтны уурхайн лицензийг 1997 анх “Бороо гоулд” компани авчээ. Түүнээс хойш дөрвөн ч удаа зарагдсан бөгөөд хамгийн сүүлд Хятадын хөрөнгө оруулалттай “Тэн Хун” компани 2005 онд “Восток эрдэс” компаниас лицензийг шилжүүлэн авахдаа vйлдвэрлэл явуулах тусгай зөвшөөрлийг ч давхар эзэмшсэн байна. “Тэн Хун” нь Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг БНХАУ-ын “Зижин Майнинг” группын хөрөнгө оруулалттай компани юм. “Зижин Майнинг” нь алтны үйлдвэрлэлээрээ улсдаа тэргүүлдэг компанийн нэг. Дөрвөн жилийн өмнө нийслэлд мөнгөн ус асгасан хэргээр “Тэн Хун” компани буруутаж үйл ажиллагааг нь түр зогсоож байсныг уншигчид санаж байгаа бизээ. 

Нарантолгойн алтны орд 22 тн-ын нөөцтэй бөгөөд “Тэн Хун” компани 15 жилийн турш ашиглахаар тооцоолжээ. Жилдээ 300 тн хүдэр боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэртэй. Одоо ашиглаж байгаа.

20. Тавтын алтны орд 

Тавтын орд нь алт-мөнгө-зэсийн агуулгатай кварцын судал агуулсан үндсэн ордоос бүрддэг. Тус орд Улаанбаатар хотоос 540 километрийн зайд Булган аймгийн Тэшиг сумын нутаг дэвсгэрт оршдог. Тавтын алтны ордыг 1986-1988 онд Оросын геологичид нээж, 130 тонн алтны хүдэр, 370 тонн мөнгө болон нэлээд их хэмжээний зэсийн нөөцтэй гэж тооцоолжээ. Нөөцийн тооцооллоор Тавт ордод C1+C2-1647 кг алт бий гэдэг.

Тавтын орд нь Монголын хойд хэсэгт ажиллаж буй алтны үндсэн ордыг түшиглэсэн туршилтын уурхай бөгөөд “Эм энд Даймонд” Монгол-Оросын хамтарсан компанийн эзэмшилд байдаг. Тус компани 1996 онд байгуулагдсанаас хойш ОХУ-ын Буриад улстай хил залгаа Булган аймгийн нутаг дэвсгэрт орших Тавтын орчимд 1781А дугаарын эрэл хайгуулын лиценз авчээ. “Эм энд Даймонд” компани их хэмжээний өрөмдлөгийн ажил гүйцэтгэснээр 5.6 тонн алт, 25 тонн мөнгө болон нэлээд их зэсийн нөөцийг нэмж баталсан. Өрөмдлөгийн үр дүнд алтны агуулгыг 7.8 гр/т, мөнгө 45 гр/т ба зэс 1.3% гэж тогтоожээ.

“Эм энд Даймонд” компани нь Малайзын “Rimbunan Hijau Group”-ийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Би Эйч Эм” компанитай “Тавтын алт” алтны vндсэн орд газрыг хамтран ашиглах гэрээг 2002 онд байгуулсан байдаг. Тэд энэ ордыг “Эм энд Даймонд” компаниас 20 жилийн хугацаагаар гэрээ байгуулан авсан байна. Нэг жилд 350 шахам кг алт олборлох нөөцтэй гэсэн хайгуулын дvгнэлт бvхий энэ орд газарт “Би Эйч Эм”  компанийнхан нэг сая шахам ам.долларын хөрөнгө оруулж, өндөр хvчдлийн шугам хvртэл татсан аж. Ордоо ашиглах дээрээ тулаад ухаж эхлэх vед тэнд алт нь тоосонцор хэлбэртэй байжээ.

Тоосонцор алтыг олборлоход илvv их хөрөнгө шаардлагатай болох тул Арбитрын шүүхэд хандан маргалдаж байжээ. 
Одоо Тавтын алтны үндсэн орд дээр “АФК-Тавт” ХХК үйл ажиллагаа явуулж байна. 2011 онд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр болон уулын ажлын төлөвлөгөө батлуулаагүй, усны дүгнэлт гаргуулаагүй, улсын байцаагчдын өмнө өгсөн албан шаардлагын биелэлтийг хэрэгжүүлээгүйн улмаас зөрчлийг арилгах хүртэл үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоож байжээ. 

21. Төмөртолгойн төмрийн хүдрийн орд

Монгол Улсын анхны гангийн үйлдвэр болох төрийн өмчит Дарханы төмөрлөгийн үйлдвэр төмрийн хүдрийн гурван орд газрыг эзэмшдэг. Түүний нэг нь Дархан-Уул аймгийн Хонгор суман дахь Төмөртолгойн төмрийн хүдрийн орд юм. Төмөртолгойн орд нь Улаанбаатар хотоос баруун хойш 230 км, Дархан хотоос зүүн урагш 30 км зайд байрлана. Уг орд нь хатуу хучилттай замаас 15-17 км, Улаанбаатар-Сүхбаатарын төмөр замаас 20-25 км-т, Дархан хотоос Шарын голын нүүрсний уурхай руу явсан төмөр замаас 8-10 км зайд оршдог. Далайн түвшнээс дээш 1057.5 метр өндөрт орших Төмөртолгой хэмээх уулын орой болон бэлийг даган байрладаг байна.

Энэ ордыг Оросын геологич Н.Гилева, В.Малышев, И.Полыщук нар 1960 онд судалжээ. Төмөртолгойн орд дахь хүдэр дунджаар 57,19 хувийн төмрийн агуулгатай. Нөөц нь В+С1=21,3 сая.тн байна. В.Тараниний тогтоосноор ордыг ил аргаар 800м горизонтоос эхлээд доош 200м хүртэлх гүнд ил аргаар ашиглах боломжтой. Төмөртолгойн төмрийн орд нь хүдрийн 7 биетээс бүрдэх бөгөөд Зүүн, Төв болон Баруун гэсэн 3 хүдрийн биет нь харьцангуй хэмжээ томтой, “Зэрэгцээ” хүдрийн биет нь хэмжээгээр том биш, үлдсэн 3 нь илрэл маягийн биетүүд аж.

Төмөртолгойн ордыг 2005 оноос Дарханы төмөрлөгийн үйлдвэр эзэмшиж байгаа юм. Түүнээс өмнө “Хар мөрөн-Монгол” хэмээх Хятадын компани эзэмшиж байсан бөгөөд эхлээд хайгуулын эрхээр өгсөн ч сүүлдээ ашиглалтын лиценз болж хувирсныг нь АМГТХЭГ-ын дарга Лу.Болд цуцалж, Дарханы Хар төмөрлөгийн үйлдвэрт Төмөртолгой уулын ордын лицензийг шилжүүлсэн юм. Анхнаасаа л энэ ордыг Дарханы “Хар төмөрлөгийн үйлдвэр”-ийн түүхий эдийн бааз болгохоор төлөвлөж байсан гэдэг.

2009 оны наймдугаар сараас эдийн засгийн эргэлтэд оруулснаар ашиглалтын үйл ажиллагаа явуулж байна. Хүдрийн төвийн болон зүүн биетүүд хөрснөөс 1-15 метрийн гүнд байрлах тул ил аргаар олборлолт явуулдаг.  Жилд нэг сая тонн хүдэр олборлож, хуурай соронзон аргаар баяжуулаад 650мянган тонн баяжмал боловсруулж байна. Олборлосон хүдрээсээ урд хөрш рүү гаргаж байгаа.


22. Баяндавааны цагаан тугалга, гянтболдын бүлэг орд

Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Баяндавааны цагаан тугалга, гянтболдын бүлэг орд нь нийслэлд хамгийн ойр ордын нэг. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн энэ ордыг одоогоор ашиглаагүй байна.

Ордын хувьд тийм ч их нөөцтэй бишээс гадна ашиглах боломж багатай гэж салбарынхан үздэг. Баяндавааны бүлэг ордод чухам ямар ордыг хамруулж байгаа нь тодорхойгүй учир ирээдүйд будлиан гарах магадлал их бий гэдэг. Яагаад гэвэл, Төв аймгийн Эрдэнэ сумын Баяндаваагаар давсан засмал замын дэргэд байрладаг ба Баяндаваа, Баян, Өндөр, Хөхт гэсэн дөрвөн жалганд байгаа 500 тн ч хүрэхгүй бага нөөцтэй жижиг орд юм.

23. Улаан-Уулын цагаан тугалга, гянтболдын орд

Улаан-Уулын гянтболдын орд Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт оршино. 1980 онд Улаан уулын гянтболдын ордын хайгуулын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийжээ. Тухайн үед ордын нөөцийг үйлдвэрлэлийн зэргээр 16 дугаар судалд С1 зэргээр 8,2 мян.тн, С2 зэргээр18,36 мян.тн, 32 дугаар судалд С1 зэргээр 5,75 мян.тн, 9 дүгээр судалд С2 зэргээр17,51 мян.тн, 8 дугаар судалд С2 зэргээр 10,32 мян.тн, 7 дугаар судалд С2-4,52 мян.тн нийтдээ 63 000 тн гэж тогтоосон байна. Талбайн хэмжээ 37.51 га.

Урьд нь нөөц тогтоогдон хайгуул, ашиглалт эрхэлж байсан энэ ордод одоо бага хэмжээний ашиглалт явуулж байгаа. “Кайнар Вольфрам” компани ажиллуулж, бүтээгдэхүүнээ гадаадад гаргаж байгаа аж.

Хүдрийн биетүүд нь Баруун (судал1-33), Кызыл Таугийн (34-39), Зүүн урд (40-59) гэсэн гурван хүдрийн бүсэд оршино. Баруун бүсэд 33 судлыг ялгасан ба тэр нь 300-800 м хүртэл урттай, 0,4-2,0 м хүртэл зузаантай болно. Ордын гянтын гол хүдэр болох вольфрамит бор улаанаас хар хүртэл өнгийн, хавтанлаг хэлбэрийн талст байдалтайгаар 0.5-3.5% хүртэл агуулгатайгаар судлуудад тохиолдохоос гадна түүнтэй хамт бага хэмжээний мусковитын хайрс, магнетитын жижиг талст, мөн 0,1 мм хүртэл хэмжээний шигтгээ алт, висмутин, халькопирит, базовисмут зэрэг хүдрийн эрдсүүд ховорхон ажиглагддаг байна. Мөн висмут, берилл, ниобийн агуулга 0,001-0,01% юм байна.

24. Баяндавааны цагаан тугалга, гянтболдын бүлэг орд

Жанчивлангийн цагаан тугалга, гянтболдын бүлэг орд нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Жанчивлангийн рашаанаас баруун урагшаа 2-3 км-т байрладаг. Цагаан тугалга, гянтболдын энэхүү шороон ордын хайгуулыг улсын төсвийн хөрөнгөөр хийсэн бөгөөд одоогоор ашиглаагүй байгаа. Рашаан сувилалд ойрхон учир ашиглахад хүндрэлтэй гэж үздэг байна.

25. Цагаан давааны цагаан тугалга, гянтболдын

Цагаан давааны цагаан тугалга, гянтболдын орд Улаанбаатар хотоос 76 км-т буюу Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт байрладаг. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн энэ ордыг одоо бага хэмжээгээр ашиглаж байгаа. Гянтболдын баяжмал үйлдвэрлэх бага оврын хүдэр боловсруулах үйлдвэр, тоосгоны үйлдвэр зэрэг барилга байгууламжаас бүрдсэн жижгэвтэр уул уурхайн цогцолборыг 1989 онд анх Унгарын Засгийн газраас олгосон техникийн туслалцааны үндсэн дээр байгуулжээ.

Цагаандавааны гянтболдын гүний уурхайг одоо “Mon Wolfram” компани ажиллуулж байна. “Mon Wolfram” нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг цөөн тооны гянтболд олборлогч компанийн нэг юм. Цагаандавааны ордын нийт батлагдсан нөөц нь B+C1-2435 тонн, С2-686 тонн юм. Вольфрамын уурхай бүрэн хүчин чадлаараа жилд 500 тонн баяжмал гаргах ёстой. Гэвч техник, эдийн засгийн байдлаас болж жилдээ 68 хувийн WO3-ын агуулгатай 30-50 тонн баяжмал олборлож, түүнийгээ АНУ, БНХАУ руу гаргадаг байна. / WO3 гэдэг нь вольфрамын агуулах хүчил/ 

“Mon Wolfram” компани ордын дэргэдэх талбайдаа дагалдах орд нээх замаар нөөцөө нэмэгдүүлэх магадлал өндөр байгаа тул хайгуулын ажил хийхээр төлөвлөж байгаа. Тус компани хайгуул хийх 142 гектар газартай бөгөөд энэ нь гол төлөв одоо ашиглаж буй ордын дэргэдэх орчинд байрладаг байна.

26. Мөнгөн-Өндөрийн мөнгөний орд

Мөнгөн-Өндөрийн мөнгө холимог металын орд нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд оршдог. Улаанбаатараас баруун хойш 310 км, Багануурын нүүрсний уурхай болон  Отгонцагааны молибден-вольфрамын орд газрын дэргэдэх төмөр замын өртөөнөөс  200 км, Бэрхийн хайлуур жоншны уурхайгаас 90 км зайтай байрладаг. Энэ ордыг 1983-1992 онд нээжээ. Хүдрийн нийт нөөцийг 2.4 сая гаруй тонн, үүнээс мөнгөний гарц нь 478 мянган тонн гэж гэж тогтоосон байна. Нөөц 31,3 сая тонн.

Стратегийн ордод нэр дэвших магадлалтай 39 ордод багтахдаа Улсын эрдэс баялгийн нөөцөд бүртгэгдээгүй байсан байна. Улсын геологийн төвийн ШУТЗ-ийн 1992 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдааны 17 тоот протоколоор хянаж анхааралдаа авчээ. Нөөцийг C2-1050.5, P1-2162.2 гэж үзсэн байдаг.

Мөнгө байгаль дээр цэвэр байдлаараа тохиолдох нь ховор. Мөнгөн-Өндөрийн ордын хувьд хар тугалга мөнгөний төрөлд багтдаг аж. Ордын гол  төмөрлөгийн дундаж: Ag-70 гр/т, Sn-0,09%, Pb-1,09%, Zn-0,85%. Төмөрлөгийн нөөцийн ойролцоо үнэлгээ: Pb-280,000 т, Zn-230,000 т, Sn-24,000 т ажээ.

Энэ орд дээр хоёр ч компани тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. “Голденхейлс” компани MV-012085 тусгай зөвшөөрлийг 2006 онд авсан бөгөөд ашиглалтын 30 жилийн зөвшөөрөлтэй. Нийт 231.01 га талбайн эрхтэй. Энд мөн “Эй Ар Ай Эй” компани 173,17 га талбайд MV-010278 дугаартай тусгай зөвшөөрлийг 2035 он хүртэл авчээ. Мөнгөн Өндөрийн ордын судалгааг “Майн Инфо” ХХК хийж байгаа аж.

СТРАТЕГИЙН ОРДЫН ШИНЭ ШАЛГУУРТ 33 ОРД ТЭНЦЖЭЭ 

Н.Ариунтуяа

Стратегийн ач холбогдолтой гэж үзэх ордуудыг дахин үнэлж, санал боловсруулна. Дээрх чиг үүргийг ЭБЭХ-ний Сайдаас хүлээсэн Ажлын хэсэг Ашигт малтмалын газрын дэргэд оны эхээр байгуулагдсан юм. Ажлын хэсэг дүгнэлтээ гаргажээ. Чингэхдээ Геологи судалгааны хэлтсийн даргаар ахлуулсан 18 хүний бүрэлдэхүүнтэй баг 64 орд дээр үнэлгээ хийсэн байна. Ийн үнэлэхийн тулд стратегийн ач холбогдолтой орд газрын шалгуур үзүүлэлтийг шинээр боловсруулж, тэрхүү шалгуурын үр дүнд орд газруудын шинэ жагсаалтыг гаргаж иржээ. Ши­нээр боловсруулсан шалгуурт: 

1.Ашигт малтмалын төрлийн ач холбогдол
2.Нөөц, баялгийн хэмжээ, нөөцийн үнэлгээний түвшин
3.Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн геологи судалгааны ажлын байдал
4.Хүдрийн агуулга чанарын үзүүлэлт
5.Ордын уул-геологи, уул-техникийн нөхцөл
6.Тухайн бүс нутгийн дэд бүтцийн хөгжил
7.Уурхайн хүчин чадал, жилд үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээ
8.Жилийн борлуулалт, улс, орон нутгийн төсөвт шууд оруулах орлогын хэмжээ
9.Байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл
10.Монгол улсын ДНБ-ий 5 хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэлт гэсэн үзүүлэлтүүд орсон байна. /Шинэ шалгуур үзүүлэлтийг MMJ сэтгүүл олон нийтэд анх хүргэж байна. Орд газрыг стратегийн ач холбогдолтой гэж үзэх энэхүү шалгуур үзүүлэлт эцэслэн батлагдаагүй, мэргэжлийн байгууллагын өргөн барьсан санал гэдгийг уншигчид тунгаах биз ээ./

Стратегийн ордын шалгуурыг илүү тодорхой болгож, нарийвчилж өгсөн хэмээх дээрх арван үзүүлэлтээр 64 ордыг үнэлж үзээд, 33 ордыг “Cтратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд” гэсэн ангилалд хамааруулахаар болжээ. Үлдсэн 31 ордыг түр үлдээх нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан байна. Ажлын хэсгийн дүгнэлтийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд танилцуулсан агаад ЭБЭХЯ-д өнгөрсөн тавдугаар сард өргөн барьжээ. Яам Ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх аваас УИХ-д өргөн барих ёстой. Эцсийн шийдвэр УИХ-аас гарна. Ажлын хэсгээс стратегийн ач холбогдолтой ордод хамруулах ёстой гэж үзсэн 33 ордын жагсаалтыг одоогоор нийтэд мэдээлэхгүй, нууцалж байгаа юм. 

Шинэ шалгуураар үнэлэгдсэн 64 ордын хувьд Монгол улсын стратегийн гэсэн тодотголтой 15 орд болон стратегийн ордод хамруулах эсэхийг судалж тогтоох ёстой нэр бүхий 39 ордоос гадна шинээр нээгдэж, нөөц нь тогтоогдсон ордуудаас цөөнгүй нь хамрагдсан байна. Стратегийн ач холбогдолтойд нэрийг нь дэвшүүлсэн 39 ордоос нэлээд нь хасагдаж, оронд нь шинээр нээгдсэн ордууд орж ирж байгаа бололтой.  

Юутай ч Ажлын хэсгийн судалгаа, тооцооллын үр дүнд стратегийн ордын өмнөх ойлголтыг шинэчилсэн цоо шинэ жагсаалт гарч иржээ. MMJ сэтгүүл УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн ордод хамруулах эсэхийг нарийвчлан судалж тогтоох ёстой хэмээх нэр бүхий 39 ордын танилцуулгыг бидэнд олдсон мэдээллийн хэмжээнд цувралаар хүргэж байгаа билээ. Тэдгээр ордын тухай мэдээллийн үргэлжлэлийг хүлээн авна уу.        

27. Хөх адарын зэс, цайрын орд

Баян-Өлгий аймгийн Толбо  сумын  нутагт орших  Хөх  адарын  зэс, холимог  металын  ордын хувьд хувийн хөрөнгөөр нэмэлт хайгуул хийж байгаа.

Нөөцийн хувьд зэс  96.7  мянган тонн, хар  тугалга 43.2 мянган  тонн, цайр  18.2  мянган тонн гэж урьдчилан тогтоосон байна.

893.12 га талбайг эзэлсэн Хөх адар-1 нэртэй зэсийн ордын MV-015378 дугаарын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “И Эй Эм хөх адар” компани 2009 онд 30 жилийн хугацаатай авчээ. Мөн энэ компани Хөх адрын орд дээр XV-008215, XV-008216, XV-009273, XV-013275, XV-015399, XV-015400 гэсэн хайгуулын зургаан тусгай зөвшөөрлийг эзэмшиж байна.

Хөх адрын ордыг Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас эхний ээлжинд орд газрыг нь түшиглэн олборлох, боловсруулах үйлдвэр байгуулах төлөвлөгөө, техник, эдийн засгийн урьдчилсан тооцоо хийсэн ордуудын тоонд оруулжээ.   

28. Шаврын царамын пиропын орд

Анарыг химийн найрлагаар нь альмандин, андрадитын гэж хоёр хэсэгт хуваадгийн альмандины хэсэгт пироп /анарцэнт/ ордог байна.
Монголд анарын судалгаа, хайгуулыг 1970-1990 онд Архангай, Булган, Өвөрхангай, Сүхбаатар, Говь-Алтай аймгийн нутгаар хийж, Архангай аймгийн Тариат сумын  Шаварын Царам гэж газраас орд нээж, анарцэнт /пироп/, алтан чулуу /хризолит/ олборлож эхэлсэн байдаг. Энд доржпаламын дагавар гэгддэг анарцэнт, алтан чулуунаас гадна саран чулуу, болор, гялтгануур зэрэг эрдэс бий. Шаварын Царамын өнгөт чулууны орд газарт 1974-1977 онд эрэл үнэлгээ, урьдчилсан болон нарийвчилсан хайгуул хийгдсэн байдаг. 1978-1980 онд үйлдвэрлэлийн туршилт явуулсны үр дүнг харгалзан 1981 онд нөөцийн тооцоонд тодотгол хийж, 1982 онд үндсэн ба шороон ордын нөөцийг тогтоожээ.

Шороон орд /пироп/: В зэргээр 2200кг, С1 зэргээр 47830 кг, С2 зэргээр 12270 кг.  Мөн балансын бус, анхааралдаа авсан нөөцийг пироп/: В зэргээр 15400 кг, С1 зэргээр 57500 кг, хризолит/: В зэргээр 13220 кг, С1 зэргээр 25220 кг гэж тогтоогджээ.
Үндсэн ордын нөөцийг 1978 онд яамны ШУТЗ-ийн хуралдаанаар пироп С2 зэргээр 37612 кг, хризолит 13996 кг, санидин 1059.7 кг гэж тогтоосон байна. Үндсэн ордод анарын агуулга 78.2 г/мЗ, хризолитын агуулга 29.1 г/ мЗ, санидины агуулга 0.9 г/мЗ. Шороон ордод пиропын агуулгыг 191-166.6 г/ мЗ -ээр тооцжээ.

Ордыг түшиглэн өнгөт чулуу олборлох үйлдвэр байгуулж, жилд 250 кг сортын /+2.5-1 Омм/ анар чулуу олборлон гаргах хүчин чадалтайгаар 1990-ээд он хүртэл ажиллуулсан байна. Энэ хугацаанд 2222.8 кг сортын анар чулуу гаргасан бөгөөд 1629.8 кг-ыг Сангийн яамны харьяа Зоос, гоёлын зүйлийн үйлдвэр болон БНПАУ, БНУХУ, БНСЧСУ, БНБАУ зэрэг орнуудад нийлүүлжээ. Үйлдвэрийн гол хэрэглэгч Зоос, гоёлын зүйлийн үйлдвэр сортлогдсон анар чулууг дахин боловсруулан шигтгээ хийж, ихэнхийг экспортод гаргаж байсан ч сортлогдсон анар чулууны үнэ, анар шигтгээний экспортын үнэ хямдхан учир Зоос, гоёлын зүйлийн үйлдвэр 1988 оноос анар чулуу худалдан авахаа зогсоосон байна.

Тухайн үед бүтээгдэхүүнийг борлуулах талаар Итали, Япон, ЗХУ, Англи, Польш, Чехословак зэрэг орнуудад тодорхой саналууд тавьж байсан ч нааштай хариу аваагүй байна. Дараахан нь “Монголболгарметал” хамтарсан үйлд­вэ­рийн бүрэлдэхүүнд шилжүүлэхээр шийд­вэрийн төсөл, танилцуулга тооцоо, саналыг тухайн үед боловсруулсан ч бас л тодорхой ший­дэлд хүрсэнгүй. Тиймээс Өнгөт чулуу олборлох үйлдвэрийг татан буулгаж, Геологийн төв лабораторийн харьяа Өнгөт чулууны ангитай нийлүүлжээ. Ийнхүү зах зээлийн хязгаарлагдмал байдлаас болж үйлдвэрийн үйл ажиллагаа зогссон ч баяжуулах үйлдвэр болон орд газар нөөцөд үлдээд байгаа юм.

29. Шүдэн уулын чулуун давсны орд

Увс нуурын хотгорын хойд хэсэг, Тагнын нурууны өмнөд салбар уулсын толгодын дунд уулархаг бүсийн бор хөрсөөр хучигдсан давсан уул бий. Үүнийг нутгийнхан “Шүдэн уул” гэнэ. Увс аймгийн Давст сумын төвөөс 18 км зайд орших энэхүү цул давсан уулыг Монгол төдийгүй Ази тивийнхний давсны хэрэгцээг хэдэн жилдээ хангахуйц орд хэмээн үнэлсэн нь бий. Ордыг 1973 онд “давсны” хэмээн алдаршсан геологич Ж.Сумьяа нээснээр 1974 оноос ашиглаж эхэлжээ. Нутгийн иргэд 300 гаруй жилийн тэртээгээс ашиглаж байсан баримт бий.

Шүдэн уулын Давсны уурхай Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйн харьяанд үйл ажиллагаа явуулж байжээ. Ордын давсны давхаргын зузаан 9-50 м, нийт нөөц 73.2 сая тонн бөгөөд эдгээр үзүүлэлтээрээ дэлхийд томоохонд тооцогддог байна. Энэхүү давсан орд дэлхийн хуурай газар ургасан цөөхөн давснуудын нэг. Шүдэн уулыг хэдэн сая жилийн өмнө тэнгисийн ёроолд ургасан гэж үздэг бөгөөд тэнгисийн ус ширгэхэд үлдэж хоцорсон давст уул юм. Монгол орны бусад давсан ордыг бодвол насжилтын хувьд хамгийн эртнийхэд тооцогддог. 

Энэ орд газарт одоо хоёр компани ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. “Их тэмүүлэл“ ХХК 62.84 га газарт MV-000874 тусгай зөвшөөрлийг     1997 онд, “Зууннайман суварга” ХХК 29.39 га газрыг хамарсан MV-010061 тусгай зөвшөөрлийг 2005 онд тус бүр 30 жилийн хугацаатай авчээ. “Зуун найман суварга” ХХК-ийн хувьд Шүдэн уулын давсны уурхайг түшиглэн 2012 оноос Жамц давсны үйлдвэр байгуулахаар ажиллаж байгаа аж.

Энэ орд газарт томоохон үйлдвэрлэл явагдаагүй ч жамц давсыг ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байгаа газрууд цөөнгүй бий. Шүдэн уулын жамц давс Увсын брэнд хэмээгдэн НҮБ-ын “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” санаачилгад хамрагдсан. Орон нутгийн жижиг үйлдвэрлэгчдээс эхлээд Монгол Японы хамтарсан хэд хэдэн компани жамц давсыг иоджуулах буюу байгалиар нь үйлдвэрлэн бүс нутаг төдийгүй улсын хэмжээнд борлуулж байгаа. Мөн савласан жамц давсыг бага хэмжээгээр Япон улсад экспортолж байна.

30. Ширээ уулын гөлтгөнийн орд

Цементийн гол түүхий эд болох гөлтгөнийн дөрвөн том орд манай улсад байдгийн нэг нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Ширээ уулын гөлтгөний орд юм. Энэхүү ордод 1958-1960 онд эрэл, хайгуул, 1985-1986 онд урьдчилсан болон нарийвчилсан хайгуул хийгдэж, нөөцийг 4450.7 мянган тонн гэж тогтоожээ. 
Одоо энэ орд газарт     “Түмэнтал” компани MV-005356, “Түмэн-Анд” компани MV-016668, MV-016669, “Түмэнцацал” компани MV-016920,     “Монголын Алт“ /МАК/ компани MV-016898 гэсэн ашиглалтын тусгай зөвшөөрлүүдтэй.
“Хулд-Олз” компани  389.23 га газрыг хамарсан XV-008425 хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байна.

31. Өвдөг худагийн хүрэн нүүрсний орд

Дундговь аймгийн Өндөршил сумын нутагт орших Өвдөгхудагийн хүрэн нүүрсний ордод улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийжээ. Тухайн үед нөөцийг А+B+C1-114.5 сая тонн хэмээн тогтоосон байна. Ордын тусгай зөвшөөрлийг “Талын шигтгээ” ХХК эзэмшдэг бөгөөд 2011 онд  нөөцийн тодотгол тооцооны ажил хийжээ. Өвдөгхудагийн хүрэн нүүрсний ордыг Хөөтийн нүүрс шатах занарын ордын хамт манай орны шингэн түлш, химийн түүхий эдийн хамгийн ирээдүйтэй түүхий эдийн бааз мөн гэсэн дүгнэлтийг манай эрдэмтэн судлаачид хийсэн байдаг.

32. Цайдам нуурын хүрэн нүүрсний орд

Цайдам нуурын хүрэн нүүрсний орд нь Улаанбаатар хотод хамгийн ойрхон байршилтай. Төв аймгийн Баян сумын нутагт, Улаанбаатараас 117 км-ын зайд оршино. Дэд бүтцийн хувьд маш тааламжтай нөхцөлд байрших бөгөөд Улаанбаатар-Чойрын хатуу хучилттай замаас зүүн зүгт 27 км, төмөр замаас 28 км зайд оршдог.

Багануурыг нээсний дараа урд хөндийгөөс нь маш их нүүрсний нөөц илрүүлснийг Цайдамын орд хэмээн нэрийджээ. Тухайн үед 1:50000 масштабтай зураглал хийж байсан геологичид энэ ордыг илрүүлсэн гэдэг. Нөөцийг ойролцоогоор зургаан тэрбум тонн гэж тогтоож байжээ. Одоо энэ орд хорь гаруй лицензээр   хуваагдчихаад байгаа.

Ордын лицензийг эзэмшигчдийн дундаас тодорхой үр дүнд хүрээд байгаа нь “Цэцэнс майнинг энд энержи” ХХК-ийн эзэмшдэг Бөөрөлжүүтийн тал төсөл. Хайгуулын тусгай зөвшөөрөл нь 10 мянга гаруй га талбайг хамрах бөгөөд нүүрсний орд нь гурван хэсгээс бүрддэг байна. Геологийн шат дараалсан судалгааны ажлууд хийж, үр дүнд нь 6.8 тэрбум тонн нөөц тогтоожээ. Нөөцөө ЖОРК стандартаар хүлээж авсан. 2012 оноос олборлолтоо эхлүүлэхээр төлөвлөөд байгаа. Ордын хувьд Монголдоо томоохонд тооцогдох учир 600 мВт-ын цахилгаан станц барих, нүүрс шингэрүүлэх, хагас кокс, шахмал түлшний үйлдвэр байгуулахаар төлөвлөж, гадны нэр хүндтэй байгууллагуудаар судалгааны ажлууд хийлгэсэн. Үр дүнгүүд нь ч нааштай гарчээ.

Монгол улсын Засгийн газраас Цайдам нуур, Төгрөг нуур, Хөшөөтийн хүрэн нүүрсний ордын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй гэрээ байгуулж, дотоодын хэрэглэгчдийг эрчим хүчний нүүрс, брикетээр хангах зорилт тавиад байгаа. Тэрхүү зорилтын дагуу “Цайдам Энержи” компани Цайдам нуурын хүрэн нүүрсний ордын нөөцөд тулгуурлан Монгол улсын Төвийн эрчим хүчний системд холбогдон ажиллах 600МВт хүчин чадалтай, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий цахилгаан станцыг цахилгаан дамжуулах шугамын хамт барихаар төлөвлөн 2015 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 2011 оны наймдугаар сарын 19-нд ЭБЭХЯ-аас цахилгаан станц барих зөвшөөрлийг авчээ.

Цайдам нуурын сав газарт “Тэнгри ойл шэйл” компани MV-006453 тоот тусгай зөвшөөрлөөр 132.99 га газар, “Тэнгрипетро чэмикалс” компани MV-015090 тусгай зөвшөөрлөөр 227.64 га газрыг эзэмшдэг. 2003, 2009 онд тус тус ашиглалтын тусгай зөвшөөрөл авчээ. Мөн “Пибодивинсвэй ресорсез” 624.77 га газарт XV-007715,  “Цэцэннонас” 1782.74 га газарт XV-009855 хайгуулын тусгай зөвшөөрөлтэй.    

33. Цагаан цавын цеолитын орд

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт орших энэхүү орд нь Сайншандаас зүүн өмнө зүгт 45 км-т, Улаанбаатараас 540 км зайд төмөр замын дагуу өндөр хүчдлийн шугамаас 23 км зайд оршино.

Цагаан цавын ордыг социализмын үед геологич Д.Иванжав ахлагчтай судлаачид хайгуул шинжилгээний ажил явуулж, нөөц ба цеолитын клиноптилолитын агуулгыг тогтоосон байна. Орд нь цэрдийн галавын үеийн галт уулын ба тунамал чулуулгуудын үүсэлтэй. Нарийвчилсан судалгаа хийж үзэхэд байгалийн цеолитын төрөл дотроос үйлдвэрлэл, ХАА-д онцгой тохиромжтой клиноптилолит төрөл болох нь тогтоогдсон байна. Ордын 1.6 ам километр талбайд зөвхөн клиноптилолит цеолит тархжээ. Нийт нөөц нь 30-95 хувийн клиноптилолитийн агуулгатай бөгөөд үүний 6 сая тонн нь 60-90 хувийн клиноптилолитийн агуулгатай юм. Ордын нийт нөөц нь 179 сая тонноор үнэлэгддэг. 

“Төгрөг нуурын энержи” ХХК орд газрын лицензийг эзэмшдэг бөгөөд 2006 оноос хөрс хуулалт, олборлолтын ажлыг явуулжээ.
Ордын 1:10000 масштабтай зураглалыг гаргаж, лабораторийн нарийвчилсан шинжилгээ хийсний зэрэгцээ ордын байгалийн цеолитээр гахай, тахиа тэжээх туршилт хийсэн байна. Туршилтын дүнгээр тус ордын цеолит нь гахай, тахианы тэжээлд нэмэлт болгоход эдийн засгийн өндөр ач холбогдол бүхий түүхий эд болох нь тогтоогджээ.

Цеолитыг газар тариалангийн ажилд ихээхэн үр ашигтай эрдэс гэдэг. Тиймээс нөхөн сэргээлт хийсэн газарт цеолит цацаж, чийг баригч болгон хэрэглэх ажлыг тус компани туршилтаар хэрэгжүүлсэн нь сайн үр дүнтэй байгаа.

34. Манхан уулын фосфоритын орд

Фосфоритын нөөцөөр Монгол улс дэлхийд тэргүүлэх арван орны нэгд багтдаг. Дэлхийд нийт 155 тэрбум тонн фосфоритын нөөц байдгийн 4-5 хувь нь манайд оршдог байна. Монгол орон дотроо Хөвсгөлийн болон Завханы фосфоритын ай сав гэж бий. 1974-1988 онд  улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулаар Хөвсгөлийн фосфоритын ай сав газруудад 20 орчим орд нээж, 1.6 тэрбум тоннын нөөц илрүүлсэн нь нөөцийн хэмжээгээр Төв Азид томд тооцогддог байна. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутагт фосфоритын томоохон нөөцүүд байдгийн нэг нь Манхан уулын орд юм.

Хөвсгөл далайн ойролцоо орших Бүрэнхааны фосфоритын ордын хайгуулыг хийж, ашиглалтад бэлтгэж байх үед “Далай ээж цаазын тавцанд” хөдөлгөөн өрнөж, үйл ажиллагааг нь зогсоосон түүхтэй. Хөвсгөл далайн эрэгт Бүрэнхааны ордоос ч илүү ойр зайд оршдог учраас Манхан уулын ордын ашиглалтын асуудал огтхон ч хөндөгдөөгүй байна.

35. Онгилог нуурын фосфоритын орд

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутагт оршдог фосфоритын орд. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн. Онгилог нуур нь Хөвсгөл далайн баруун урд хэсэгт оршдог.
Онгилог даваа, Жанхайн давааны орд газарт 1.5 тэрбум тонны нөөц байгааг илрүүлж, фосфоритын гол нөөц гэж тогтоосон боловч Хөвсгөл далайтай маш ойрхон оршдог учраас ашиглахгүй гэсэн байр суурь дээр эрдэмтэд болон геологичид санал нэгддэг. Бүрэнхааны фосфоритын орд Хөвсгөл далайгаас 100 км зайтай оршдог бол Онгилог нуур нь далайн элгэн дээр шахам байршдаг байна. 

36. Лугийн голын газрын ховор элементийн орд

Газрын ховор элементийн энэхүү орд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг, К-49-37, К-49-25 координатад байрлалтай бөгөөд 5472 м2 талбайг хамардаг. Улаанбаатар хотоос 750 км, Оюутолгойгоос 160 км, Тавантолгойн ордоос 300 км, төмөр замын шугамаас зүүн зүгт 300 км орчимд байрладаг.

Манай улсын хувьд газрын ховор элементийн судалгааг 1985 оноос ЗХУ болон Польштой хамтран хийж эхэлсэн байна. Лугийн голын ордод Монгол-Польшийн хамтарсан экспедиц нарийвчилсан эрэл хайгуул хийсэн бөгөөд тухайн үед уг ордыг нийлбэр ислээрээ 12 мянган тонн газрын ховор элементийн нөөцтэй гэж тогтоож байжээ. Гэхдээ харьцангуй сайн судалсан ч батлагдсан нөөц нь үйлдвэрлэл явуулах, үр ашгийг нь хүртэх боломжтой эсэхийг эцэслэн тогтоогоогүй байна.

Ховор элементийн энэ орд дээр сүүлийн жилүүдэд гадны улс орнуудын сонирхол маш хүчтэй орж ирж байгаа. Нэлээд олон улс орноос хамтран ажиллах санал ирсэн төдийгүй зарим нь бүр үйл ажиллагаагаа ч эхлүүлжээ.
Хонконгийн хөрөнгө оруулалттай “Рео” компани манай улсын газрын ховрын ордын хэмжээнд судлагдсан дөрвөн орд дээр дөрвүүлэнд нь хайгуул хийсэн байна. Лугийн гол, Мушгиа худаг, Хотгор, Халзанбүргэдэйн ордод хайгуул хийж, нийт 6.6 орчим сая тонн газрын ховор элемент байх магадлалтай гэсэн тойм судалгаа гаргажээ. Тэд 2005-2009 онд Лугийн голын ордын судалгааны ажилд 3.6 сая ам.доллар зарцуулсан байна. Энэ хайгуулаар 500 мянган тн газрын ховор металын хүдэр, 13,5 мянган тн ренийн оксид байгааг тогтоожээ. Мөн лантан, цери, празеодим, неодим, самари, европи, гадолини асар ихтэй дэлхийд томоохон орд гэж дүгнэсэн байдаг.

Гэхдээ манай улсад газрын ховор элементийн хайгуул, ашиглалт, борлуулалттай холбоотой эрх зүйн орчин бүрдээгүй учраас эдийн засгийн эргэлтэд оролгүй өнөөг хүрээд байгаа юм.

Энэ ордыг Японы “Сүмитомо” корпорацийнхан ирж сонирхоод тодорхой шийдэлд хүрэлгүй төслийн хугацаа нь дууссан байдаг. Хятадууд мөн судалгаа хийх зорилгоор ирж, дээж аваад явжээ. “Солонгосын “Реалкокореа” ХХК Лугийн гол дээр 2008 онд тусгай зөвшөөрөл авсан мэдээлэл бий.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас АНУ-ын “Грийн техноложи солюшн” компани Лугийн голын ордод ажиллаж байгаа бөгөөд олборлолтынхоо дээжийг БНСУ руу ачуулсан байна. Дээжийн сорьцын шинжилгээ энэ онд гарах гэнэ. Шинжилгээний үр дүнгээс хамаарч, цаашид олборлолтыг үргэлжлүүлэх эсэхээ шийднэ гэж байгаа ч “Green technology solution” энэ ордоос газрын ховор элемент олборлох нь тодорхой болж байх шиг байна. Гэхдээ Монгол улсын хувьд газрын ховорт тухайлсан татвар, хуулийн зохицуулалт үгүй учраас ашиг хүртэх зарчим бүрхэг байгаа юм.

37. Хонгорын жоншны орд

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дахь хайлуур жоншны ордод социализмын үед улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийжээ. Энэ ордыг ашиглаад үндсэндээ дууссан учраас тусгай зөвшөөрлийг цуцалсан мэдээлэл байгаа.
Хайлуур жоншны бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр дэлхийн тэргүүлэгч таван үйлдвэрийн нэг гэгддэг “Монголросцветмет” нэгдлийн мэдэлд энэ орд байсан байна.
  
38. Улааны цайр, хар тугалгын орд

Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Улааны хар тугалга, цайрын ордын нарийвчилсан хайгуулыг ЗХУ-ын уул уурхайн яамны харьяа  Геологи хайгуулын газар хийж, 1986 онд нарийвчилсан хайгуулын ажлын тайланг тушаажээ. Ордын нөөцийг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Уул уурхайн нөөцийн Улсын комиссын 1989 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 33 тоот шийдвэрээр баталсан байдаг. Баталсан нөөцөөр бол тус ордод 38826.5 мянган тонн цайрын хүдэр бий гэх бөгөөд үүнээс 50 хувийн агуулгатай 738 мянган тонн цайрын баяжмал гаргаж авах тооцоо хийжээ. Хар тугалга 165-424 мянган тонн, мөнгө 652-2047 тонн, алт 3661-8069 кг, зэс 8953-28601 орчим тонн бий. Мөн газрын ховор элементэд орох кадми 1124-3867 тонн, селен 91-272 тонн, теллур тэргүүтнvvд 98-272 тонн бийг тухайн үед геологчид тогтоож байжээ. Бас ураны 250 гаруй тонн нөөцийг баталгаажуулсан байдаг. 
 
Энэхүү асар их нөөц баялаг бүхий ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг одоо БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Шинь Шинь” ХХК эзэмшдэг. Анх ордыг “Азиа Фарист” компани эзэмшиж байсан агаад 2004 онд “Шинь шинь”-ийн мэдэлд шилжин иржээ. Ордын нөөцийг улсын төсвийн хөрөнгөөр тогтоосон учраас улсын төсвийн хөрөнгийн нөхөн төлбөрийн гэрээ хийсэн байна. Улсын төсвөөс хайгуулд зарцуулсан 1,302,205 ам.долларыг 2007 оны нэгдүгээр сард   бүрэн төлж дууссанаа компанийн удирдлага мэдэгдсэн байдаг.

“Шинь шинь” нь Улааны холимог металлын орд газарт цайрын баяжуулах үйлдвэр барьж буй. Техник, эдийн засгийн үндэслэлд тусгаснаар энэ үйлдвэр өдөрт 3000 тонн хүдэр баяжуулж, жилд 900000 тонн металл авахаар төлөвлөжээ. Хүдрийнх нь агуулга хар тугалга 1.31 хувь, цайр 2.71 хувь, мөнгө 59.46 г/тн байхаар тооцжээ. Жилд хар тугалга 10021 тонн, цайр 20975 тонн, мөнгө 26746 кг-ыг гаргана. Нийт хөрөнгө оруулалтын хэмжээг 55 сая ам.доллар байхаар тооцсон байна.

Компанийн үйл ажиллагааг хоёр жилийн өмнө Цөмийн энергийн газар болон аймгийн мэргэжлийн хяналтын газрын хамтарсан шалгалтаар хааж байсан юм. Ордыг ашиглах явцад ураны агууламжтай хүдрээс цацраг идэвхт бодис их хэмжээгээр ялгарч байсан тул ураны хүдрийг ялган авч ашиглах, ажилчдын эрүүл мэндийг хамгаалж, цацраг идэвхт бодисын ялгарлаас сэргийлэх ёстой гэсэн шаардлага тавьж, үйл ажиллагааг нь түр зогсоосон ч дахин сэргээсэн. Улааны ордыг ашиглах ТЭЗҮ боловсруулж, ураны асуудлыг шийдэх үүргийг холбогдох газраас өгснөөр үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Улааны ордоос 6 км-ийн зайд орших Гурванбулагийн орд газарт уран боловсруулах үйлдвэр барих гэж буй Хятадын Засгийн газрын мэдлийн “Си Эн Эн Си” компани тус ордоос уран олборлоно гэсэн тохиролцоог хоёр компани хоорондоо хийснээр Улааны ордын нөөцөд бүртгэгдсэн 250 тонн ураныг ашиглах болсон тухай мэдээ байна.

“Шинь шинь” компанийн хувьд олон таагүй мэдээ сонстдог, монголчуудад тун ч нэр хүнд муутай компаниудын нэг. Ордын 1989 онд тогтоогдсон нөөцүүдийг ихээхэн багасгаж дарсан ТЭЗҮ-гээр үйл ажиллагаа явуулдаг,  ашигт малтмалыг сорчлон ашигладаг, цайр, хар тугалгаас бусад нөөцүүдийн ашиглалтын асуудлыг ТЭЗҮ-дээ тусгаагүй, хөрсөнд хортой уусмал шингээсэн, ураны олборлолтыг хууль бусаар явуулж буй гэсэн хэл ам энэ компанийг үргэлж дагасаар ирсэн. Энэ онд Улааны холимог металын ордод хууль бус үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр компанийн удирдлагуудад нь эрүүгийн хэрэг үүсгэн, уурхайг битүүмжилсэн ч хэргийг хэрэгсэхгүй болгосон мэдээлэл хамгийн сүүлд цацагдаад байна.

39. Цавын цайр, хар тугалгын орд

Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт харьяалагддаг Цавын орд нь манай улсын цайр, хар тугалгын томоохон ордын нэг.
Энэ ордоос 123 мянган тонн цайр олборлох тооцоо гаргасан байдаг. Цавын ордын лицензийг мөн л Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Шанлун” компани эзэмшдэг. Ашиглалтын лицензтэй тул олборлолт явуулж байгаа. “Шанлун” 2003 оны долдугаар сарын 28-нд 6098А тоот лицензийг авчээ. Өнөөдрийн мэдэгдэж байгаа нөөц нь 3.5 сая тонн хүдэр, 226.2 мянган тонн хар тугалга, 123.3 мянган тонн цайр, 881.9 тонн мөнгө, 5.6 тонн зэстэй. Үндсэн ба дагалдах металын агуулга: цайр 3,4%,  мөнгө 150 г/тн, алт 0,8 г/тн, зэс 0,3 г/тн, хүхэр 5,22%, висмут 0,012%, кадмий 0,0012% гэж тогтоожээ. 
 
Социализмын үед оросууд энэ ордын ихээхэн нөөцийг тогтоон уурхайн ажлыг эхлүүлсэн байна. Үүнийг хятадууд үргэлжлүүлэн далд уурхайг гүйцээж, хүдэр олборлон баяжуулах үйлдвэр байгуулан 2006 оны долдугаар сард ашиглалтад оруулжээ. Гэхдээ баяжуулах үйлдвэр нь хоцрогдсон технологитой. Олборлосон хүдрээ хагас баяжуулан урд хөршид гаргадаг байна. 

Мөн л төмөр, кадми, хар тугалга, мөнгө, алт зэрэг дагалдах металыг нь өмнөд хөршид аваачин ялгаж авдаг гэсэн мэдээлэл явдаг. Энэ ордод ураны нөөц илэрсэн гэдэг мэдээлэл байдаг ч өөрсдөө үгүйсгэдэг.
Цавын холимог металын орд газарт Дорнодын экспедици хайгуулын ажил гүйцэтгэж, хар тугалга, цайрын нөөцийг үнэлсэн бөгөөд 1990-ээд онд Японы ЖАЙКА-гийн “Уудам тал” төслийн хүрээнд уг ордод нэмэлт судалгаа явуулж, LCD дэлгэцийн гол түүхий эд болох Индий үйлдвэрлэлийн агуулгатайгаар агуулагдаж буйг тогтоосон байдаг. Гэхдээ “Шан луу” компанийн ТЭЗҮ-д хар тугалга, цайртай эвшил үүсгэж байгаа Индийн ашгийг яаж тооцох талаар огтхон ч дурдагдаагүй аж. 

Б.Палам тэргүүтэй манай эрдэмтэн судлаачид Италийн эрдэмтэн судлаачидтай хамтран, Цавын холимог металын ордод судалгаа хийгээд метал мөнгөний хүдэр гэж хэлэхээр их хэмжээний мөнгөний зэрэгцээ газрын ховор шороон элемент тодорхой хэмжээгээр агуулагдаж буйг тогтоосон байна. Эдгээрийг ашиглахын тулд олборлон баяжуулах үйлдвэр байгуулснаар баяжмалаас мөнгө болон газрын ховор шороон элементийг ялган авах боломжтой. Цавын галенитийг дан ганц хар тугалга, цайрын үнээр биш түүнд агуулагдаж буй мөнгөний үнийг оролцуулан үнэлж борлуулвал эдийн засгийн илүү үр дүнд хүрч болохыг тогтоосон байдаг. Гэсэн ч Цавын ордыг эзэмшиж буй “Шан луу” компани зөвхөн цайр болон хар тугалга олборлох зөвшөөрөлтэйгээр ашигласаар байна.


Сэтгэгдлийг ачаалж байна ...
Санал асуулга
Оюутолгой ордыг Рио Тинто 100% эзэмших хүсэлт гаргаж байгааг Та дэмжих үү?
  • Дэмжинэ
  • Дэмжихгүй

ШИНЭ

УУЛ УУРХАЙН ХУАНЛИ

2012
1 сар