Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

МОНГОЛЫН ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛ БА ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛД ХҮРЭХ ЗАМ

Т.Бямбанаран

Монголын ашигт малтмалын түүхий эдийн экспорт бараг бүхэлдээ урд хөршийн зах зээлд чиглэж, тэндээ шингэдэг бол чухал ашигт малтмалын экспортод нийлүүлэлтийн олон хувилбар бүхий зах зээл хүлээж байна. Хятад төдийгүй барууны, тэр дундаа Европын зах зээл Монголд харьцангуй нээлттэй байна.

Уг асуудлаар Монголын Чухал Ашигт Малтмалын Ассоциацийн (МЧАМА) Удирдах зөвлөлийн дарга М.Дагва "Монгол Улсын критикал минерал: Европын Холбоо болон дэлхий нийтийн нийлүүлэлтийн сүлжээнд нэгдэх нь" сэдэвт чухал сонсгол хийлээ. Тэрээр Монголын критикал минералын нөөц бололцоо, хэтийн төлөв, гадаад зах зээл тэр дундаа Европын орнууд руу бүтээгдэхүүн экспортлох боломж хийгээд сорилтын талаар ярилаа. Манай улс барууны зах зээлийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэхийн тулд хайгуул, олборлолтын шатнаас ахиж, нэмүү өртөг шингээх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл дан ганц түүхий эд гаргах одоогийн хэв загвар нь хангалтгүйг тэрбээр илтгэлдээ онцлов.

Тодруулбал, критикал минералын өртгийн сүлжээний хамгийн эхний шат нь хайгуул, олборлолт (upstream) бөгөөд үүнд геологийн судалгаа, хайгуул, ордын нөөц тогтоох, уурхай байгуулах, хүдэр олборлох зэрэг үйл явц багтана. Үүний дараагийнх болох боловсруулалт, металлургийн шат (midstream) нь олборлосон хүдрийг илүү нэмүү өртөг шингээсэн материал болгох зорилготой юм. Үүнд хүдэр бутлах, нунтаглах, баяжуулах, баяжмал боловсруулах, хайлуулах, цэвэршүүлэх, металл эсвэл завсрын бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг орно. Хамгийн сүүлд нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шат (downstream) дамжлага бий. Үүний үр дүнд цэвэршүүлсэн зэс, зэс утас, кабель, цахилгаан тоног төхөөрөмжийн эд анги, цахилгаан автомашин, эрчим хүчний дэд бүтэц, хиймэл оюун ухаан зэрэгт ашиглах бүтээгдэхүүн бий болдог ажээ.

МЧАМА-ийн Удирдах зөвлөлийн дарга М.Дагва:

Монгол Улс критикал минералын өндөр бололцоотой орон. Олон улсын хэмжээнд чухал ач холбогдолтойд тооцогддог олон төрлийн эрдэс, элемент манай улсад бий. Критикал минералын хэд хэдэн томоохон орд тогтоогдсон ба зарим төрлийн ашигт малтмалын хайгуул, судалгаа хангалттай түвшинд хүрээгүй ч цаашид илрүүлэх боломж өндөр байгааг дурдах нь зүйтэй.

Хайгуул, зураглалаар тогтоосон ашигт малтмалын нөөцийн мэдээлэл:

Эх сурвалж: Үндэсний геологийн алба, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Чухал Ашигт Малтмалын Ассоциаци (МЧАМА)

Эдгээрээс гадна магни, титан, ванади, платины бүлгийн металлууд болон сканди зэрэг нийт 5 элементийг хамарсан 52 нэмэлт хайгуулын зорилтот талбайг тодорхойлсон.

Монгол Улсад чухал ашигт малтмалын салбарыг хөгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлэх хэд хэдэн хүчин зүйл бий.

Нэгдүгээрт, 1990 оноос хойш ардчилсан тогтолцоонд шилжсэн нь олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг татах боломжийг бүрдүүлсэн. Хоёрдугаарт, сүүлийн таван жилд критикал минералын чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа эрчимжиж байна. Тухайлбал, Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны форум буюу ФЕАЛАК-ын хүрээнд хэрэгжүүлж буй чухал ашигт малтмалын өртгийн сүлжээтэй холбоотой санаачилгад Монгол Улс оролцож байгаа юм. Мөн НҮБ-ын Ази, Номхон Далайн бүс нутгийн Эдийн Засаг-Нийгмийн Комисс (ESCAP)-тай хамтран ажиллаж байна. Критикал минералын асуудлыг тойрсон геополитикийн өрсөлдөөн, талцал их байдаг тул НҮБ-ын хүрээнд дэвшүүлж буй санал, санаачилгад тулгуурлан олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал гэж үзэж буй юм.

Гуравдугаарт, 1970-аад оноос хойших геологийн судалгаа, хайгуулын үр дүнд улсын хэмжээнд 19 төрлийн чухал ашигт малтмалын судалгаа хийж, 400 орчим орд тогтоосон. Энэ нь нийт нутаг дэвсгэрийн 40 орчим хувьд гүйцэтгэсэн, гол төлөв газрын гадаргад ойр хэсгийг хамарсан хайгуул, судалгааны үр дүн. Орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан геологийн судалгааг илүү гүнзгийрүүлж, нарийвчлан хийвэл шинэ орд илрүүлэх боломж бий.

Дөрөвдүгээрт, ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар критикал минералын салбарт түлхэц болж байна.

КРИТИКАЛ МИНЕРАЛЫН НЭМҮY ӨРТГИЙН СҮЛЖЭЭГ (VALUE CHAIN) ХӨГЖҮҮЛЭХ НЬ

Монгол Улс чухал ашигт малтмалын нөөц баялгаа Европын холбоо болон бусад зах зээлтэй хэрхэн холбох вэ гэдэг нь анхаарах гол асуудал. Бид зөвхөн түүхий эд олборлож экспортлохоос илүүтэй, ордуудад түшиглэсэн үйлдвэрлэлийн кластер байгуулж, дотооддоо нэмүү өртөг шингээх зорилготой.

Зэсийн салбарыг жишээ болгон авч үзье. Монгол Улсад зэсийн томоохон үйлдвэрлэлийн суурь бий. Энэ салбарт 7-8 тэрбум ам.долларын эдийн засгийн боломж байгаа бөгөөд үйлдвэрлэлийн хүчин чадлыг бүрэн ашиглаж, олборлолтын шатны үйл ажиллагaar өргөжүүлбэл 15-20 тэрбум ам.долларын хэмжээнд хүрэх боломжтой хэмээн тооцож байна. Харин баяжмал боловсруулах, хайлуулах, цэвэршүүлэх зэрэг дунд шатны үйлдвэрлэлийг (midstream) хөгжүүлбэл эдийн засгийн өгөөжийг цааш нэмэгдүүлж, 25 тэрбум ам.долларын түвшинд ч хүргэх боломжтой.

Үүнээс гадна, жоншны салбар чухал байр суурь эзэлдэг. Тус салбарын эдийн засгийн хэмжээ 200 орчим сая ам.доллар. Хэрэв дунд түвшний боловсруулалт хийж эхэлбэл 1-2 тэрбум ам.долларын хэмжээнд хүрэх боломжтой. Мен гянтболдыг олборлож, баяжуулаад тодорхой хэдэн улс руу экспортлох хэмжээнд байгааг цаашид илүү ахисан түвшинд хөгжүүлэх бүрэн бололцоотой.

Иймд Монгол Улс ашигт малтмалын өртгийн сүлжээний олборлолтын шатнаас боловсруулалтын шат руу зорьж, Европын холбоотой стратегийн түншлэлийн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шаардлагатай.

ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТЫН ШАТАНД ШИЙДВЭРЛЭХ АСУУДЛУУД

Манай улс хайгуул, олборлолтын шатанд (ирstream) хэд хэдэн чиглэлийн арга хэмжээ авах бодлого баримталж байна.

Нэгдүгээрт, үндэсний геологийн хайгуул, судалгааны мэдээллийг нарийвчлан шинэчилж, чухал ашигт малтмалын нөөц, тархалтын талаарх мэдээллийн санг сайжруулна. Энэ ажлыг зөвхөн улсын төсвөөр санхүүжүүлэх бус, олон улсын сын хөгжлийн түншүүдийн дэмжлэг, хамтын ажиллагааг ашиглан хэрэгжүүлбэл хоёр, гурван жилийн хугацаанд тодорхой үр дүнд хүрэх боломжтой гэж үзэж байна.

Хоёрдугаарт, нээлттэй геологийн мэдээллийн санг бий болгож, тогтмол шинэчлэх замаар хайгуулын мэдээллийг олон нийт болон хөрөнгө оруулагчдад нээлттэй, хүртээмжтэй болгох ажил явагдаж байна.

Гуравдугаарт, татварын орчныг өрсөлдөхүйц, урьдчилан таамаглах боломжтой болгох, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох тогтолцооны ил тод байдал, үр ашгийг нэмэгдүүлэх ажлууд бий.

БОЛОВСРУУЛАЛТЫН ШАТ РУУ ЧИГЛЭХ НЬ

Цаашид Монгол Улс критикал минералын боловсруулалтын шатанд (midstream) шилжиж, дотооддоо нэмүү өртөг шингээхийг зорьж, улмаар батарейн материал болон бусад чухал ашигт малтмалын бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээнд нэгдэх боломжоо нарийвчлан судлах хэрэгцээ, шаардлага бий.

Германы жишээг авч үзвэл, Канадын нутагт батарейн үйлдвэр барьж байгуулаад тухайн бүтээгдэхүүнээ буцаагаад Европын зах зээлд нийлүүлдэг. Манай улсын хувьд лити, никель, кобальт, бал чулуу зэрэг батарейн үйлдвэрлэлд ашигладаг түүхий эдийн геологийн нөөц боломж, эдийн засгийн үр ашиг, боловсруулах технологийн шаардлагыг нарийвчлан судлах хэрэгтэй байгаа юм.

Зэсийн тухайд манайд хоёр ч хайлуулах үйлдвэрийн төсөл хэрэгжиж байна. Нэг нь "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ыг түшиглэсэн зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төсөл. Харин нөгөө нь Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт барихаар төлөвлөсөн. 

Зэсийн үйлдвэрлэлийг түшиглэн кластер байгуулж чадвал цахилгаан автомашин, эрчим хүчний дэд бүтэц болон хиймэл оюун ухаанд шаардлагатай зэсийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломжтой. Энэ чиглэлд Европын орнууд төдийгүй БНХАУ, БНСУ, Япон, АНУ зэрэг улсын хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгчдийн сонирхлыг татах боломжтой. Манай улс энэ чиглэлд эдийн засгийн чөлөөт бүсээ бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй.

ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛД СУУРИЛСАН АЖ ҮЙЛДВЭРИЙН ЗАМЫН ЗУРАГЛАЛ

Монгол Улсад критикал минералд суурилсан 30-40 тэрбум ам.долларын аж үйлдвэрийн салбар байгуулах, "midstream" буюу боловсруулалтын шат руу шилжих замын зураглалыг дараах байдлаар гаргасан.

2026-2029 он: Аж үйлдвэрийн суурийг бүрдүүлэх

  • Засаглалын реформ;
  • Эрх зүйн орчны шинэчлэл хийх;
  • Судалгаа, инновацын төв байгуулах;
  • МЧАМА-ийн боловсруулсан "Critical Industry Transformation Program" буюу "СІТР" төслийн нэгдүгээр үе шатыг хэрэгжүүлэх (Энэхүү төслийн хүрээнд гурван судалгааны тайлан боловсруулсан)

2029-2032 он: Боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх

  • Боловсруулах, хайлуулах үйлдвэрийн туршилтын төслүүд хэрэгжүүлэх;
  • Ногоон эрчим хүч болон устөрөгч ашиглахад бэлэн дэд бүтэц бүхий аж үйлдвэрийн бүсүүдийг хөгжүүлэх;
  • Дотооддоо нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэлийн суурийг бэхжүүлэх;
  • Олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх 

2032-2035 он: Үйлдвэрлэлийн цар хүрээг өргөжүүлэх

  • Боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг бүрэн ашиглалтад оруулах; 
  • Монгол Улс Европын Холбоо болон Азийн нэмүү өртгийн сүлжээг түүхий эд, боловсруулсан бүтээгдэхүүнээр хангахуйц нийлүүлэгч орон болж, бүс нутгийн чухал ашигт малтмалын үйлдвэрлэл, боловсруулалтын төв болон хөгжих.

Энэхүү замын зураглалыг амжилттай хэрэгжүүлэхэд Европын холбоо, Монголын аж ахуйн нэгжүүд, хайгуулын компаниуд, хөрөнгө оруулагчид болон технологийн түншүүдийн хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Монголын Чухал Ашигт Малтмалын Ассоциаци нь талуудын хоорондын уялдаа холбоог хангах гүүр болон ажиллах зорилготой байна.