Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Г.Тэмүүлэн: “Онтрэ” ХХК-ийн төрийн эзэмшлийн хэлэлцээг ирэх оны нэгдүгээр сард эхлүүлнэ

Стратегийн ач холбогдол бүхий Оюу толгойн бүлэг ордын хил заагт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Онтрэ” ХХК-ийн төрийн эзэмших хувь хэмжээг тогтоох хэлэлцээний явцыг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Ерөнхий сайдын 2026 оны захирамжаар байгуулагдсан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэнгийн ахалж буй Засгийн газрын Ажлын хэсэг энэ сарын 9, 10-ны өдрүүдэд “Онтрэ Ресурс” болон “Онтрэ” ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж, хэлэлцээг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангажээ. Улмаар талууд албан ёсны хэлэлцээг ирэх оны нэгдүгээр сард эхлүүлэхээр товлосон байна.

Ажлын хэсэг нь Монгол Улсын Үндсэн хууль болон Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн тус компанийн хувьцаанд төрийн эзэмших хувь хэмжээг тогтоох чиглэлээр хөрөнгө оруулагч талтай хэлэлцэх чиг үүрэгтэй юм. Хэлэлцээний хүрээнд:

  1. “Онтрэ” ХХК-д төрийн эзэмших хувь хэмжээг шууд тогтоох,

  2. Эсхүл уг хувь эзэмшлийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр (АМНАТ) орлуулах гэсэн хоёр үндсэн хувилбарыг хэлэлцэж байна.

Ажлын хэсэг хэлэлцээг эцэслэсний дараа боловсруулсан санал, төслөө Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх бөгөөд аль хувилбарыг сонгох эцсийн шийдвэрийг парламент гаргах юм.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар