Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Тавантолгойн таамаг биеллээ олж байна

Тавантолгойн орд газар дахь төрийн мэдлийн хэсгийг бүхэлд нь эдийн засгийн эргэлтэд оруулах ажил нэг шат урагшиллаа. Энэ сарын 4-нд задалсан стратегийн хөрөнгө оруулагчийн төлөөх хураангуй жагсаалтад зургаан оролцогч бүхий олон улсын 22 компани, корпорацийн нэгдэл тунаж үлдээд байна. Тодруулбал, Люксенбургээс гаралтай “Арселор Митал” лимитед, Бразилын “Вале”, АНУ-ын “Пибоди Энержи”, Австралийн “Экстрата” групп болон “Мицуи”, “Шинхуа Энержи”-ийн нэгдэл, “Оросын төмөр зам” нийгэмлэг, Япон, БНСУ-ын оролцогчдоос бүрдсэн консорциум хураангуй жагсаалтад шалгарчээ.

“Шинхуа Энержи” ба “Мицуй”.  “Шинхуа Энержи”   224.8 сая тонн нүүрсний нөөц эзэмшдэг төдийгүй  БНХАУ-ын нүүрсний экспортын 38 хувийг дангаар хангадаг. Харин “Мицуи” групп дэлхийн 65 оронд 153 төлөөлөгчийн газартай. Ган, төмөр боловсруулалт, дэд бүтэц, машин техник төхөөрөмж,  тээврийн салбар дахь үйл ажиллагаагаараа Азийг бараг бүхэлд нь хамарсан зах зээлтэй. 

“Арселор Митал” лимитед нь дэлхийн ган үйлдвэрлэлийн 8 хувийг дангаар хангадаг бөгөөд  60 оронд салбар оператортой. Уул уурхайн үйлдвэрлэлийнх нь 75 хувийг төмрийн хүдрийн олборлолт, борлуулалт эзэлдэг бол 13 хувьд нь нүүрсний үйлдвэрлэл багтдаг аж. 

“Пибоди Энержи” групп дэлхий даяар нийт 9 орчим тэрбум тонн нүүрний батлагдсан нөөцтэй,  секунд тутамд 8 тонн нүүрс олборлодог.  Дэлхийн эрчим хүч үйлдвэрлэлийн хоёр хувь,  АНУ-ын 10 хувийг дангаар хангадаг.

“Вале”. Бразилын төмрийн хүдрийн үйлдвэрлэлийн 60 хувь, нийт экспортын 80 хувийг дангаар хангадаг. Дэлхийн хэмжээн дэх нийт үйлдвэрлэлийн 15 хувийг мөн хангадаг төдийгүй тус улсдаа нэлээд хэд хэдэн муж дамнасан төмөр замаар уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх гэрээтэй ба гурван ч боомт эзэмшдэг. 

“Экстрата” групп Лондон, Швейцарийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй. Өдгөө 19 оронд уул уурхайн төсөл хэрэгжүүлж байгаа. Алт, гууль, мөнгө, металын хайлш, нүүрс, зэс, никель, цайр, дахин боловсруулах  үйлдвэрлэл эрхэлдэг.

Орос, Солонгос, Япон гурав. “Оросын төмөр зам” нийгэмлэг “Сумитомо”, “Иточу”, “Сожиц”, “Марубени” группын хамтарсан Япон улсын консорциум болон “Корес” группээр ахлуулсан БНСУ-ын 11 компаниудын нэгдэл тус тус Тавантолгойн хөрөнгө оруулагчаар шалгарах магадлал тээн үлдэж байна.

Орд газрын Цанхийн баруун хэсэгт хөрөнгө оруулж, олборлолт эрхлэн Монгол улсын төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанитай хамтран ажиллах саналаа ирүүлсэн 15 оролцогчоос сонгогдох магадлалтай гэх таамагт өртөөд байсан өрсөлдөгчид цөм хураангуй жагсаалтад багтсан байгаа юм. Зургаан оролцогчтой Засгийн газраас томилогдсон Ажлын хэсэг хэлэлцээр хийнэ. Ингэхдээ дамжин өнгөрөх тээвэр, боомт ашиглалт, борлуулалт, хөрөнгө оруулалтын нөхцөл, урьдчилгаа төлбөрийн асуудлаар хэлэлцэж тохирсны дүнд эцсийн шалгаруулалтыг явуулах юм. Хэлэлцээрийн явцад оролцогчид хоорондоо нэгдэх боломжтой.