Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Петро Матад”-ын хувьцааны ханш 20-иод хувиар уналаа

Лондонгийн хөрөнгийн биржийн AIM зах зээл дээр бүртгэлтэй “Петро Матад лимитед” /LON:MATD/ компанийн хувьцааны ханш сүүлийн хоёр өдөр огцом унаж байна. “Петро Матад лимитед” нь Монголд газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулдаг “Петро Матад” компанийн толгой компани юм.

Өнгөрсөн баасан гаригт компанийн зүгээс энэ жил хийх ажлын талаарх мэдээллээ гаргажээ. Уг мэдээлэлд энэ жил хайгуулын талбайнууддаа шинээр өрөмдлөгийн ажил хийхгүй гэсэн байсан юм. Компанийн Гүйцэтгэх захирал Douglas McGay хэлэхдээ, “Өнгөрсөн жил Давсан толгойд хийсэн өрөмдлөгийн хариу бидний санаанд нийцээгүй. Тийм болохоор бид өөрсдийнхөө хөрөнгө, хүчин чадалд таарсан хайгуулын ажил явуулна” гэсэн байна. Ирэх дөрвөн сард 20 болон тавдугаар талбай дээр өрөм тавих газрыг нарийн тооцож гаргах чичирхийллийн судалгаа хийх юм байна.

Энэхүү мэдээллийн дараагаар Лондонгийн хөрөнгийн бирж дээрх компанийн хувьцаа огцом унажээ. Пүрэв гаригт 15,5 пенсээр хаагдсан /0,155 фунт/ хувьцаа баасан гаригийн арилжаа нээгдэхэд 14 пенс болж, тухайн өдрөө 13,2 пенс болж 20 хувиар буурч хаагджээ. Харин өнөөдрийн арилжаа Лондонгийн цагаар дөнгөж эхэлж байгаа бөгөөд 13,29 пенсийн үнэтэй байна. Жил гаруйн өмнө 200 пенс буюу 2 фунт хүртлээ өсч байсан компанийн хувьцаа ийнхүү огцом унаж, 2008 оны тавдугаар сард IPO хийж байсан үнээсээ доошоо оржээ. Он гарсаар “Петро Матад” компанийн хувьцаа 37 пенсээс тасралтгүй буурсаар байгаа юм.

С.Болд-Эрдэнэ