Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

“Рио Тинто” “Оюутолгой”-н санхүүжилтийг цуцлахгүй

BHP Billiton Австралид хэрэгжүүлж буй зэсийн төслөө өргөжүүлэхээр 30 тэрбум ам.долларын төсөв батлаад байснаа цуцалсны дараахнаас “Оюутолгой” төслийн санхүүжилт цуцлагдаж магадгүй гэсэн таамаг гараад байсан юм. BHP-ийн хэрэгжүүлж буй Olympic Dam зэсийн төсөл нь дэлхийн хамгийн том зэсийн төслүүдийн нэг. Энэхүү орд “Оюутолгой”-гоос ч илүү нөөцтэй нь тогтоогджээ. Olympic Dam төслийн хүрээнд хамгийн сүүлийн хайгуулаар ордын нөөцийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, 8.34 тэрбум тонн зэсийн хүдэр гэж тогтоожээ. Ордод зэс төдийгүй уран, алт, мөнгөний арвин их баялаг агуулагдаж буй ажээ. Гэхдээ BHP хүдрийн биетийн зэсийн дундаж агуулгын хэмжээг нарийн мэдээлээгүй байна.

Olympic Dam одоогийн байдлаар жилдээ 600 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж байгаа бөгөөд төслийг өргөтгөснөөр 2.4 сая тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх чадамжтай болох байв.

“Оюутолгой” төслийн хувьд “Рио Тинто”-гийн хамгийн гол төслүүдийн нэг бөгөөд төслийн нэгдүгээр үе шатад 6.2 тэрбум гаруй ам.доллар зарцуулах тооцоо гараад байгаа юм. Харин 2017 онд ашиглалтад орох төслийн хоёрдугаар үе шатад нэмж 4-5 тэрбум ам.доллар зарцуулагдах тооцоо гарчээ. BHP томоохон төслийнхөө өргөтгөлийн ажлыг цуцалсантай холбоотойгоор “Рио Тинто” ч “Оюутолгой”-н санхүүжилтийг бууруулж магадгүй гэсэн таамгийг тоймчид дэвшүүлээд байгаа юм.

Хэдийгээр “Рио Тинто” компанийнхаа төсвийг ахин хянаж буй гэдгээ мэдэгдсэн ч  уг шийдвэр нь энэ жилийн төсөвт хамаарахгүй юм байна. “Рио Тинто” хэрэгжүүлж буй төслүүдийнхээ техник, тоног төхөөрөмжид энэ жил нийт 16 тэрбум ам.доллар төсөвлөөд байгаа юм. Тиймээс 6.2 тэрбум ам.долларын төсөв бүхий “Оюутолгой” төслийн эхний шатны ажилд ямар ч хүндрэл гарахгүй тухай тус компанийн Зэсийн хэлтсийн захирал Andrew Harding мэдэгджээ.  Харин Olympic Dam-ын өргөтгөл цуцлагдсанаар дэлхийн зэсийн зах зээл дэх нийлүүлэлтийн хомсдолтой байдал хэвээр үргэлжлэх магадлал улам нэмэгдлээ гэж тэрбээр тайлбарлажээ.  Олон улсын хэвлэлүүдийн зарим тоймч “Оюутолгой” төслийн хоёрдугаар үе шатад шаардлагатай төсвийг “Рио Тинто” дахин хянаж үзэж магадгүй гэж таамаглаж буй ч зэсийн зах зээлийн урт хугацааны төлөв болон уг металын нийлүүлэлтийн байдал зэрэг нь хүрэн металын ханш өндөр байх баталгааг өгч буй юм.

Б.Төгс