
Б.Төгс
Аж үйлдвэрийн гол метал болох зэсийн үнэ Лондоны металын бирж дээр 12570 ам.доллар/тонн-д хүрч (2026.11.19) хаагдлаа. Ингэснээр сүүлийн 7 сарын хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрсэн тохиолдол боллоо. Ийнхүү зэсийн үнэ буурч буй нь хиймэл оюун ухааны дэд бүтцийн хөрөнгө оруулалт саатаж магадгүй гэсэн болгоомжлол газар авсантай холбоотой ажээ.
Энэ сарын 3-нд болсон АНУ-ын завсрын сонгуулийн үр дүнд Ардчилсан нам Конгресст олонхыг бүрдүүлэх болсноор тус улс шинэ дата төвүүдийн бүтээн байгуулалтад илүү нухацтай хандах төлөв тодорсон. Өөрөөр хэлбэл тэргүүлэх эдийн засагтай улс хиймэл оюун ухаан, түүнийг дагасан дата төвүүдийн хөрөнгө оруулалтыг "ногоон гэрэл"-ээр урамшуулаад байхгүй нь тодорхой болсон юм. Залгуулаад хагас дамжуулагч үйлдвэрлэлийн томоохон компани NVIDIA-ийн гуравдугаар улирлын санхүүгийн тайланд тус компани хиймэл оюуны салбарт хийх хөрөнгө оруулалтад тавих шалгуураа чангатгах талаар онцолсон байна.
Нөгөөтэйгүүр өнгөрсөн аравдугаар сард Хятадын аж үйлдвэрийн салбарын эрчим удааширч улмаар зэсийн эрэлт бууралттай гарсан нь зах зээлд сөрөг дохио өгчээ. Хятадын цэвэр зэсийн импорт он гарсаар эхний 10 сарын байдлаар 2.37 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 16%-иар буурсан дүн бөгөөд 2015 оноос хойших хамгийн доогуур үзүүлэлт боллоо. Гэхдээ шинжээчдийн тухайд ирэх онд Хятадын цэвэр зэсийн импорт илүү өсөх болно гэдэгт дийлэнх нь санал нэгдэж байна.
Шанхайн түүхий эдийн биржид зэсийн агуулах нөөц бага хэмжээтэй байгаа нь үнийн бууралтыг хазаарлаж буйг Trading Economics онцолжээ. Харин Лондоны металын биржийн тухайд одоогоор зэсийн агуулах нөөц 327.5 мянган тонн буюу харьцангуй өндөр хэмжээнд байна.