Шинэ мэдээ
Зэсийн үнэ унаж байна
Дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгч Чили улсад 1 фунт зэсийн үнэ 3 доллар 85 цент байсан бол 3 доллар 52 цент болж унаад байна. Ирэх жил гэхэд энэ байдлаараа унасаар 3 доллар 48 цент болох хандлага ажиглагдаж байгаа ажээ.
“Зэсийн эрэлт багасч, их хэмжээний хуримтлал үүсээд байгаа нь үнийн уналтын гол шалтгаан болж байна” гэж “Cochilco” зэсийн комиссоос мягмар гарагт мэдээлсэн байна.
Коксжих нүүрсний үнэ эрчимтэйгээр доошилжээ
Ган үйлдвэрлэлийн гол түүхий эд төмрийн хүдрийн үнэ өнгөрсөн долоо хоногт доод түвшиндээ хүрсэн бол коксжих нүүрсний үнэ ч багагүй хэмжээгээр буурчээ. Эрдсийн түүхий эдийн зах зээл судалгааны байгууллага “Platts”-ийн мэдээлж буйгаар, өнгөрсөн долоо хоногт коксжих нүүрсний үнэ Австралийн боомтууд дээр 153-175 ам.доллар/тонн-д хүрч буужээ.
Нүүрсний экспорт 19 хувиар өсчээ
Энэ оны эхний долдугаар сарын байдлаар Монголын нүүрсний экспорт өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 19 хувиар өсчээ. Статистикийн газрын мэдээлж буйгаар, өнгөрсөн долдугаар сарын үзүүлэлтээр Монголын нүүрсний экспортын хэмжээ 11.2 сая тоннд хүрчээ. Харин өнгөрсөн оны мөн үеийн байдлаар нүүрсний экспорт 9.3 сая тонн байжээ.
Royal Dutch Shell хөрөнгөө евро бүсээс татаж байна
Дэлхийн газрын тосны томоохон компани болох Royal Dutch Shell нь Европын банкуудаас хөрөнгөө татаж эхлэв.
“Бид евро бүсийн өрийн хямралын эрсдэлийг давахад бэлэн биш байна” хэмээн тус компанийн санхүүгийн захирал Саймон Хенри мэдэгджээ. Royal Dutch Shell нь евро бүсийн салбар компаниудын үйл ажиллагаанд нэн шаардлагатай хөрөнгийг л зөвхөн банкинд байршуулах аж.
Оросын төмөр замын тээврийн тариф 7 хувиар нэмэгдэнэ
ОХУ-ын Омск хотноо Төмөр замын тээврийн тарифын талаар төрөөс баримтлах бодлогын тухай хурал зохион байгуулагдаж байна. Энэхүү хуралд тус улсын Засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев оролцож байгаа юм. Тэрбээр 2013 онд төмөр замын ачаа тээврийн тарифыг долоон хувиар нэмэгдүүлэхээр болсон тухай хуралдааны үеэр мэдэгдэв.
Айвенхоу TRQ симболоор арилжаалагдана
“Айвенхоу Майнз” компани энэ сарын 1-ээс эхлэн “Turquoise Hill Resources” буюу “Оюутолгой ресурс” хэмээн албан ёсоор нэрлэгдэх болсон билээ. Шинээр нэрлэгдэх болсны маргааш өдөр нь компанийн хувьцаа 7,6 хувиар өсч 8,64 ам.доллараар арилжаалагдсан юм. Тус компани нь энэ сарын 8-наас эхлэн Торонто, Нью-Йорк болон Насдакийн хөрөнгийн бирж дээр “TRQ” гэсэн товчлолоор хувьцаагаа арилжаалах тухай албан ёсоор мэдэгдэж байна.