Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Оросын нүүрсний экспорт 14%-иар буурчээ ОХУ энэ оны эхний хоёр сарын байдлаар 25.2 сая тонн нүүрс экспортолсон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14%-иар бага аж. Мөн хугацаанд тус улсын нүүрсний олборлолт 7.5%-иар буурч 66.54 сая тонн болжээ. Коронавирусын дэгдэлтийн улмаас Алс Дорнодын бүс нутгийн Хятадтай хиллэх хуурай боомтуудыг дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл хаасан бөгөөд далайн боомтуудаар нүүрс экспортолж байна. 2019 онд Орос улс нийт 193.6 сая тонн нүүрс экспортолжээ.
“Эрдэнэ Ресурс”  “Алтан нар” алтны төсөлд ашиглалтын тусгай зөвшөөрөл авлаа Канадын хөрөнгө оруулалттай “Эрдэнэ Ресурс” компани Баянхонгор аймагт орших “Алтан нар” алт, полиметалын ордын төсөл дээр 30 жилийн хугацаатай ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан тухайгаа мэдээллээ. Энэ талаар тус компанийн Ерөнхийлөгч ба Гүйцэтгэх захирал Петер Акерли “Алтан нар ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг авсан нь Хөндий алтны дүүргийн хөгжүүлэлтэд чухал алхам боллоо. Төслийн  тусгай зөвшөөрлийн талбай нь өндөр агуулга бүхий нөөц агуулснаас гадна Хөндий алтны төслийн техникийн тайланд: Баян хөндийн хүдэр боловсруулах үйлдвэрээр дамжуулан Алтан нарын хүдрийг олборлох боломжтойг тодорхойлсон. Эцсийн техник эдийн засгийн үндэслэлд Алтан нар хэрхэн Баян хөндий алтны төслийн ашиглалтын хугацааг уртасгах боломжтойг судалж байна. Мөн 2020 оны хайгуулын хөтөлбөрийг хоёрдугаар улиралд эхлүүлэхээр төлөвлөөд байна” гэжээ.
Хятадын төр Симандоу орд дахь ”Чайналко” компанийн төслийг дэмжинэ Гвиней дахь төмрийн хүдрийн үлэмж нөөцтэй Симандоу ордын 39.95%-ийг эзэмшиж буй ”Чайналко” компанийн төслийг SASAC буюу Хятадын төрийн өмчийг хянах комисс дэмжжээ.  Уг төслийг Хятадын хөгжлийн банк болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас санхүүжүүлэх хувилбарыг судалж байна.  Симандоу ордын III, IV талбайг Хятадын “Чайналко” компани (39.95%) болон Австралийн “Рио Тинто” групп (45.05%) эзэмшдэг. Өмнө нь “Рио Тинто” групп өөрийн хувь эзэмшлээ 1.1-1.3 тэрбум ам.доллараар санал болгоход Хятадын компани татгалзсан юм. Гэхдээ 2017 онд “Чайналко” компани Симандоу ордыг бүхэлд нь худалдан авах саналаа Гвиней улсын Засгийн газарт тавьж, дангаараа хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдэж байсан билээ.   
“Shanghai Metals Market”: Хятадын зэсийн үйлдвэрлэл гуравдугаар сараас сэргэнэ Хоёрдугаар сард Хятад улс 683.1 мянган тонн катодын зэс үйлдвэрлэжээ. Энэхүү үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.1%-иар буурсан гэж “Shanghai Metals Market” мэдээлсэн байна. Тус улсын дотоодын тээврийн хөдөлгөөний хязгаарлалтын улмаас эрэлт буурч, үйлдвэрүүдийн нөөц нэмэгдсэнээр зарим компаниуд зэсийн үйлдвэрлэлээ танах, түр зогсооход хүрсэн. Энэ сарын эхээр гол бүс нутгийн тээврийн хөдөлгөөнийг нээж байгаа учир Хятадын үйлдвэрүүд сэргэхэд нөлөөлнө шинжээчид үзэж байна. 
Ч.Хүрэлбаатар: Арилжааны банкууд зээлийн хүүг буулгах талаар ярилцаж байгаа Засгийн газрын хуралдаанаар (2020.03.11) эдийн засагт авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцсэн талаар Сангийн сайд Ч. Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. Тэрээр “У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш эдийн засгийн бодлогыг зөв явуулах тал дээр анхаарч ажилласан гэдгийг онцлох нь зүйтэй. Тухайлбал 2018 онд Монголын эдийн засаг 7.3%-иар өсөхөд төсөв ашигтай гарч байсан. Харин 2019 онд эдийн засгийн өсөлт 5.3%-тай байхад төсвийн алдагдал 600 орчим тэрбум буюу ДНБ-ний 1.7%-тай тэнцсэн. Энэ нь нөөц, хуримтлал бий болгох чиглэлд ажилласныг илтгэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор “Ирээдүй өв сан”-гийн хөрөнгө 2019 онд 538 тэрбум төгрөг байсан бол өнөөдөр 620 орчим тэрбум болж нэмэгдсэн. Мөн өмнө нь Засгийн газар 8.2 их наяд төгрөгийн өр төлсөн. Энэ нь эдийн засгийн ямар нэг хүндрэл үүсэхэд үүнийг даван туулах, зарцуулах хуримтлалыг бий болгох бодлого бөгөөд коронавирусын энэ цаг үед хэрэг болж байгаа гэдгийг хэлмээр байна.
Freeport-McMoRan: Зэс, алтны олборлолтоо 40%-иар нэмэгдүүлнэ АНУ-д төвтэй, зэс олборлогч “Freeport-McMoRan” компани зэс, алт олборлолтынхоо хэмжээг 40 хүртэлх хувиар нэмэгдүүлэх тухай /03.09/  мэдэгдлээ. Мөн зэс олборлолтын зардлыг 25%-иар бууруулж, ойролцоогоор нэг фунт тутамд 1.30 ам.доллар болгохоор ажиллаж байна. Ингэснээр тус компанийн мөнгөн урсгалын хэмжээ 2021 онд өнгөрсөн онтой харьцуулахад хоёр дахин, түүнээс ч их хэмжээгээр нэмэгдэнэ гэж компани тооцоолж байна. Freeport Грасбэргийн гүний уурхайн олборлолтыг нэмэгдүүлэхэд голлон анхаарч байна. Тухайлбал он гарснаас хойших хугацаанд буюу гуравдугаар сарын 5-ны байдлаар “Grasberg Block Cave” болон “Deep MLZ” зэрэг гүний уурхайн хүдэр олборлолт өдөрт дунджаар 35,000 тоннд хүрсэн нь 2019 оны дөрөвдүгээр улирлынхаас 35%-иар ахиу дүн боллоо.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэмийн хугацаа дуусав “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” ТӨҮГ- т тогтоосон онцгой дэглэмийн хугацаа (2020.03.06)дуусгавар боллоо. УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2019 оны Н05/05 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр’, "Монголросцветмет’’ -д үүсээд байгаа маргаантай нөхцөл байдлыг шийдвэрлэх, цаашид үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангуулах зайлшгүй шаардлагыг харгалзан үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосон. Тус хугацааг дахин хасаг жилээс сунгасан нь энэ онд ийнхүү дуусч байгаа юм.  
Монголбанк: Бодлогын хүүг 10% болгож буурууллаа Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны гуравдугаар сарын 11-ний өдрийн ээлжит хурлаар бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 10%-д хүргэхээр шийдвэрлэсэн байна. Мөн банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2 нэгж хувиар бууруулж, 8.5%-д тогтоохоор боллоо. Жилийн инфляци энэ оны эхний сард улсын хэмжээнд 5.6%, Улаанбаатар хотын хэмжээнд 6%-тай гарсан байна. Эдийн засгийн өсөлт саарах хандлага үргэлжилж,  эрэлтээс үүдэлтэйгээр инфляци тогтвортой байх төлөвтэй байна. Харин импортын хүнсний зарим бүтээгдэхүүний хангалт удаашрах тохиолдолд нийлүүлэлтээс улбаатай инфляцийн хэлбэлзэл үүсч болзошгүйг төв банк сануулжээ.
ОХУ: Үндсэн хуулийн өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг хязгаарлахгүй ОХУ-ын Үндсэн хуулийг өөрчлөх төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг  Төрийн Дум (2020.03.10) хийсэн байна. Анхны сансрын нисгэгч эмэгтэй Валентина Терешкова төрийн Думын гишүүний хувьд “Нэгдсэн Орос” намыг төлөөлж Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг  2 удаа улиран ажиллах хязгаарыг хүчингүй болгох саналыг дэвшүүлжээ. Төрийн Дум хагас цагийн завсарлага авсан бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хэлэлцүүлэгт хүрэлцэн ирж үг хэлэхдээ шинэ саналыг дэмжиж буйгаа мэдэгдсэн аж. Түүний мэдэгдлийн дараагаар, Үндсэн хуулийн өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг хязгаарлахгүй байхаар төрийн Дум болон доод танхим тогтсон байна.
Хятадын гангийн үйлдвэрлэгч “British Steel” компанийг худалдан авлаа   Их Британийн гангийн хоёр дахь том компанийг Хятадын корпораци худалдан авах хэлэлцээр (2020.03.10) өндөрлөсөн байна. Тодруулбал, “British Steel” компанийн гангийн үйлдвэрүүдийн хувь эзэмшлийг 90 сая ам.доллараар Хятадын төмөрлөгийн “Jingye Group” корпораци худалдан авчээ. Хувь эзэмшилд Их Британи дахь гангийн 3 үйлдвэр, Нидерланд дахь 2 үйлдвэр багтсан байна. Ингэснээр дампуурахад хүрээд байсан “Teesside Beam Mill” болон “Skinningrove” зэрэг гурван гангийн үйлдвэрийн үйл ажиллагааг сэргээхэд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна гэдгээ “Jingye Group” корпорацийн Ерөнхий захирал Ли Хуймин мэдэгджээ. Нөгөөтэйгүүр, энэхүү хэлэлцээр амжилттай болсноор “British Steel” компанийн 400 ажилтныг цомхтгож 3200 ажлын байрыг хадгалж байгаа юм.
“Мечел” компани Элга ордын 51%-ийг 100 тэрбум рублиэр худалдана Оросын Якут дахь 2.2 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй Элга ордын 51%-ийг худалдах тухай мэдээлэл цацагдсанаар Москвагийн хөрөнгийн бирж дээр “Мечел” компанийн ердийн хувьцааны ханш 10%-иар өсчээ. Ингэснээр нэгж хувьцааны үнэ 101.5 рубльд хүрсэн байна.“Мечел” компани нь сайн чанарын коксжих нүүрсний ордын 51%-ийг 100 тэрбум рублиэр худалдахаар хөрөнгө оруулагчдад санал болгожээ. Тэгэхээр уг төслийн нийт үнэлгээ 196 тэрбум рубль хүрч байгаа юм. Элга төслийн 49%-ийг Газпромбанк эзэмшдэг. 2016 онд Газпромбанк 34.4 тэрбум рублиэр худалдан авсан.
Алс Дорнодын хуурай  боомтууд  хаагджээ  Коронавирусын дэгдэлтийн улмаас ОХУ-ын Ерөнхий сайд Сергей Мишустин Алс Дорнодын бүс нутгийн Хятадтай хиллэх хуурай боомтын 16 цэгийг нэгдүгээр сарын 30-наас гуравдугаар сар хүртэл хаах шийдвэрийг гаргасан юм. Тэр дунд төмөр болон авто замын Забайкальск-Манжур, Благовещенск -Хэйхэ, Нижнеленинское-Тунзян, Пограничный–Суйфэнхэ, Гродеково–Суйфэньхэ болон Махалино–Хуньчунь   багтаж байна. Оросын хувьд Хятад, цаашлаад Азийн нутгийн орнуудын зах зээлд Монголын нүүрсний томоохон өрсөлдөгч орон юм. Хуурай боомтын тээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд хорьсноор Оросын нүүрсний экспортод   нөлөөлж эхэлжээ.
Газрын тосны ханш огцом суларч 32 ам.доллар боллоо Өнөөдрийн байдлаар (2020.03.09) Брэнт маркийн газрын тосны ханш 30%-иар (13.29 ам.доллараар) буурч 32 ам.доллар боллоо. Энэ нь 2016 оны хоёрдугаар сараас хойших хамгийн бага ханшийн түвшин болж буй төдийгүй сүүлийн бараг 30 жилд тохиогоогүй огцом уналтаар тооцогдож байна. Ханш буурч буй нь коронавирусын дэгдэлтээс бус ОПЕК болон түнш орнуудын хагарлаас болсон гэж хэлж болно. Тодруулбал, ОПЕК болон ОХУ-ын хооронд газрын тосны “тулаан” эхэлсэн байж болзошгүй гэж зарим шинжээч үзэж байна. Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ОПЕК болон хамтрагч орнуудын хооронд өнгөрсөн баасан гаригт (2020.03.06) Австрийн Вена хотноо болсон хурлаар зөвшилцөлд хүрч чадаагүй юм. Уг хурлын үеэр тус байгууллагын одоогийн хэрэгжүүлж буй газрын тосны гарц танах хөтөлбөрийн хугацааг сунгах санал дэмжигдээгүй байна. Хөтөлбөрийн хугацаа дөрөвдүгээр сарын 1-нд дуусгавар болно.
Тавантолгой-Зүүнбаян төмөр замын 4.5 км-т рейльс төмөр тавиад байна Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Дорноговь аймагт ажиллаж Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын ажлын явц, гүйцэтгэлтэй танилцан холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өгчээ. Мөн энэ үеэр Зүүнбаян өртөө дэх “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Шуурхай удирдлагын төвд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн Ажлын хэсэг хуралдсан байна. Ажлын хэсгийн хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн сайд, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөлд шаардлагатай болон цаашид үргэлжлэн хэрэгжих Сайншанд-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замтай Зүүнбаян өртөөг холбохтой уялдуулж өргөтгөхөд шаардагдах газрын асуудлыг орон нутгийн удирдлагуудтай хамтран шийдвэрлэх, төслийн барилгын ажилд шаардлагатай материалыг цаг хугацаанд нь гаднаас (импортлох)нийлүүлэх зэрэг ажлыг сайтар зохион байгуулахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгожээ.  
1072 хувьцааг иргэнээс иргэний гарт дамжуулан худалдах боломжгүй Иргэдэд 1072 хувьцааны ногдол ашиг тараахтай холбоотой цаг үеийн  мэдээллийг “Эрдэнэс Тавантолгой” ХК  долоо хоног бүрийн даваа гаригт хэвлэлийнхэнд өгч байгаа билээ. Өнөөдрийн хэвлэлийн бага хуралд “1072 хувьцаа мэдээллийн төв”-ийн менежер Э.Баатарцогт, “Гүүдсек” брокерийн компанийн менежер М.Солонго нар оролцсон юм. Дэлхийг түгшээсэн “COVID-19” коронавирусаас сэргийлэх ажлын хүрээнд тус компани хувьцаа эзэмшигчиддээ мэдээлэл хүргэх, хувьцааны данс шалгах, данс нээх үйлчилгээг онлайн орчинд зайны технологи ашиглан зохион байгуулж буй. Өнгөрсөн долоо хоногт мэдээллийн төвийн сошиал суваг “1072 хувьцаа мэдээллийн төв” нэртэй facebook хуудсанд давхардсан тоогоор 10 мянган орчим хүн хандаж, мэдээлэл авсан талаар тэд онцолж байв.
Эхний ээлжинд Гашуунсухайт боомтоор 300-350, Шивээхүрэн боомтоор 200 машин нүүрс экспортлоно Улсын онцгой комиссын уул уурхайн бүтээглэхүүний экспортын тээвэрлэлтийг онцгой нөхцөлд зохион байгуулах бэлтгэл ажлыг гуравдугаар сарын 15-ны дотор бүрэн хангах арга хэмжээ авах, нүүрс болон газрын тосны тээвэрлэлтийг сэргээх бэлтгэх ажлын хүрээнд Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Дорноговь аймгийн Замын-Үүд боомт, Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Өмнөговь аймаг дахь Гашуунсухайт боомт, УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав Шивээхүрэн боомтод тус тус ажиллаа. Энэ сарын 15-ны өдөр экспорт эхлэхтэй холбоотойгоор сайд Д.Сумъяабазар энэхүү томилолтынхоо талаар УОК-д танилцуулга хийснээр холбогдох шийдвэрүүд  гаргах юм байна.
Роберт Фрийдланд: Зэсийн ханш огцом өсөх нь гарцаагүй Даваа гаригт (2020.03.02) Торонто хотноо эхэлсэн “PDAC 2020“ чуулганаар “Айвенхоу Майнз” компанийн үүсгэн байгуулагч Роберт Фрийдланд илтгэлдээ зэсийн болон платинумын бүлгийн металын ирээдүй хэрхэн өнгөтэй байгааг тодорхой танилцуулсан байна. Тэрээр “2020 оны  нэгдүгээр сар нь сүүлийн 141 жилийн хамгийн “дулаан сард” тооцогдсон бөгөөд агаарын бохирдол нэмэгдсээр байгаа нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал хэвээр байна. Үүнээс болж дэлхийн эдийн засагт жилд 5 их наяд ам.долларын зардал гарч, 7 сая хүн эндэж байна. Энэ бол коронавирусээс илүү ноцтой зүйл”
Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөмжийг ил болгох хүсэлт тавьсан  Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Тавантолгойн ордыг хувьчлах гэж байна” гэсэн Ардчилсан намын даргын ахлах зөвлөх З.Энхболдын мэдэгдэлтэй холбогдуулан  холбогдуулан хэвлэлийнхэнд тайлбар өглөө.  Тэрээр Төрийн болон Албаны нууцын тухай хуулийн 19.1,  Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 247 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Төрийн болон Албаны нууцыг хамгаалах нийтлэг журмын 3.5-д дагуу Үндэсний Аюулгүй Байдлын (ҮАБ)  зөвлөлийн 2018 оны 33/21 дугаартай зөвлөмжийг ил болгох саналыг  ҮАБ-ын даргад хүргүүлж буйгаа мэдэгдлээ.
Замын-Үүдийн боомтын авто замаар нүүрсний экспорт эхэллээ   Нүүрсний экспорт эхэлснийг Гаалийн ерөнхий газраас мэдээлсэн тухай Сангийн сайд Ч. Хүрэлбаатар цахим хуудсандаа бичжээ. Тодруулбал, гуравдугаар сарын 1-нээс Замын-Үүд боомтоор автомашинууд ариутгалын шаардлагыг ханган БНХАУ-руу нүүрс экспортолж эхэлсэн байна. Авто замаар нүүрний экспортыг битүүмжилсэн чингэлэгтэй автомашинаар хийж байгаа юм. Мөн энэ өдрүүдэд Замын-Үүд боомтод ЗТХЯ-ны сайд  Б.Энх-Амгалан ажиллаж байна.
М.П.Сингх: Монголын коксжих нүүрсийг Энэтхэг импортлох бүрэн боломжтой ЗГХЭГ-ын дарга, Монгол, Энэтхэгийн Засгийн газар хоорондын комиссын дарга, Л.Оюун-Эрдэнэ БНЭУ-аас суугаа Монгол Улсад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  М.П.Сингхийг (2020.03.04) хүлээн авч уулзжээ. Уулзалтаар, 2020 онд тохиож буй хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар ирэх тавдугаар сард Монгол Улсад айлчлах бэлтгэл ажил, ойтой холбоотойгоор хамтарч хийх ажлууд, Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн явц, Монголоос Энэтхэг руу коксжих нүүрс экспортлох, үүний туршилтын тээвэрлэлтийг ойрын үед хийх боломж, мөн сансрын хиймэл дагуул хөөргөх тухай асуудлыг талууд хөндөн ярилцсан байна.