
Ч.Сансар
Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭА) Ормузын хямралыг эрчим хүчний түүхэн дэх хамгийн том хямрал гэж үзэж, уг хямрал нь дэлхийн улс орнуудыг цахилгаан руу шилжих үйл явцыг эрчимжүүлсэн гэж мэдэгдэв. Тус агентлагийн тооцоолсноор 2035 он гэхэд цахилгаан эрчим хүч дэлхийн нийт эрчим хүчний хэрэглээний дор хаяж 30%-ийг бүрдүүлэх төлөвтэй байна гэжээ.
Одоогоор цахилгаан эрчим хүч дэлхийн нийт эрчим хүчний хэрэглээний 23%-ийг эзэлж байна. 2019 оноос хойш цахилгаан эрчим хүчний эрэлт жилд дунджаар 3.3%-иар өссөн нь дэлхийн эдийн засгийн өсөлт болох 2.9%-иас давж, нийт эрчим хүчний хэрэглээний өсөлт болох 1.5%-иас хоёр дахин өндөр үзүүлэлттэй гаржээ.
ОУЭА-ийн Гүйцэтгэх захирал Фатих Бирол “цахилгаан эрчим хүчний эрин үе ирлээ” хэмээн мэдэгдэв. Түүний хэлснээр, 2030-аад оны дунд үе гэхэд цахилгаан эрчим хүчний эзлэх хувь нийт эрчим хүчний хэрэглээний 35%-д хүрч болзошгүй байна. Энэ нь COP31 чуулганаар хэлэлцсэн зорилтуудтай нийцэж байгаа юм.
Тэрээр “Дэлхийн эрчим хүчний салбарын төлөв 2026” тайлангийн нээлтийн үеэр хэлэхдээ, Ормузын хямрал нь дэлхийн эрчим хүчний салбарын дүр төрхийг үндсээр нь өөрчилсөн бөгөөд өмнөх нөхцөл байдалдаа буцаж очих бодит боломж харагдахгүй байна гэж онцоллоо.
Улс орнууд эрчим хүчний эх үүсвэрээ төрөлжүүлэх, дотоодын нөөцөө түлхүү ашиглах, цахилгаанжуулалтыг эрчимжүүлэх замаар энэхүү өөрчлөлтөд хариу арга хэмжээ авч байна. Мөн дэвшилтэт үйлдвэрлэл, хиймэл оюун ухаан, цахилгаан автомашин, дулааны насос, дата төв, агааржуулагч болон цахилгаанд суурилсан бусад технологийн хэрэглээ өсөж буй нь цахилгаан эрчим хүчний эрэлтийг нэмэгдүүлж байна.
Гүйцэтгэх захирал Ф. Бирол агааржуулагчийн хэрэглээ нэмэгдэж буйг уур амьсгалын өөрчлөлтийн улмаас температур өсөж байгаатай холбон тайлбарлав. Тайланд дурдсанаар барилга байгууламжуудыг хөргөх шаардлага түүхэндээ анх удаа халаалтын эрэлтээс давсан байна.
ОУЭА-гийн төсөөллөөр 2035 он гэхэд дэлхийн цахилгаан эрчим хүчний эрэлт 10,500-15,500 тераватт цагаар нэмэгдэх төлөвтэй байна.
Нэмэлт 11 мянган ТВт/цаг эрчим хүч гэдэг нь өнөөгийн өндөр хөгжилтэй бүх улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээний нийлбэртэй тэнцэх хэмжээ юм. Энэхүү хэрэгцээг хангахын тулд нар, салхи, цөмийн болон хийн цахилгаан станц зэрэг эрчим хүчний эх үүсвэрүүдээс гадна батарей хуримтлуур, цахилгаан дамжуулах сүлжээ, дижитал технологи, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх чиглэлд асар их хөрөнгө оруулах шаардлага гарна.
Иймээс цахилгаан эрчим хүчний найдвартай байдал болон хэрэглэгчдэд боломжийн үнээр цахилгаан нийлүүлэх нь ойрын жилүүдэд бодлого боловсруулагчдын гол анхаарах асуудал хэвээр байна гэж ОУЭА үзэж байна.
Цахилгаанжуулалт нь эрчим хүчний аюулгүй байдал болон эрчим хүчний шилжилтийн бодлогуудын уялдаа холбоог бэхжүүлж, дэлхийн хүлэмжийн хийн ялгарлыг эрт бууруулах боломж бүрдэнэ гэж үзжээ.
Гэсэн хэдий ч өнөөгийн бодлогын чиг хандлага болон дэлхийн дулаарлыг 1.5°C-д хязгаарлах гэсэн хүчин чармайлтын хооронд ихээхэн зөрүү байгааг тайланд онцолсон байна. Янз бүрийн хувилбарын тооцооллоор дэлхийн дулаарал 2.5°C-2.9°C-д хүрнэ гэсэн хүлээлт байна.