Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хувьцаа

“SouthGobi” авто зам тавина

“SouthGobi” энэ оны хоёрдугаар улиралд 1.05 сая тонн нүүрс борлуулж, 47.3 сая долларын орлоготой ажилласнаа өнгөрсөн сард мэдээллээ. Энэ нь тус компанийн улирлын хамгийн өндөр орлогод тооцогдож буй юм. Харин оны эхний хагасын байдлаар нүүрсний борлуулалтаас 67.4 сая ам.долларын орлого олжээ.

Тус компани Өмнөговьд орших “Овоот толгой” уурхайд үйл ажиллагаа явуулж буй бөгөөд нүүрсээ уурхайн амнаас нь шууд борлуулж буй юм. Тус компанийн борлуулж буй хагас коксжих нүүрс үнслэгийн хэмжээ их багаасаа хамаараад хоёр янзын үнээр худалдаалагдаж байна. Үнслэг багатай нь 65 ам.доллар/тонн, үнслэг ихтэй нь 38.2 ам.доллар/тонн-ын үнээр борлуулагдаж буй ажээ.  Энэхүү үнийн дүнг нэгтгэвэл “SouthGobi” нүүрсээ дунджаар 54 ам.доллараар үнэлэн гаргаж буй бөгөөд энэ нь оны эхний улирлын байдалтай харьцуулахад 7 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг “SouthGobi” санхүүгийн тайландаа дурджээ. “SouthGobi” энэ гуравдугаар улиралд 1.2-1.6 сая тонн нүүрс экспортлох төлөвтэй байна.

Одоо шороон замаар нүүрс тээвэрлэж буй тус компани “Овоот толгой”- “Шивээхүрэн – Сэхэ” боомтын чиглэлд жилд 20 сая тонн ачаа тээвэрлэх даацтай хатуу хучилттай зам барих эрхийг наймдугаар сарын 2-нд Төрийн өмчийн хорооноос авчээ. “SouthGobi” зам барих ажлыг “NTB” компанитай хамтран энэ жилээс эхлүүлэхээр төлөвлөж байна.

MMJ сэтгүүлийн дараагийн дугаарт өмнөд хилийн гурван боомтоос хийсэн дэлгэрэнгүй сурвалжлага нийтлэгдэх ба боомтуудын үйл ажиллагаанд учирч буй бэрхшээл, манай төрийн байгууллагуудын ажлын уялдаа, төсөв хүрэлцэхгүй байгаа, орон нутгийн иргэдийн санаа бодол  зэрэг иж бүрэн сэдвийг хөндөнө.