Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

ОЮУ ТОЛГОЙН МАРГААН: РИО ТИНТОГИЙН ЭСРЭГ ӨДӨӨСӨН РУСАЛ-ЫН ЗАРГА

"Русал" компанийн нэхэмжлэлийн дагуу 1.278 тэрбум ам.долларын хохирол нөхөн төлүүлж, Оюу Толгой ХХК-ийн 66%-ийн хувьцаанаас уг төлбөрийг гаргуулах шийдвэр гарсан тухай "Коммерсантъ" сонин мэдээлжээ.


Ч.Сансар

18 тэрбум ам.доллараар үнэлэгдэх хөрөнгө болох Оюу толгойн төлөөх маргаанд нэхэмжлэгчээр өмнө нь хэний ч үл дуулсан "Селена-М" компани "Русал"-ыг орлох нь тодорхой болж ирж байна.

"Русал" компани уул уурхай, металлургийн Рио Тинто группийн эсрэг гаргасан нэхэмжлэлийн дагуу 1.278 тэрбум ам.долларын хохирол нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж, мөн Монголын Оюу толгой ХХК-ийн 66%-ийн хувьцаанаас төлбөр гаргуулахаар болоод байна. Хаалттай горимоор хэлэлцсэн уг хэргийн шийдвэрийг Санкт Петербург хотын Баруун хойд тойргийн Арбитрын шүүхийн (Арбитражный суд Северо-Западного округа) 2026 оны есдүгээр сарын 7-ны хуралдааны шийдвэрт дурджээ.

Калининград мужийн Арбитрын шүүх "Русал"-ын талд шийдвэр гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Рио Тинтогийн харьяа RTA Holdco Australia 5 Pty Ltd компани уг шийдвэрийг эсэргүүцэж буй тул кассацын шатанд давж заалдах юм байна.

RTA Holdco Australia 5 Pty Ltd компани уг шийдвэрийг авч үзэн тайлбарлахдаа, хэргийн материалд шүүх материаллаг болон процессын эрх зүйн зохицуулалтыг буруу хэрэглэсэн, мөн гаргасан дүгнэлт нь хэргийн нөхцөл байдал, нотлох баримттай нийцэхгүй байна гэдгийг тодотгожээ.

"Русал" болон Рио Тинтогийн харьяа компаниудын хооронд үүссэн маргаан Австралийн Queensland Alumina Limited (QAL) компанитай холбоотой асуудлаас урган гарсан байдаг. Тус компани уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа бөгөөд Австралийн Гладстон хотод байрлах хөнгөн цагааны исэл боловсруулах үйлдвэрийг ажиллуулдаг.

Уг үйлдвэрт Рио Тинто 80%, "Русал" 20% эзэмшдэг. Харин 2022 оны дөрөвдүгээр сард Австралийн Засгийн газрын хориг арга хэмжээний дагуу QAL компани дахь "Русал"-ын эзэмшлийг царцаасан байна.

"Русал" компани уг хамтарсан үйлдвэрээс хөнгөн цагааны исэл нийлүүлэхээс татгалзсан Рио Тинтогийн харьяа компаниудын шийдвэрийг эсэргүүцэж Австралийн шүүхэд хандсан боловч ялагдал хүлээжээ. Улмаар 2025 оны дөрөвдүгээр сард "Русал" компани Рио Тинтогийн эсрэг Калининград мужийн Арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.

Гадаадын хэвлэлүүдэд энэ дашрамд, Оюу толгой төслийн нийт үнэлгээ 18 тэрбум ам.доллар бөгөөд 2028-2036 онд Рио Тинто тус ордоос жилд дунджаар 500 мянган тонн зэс олборлохоор төлөвлөжээ. Ингэснээр, нэг тэрбум тонн хүдрийн нөөцтэй Оюу толгой нь дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болох юм. Рио Тинтогийн харьяа Oyu Tolgoi Netherlands B.V. болон THR Oyu Tolgoi Ltd компаниуд Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг, үлдсэн 34%-ийг Монгол Улс эзэмшдгийг онцолжээ.

"Коммерсантъ" сонинд тодруулга өгсөн хуульчдын тухайд "Русал" компани Оюу Толгой ХХК-ийн 66%-ийн хувьцаанд албадан төлбөр гаргуулах арга хэмжээ авах гэж байж болзошгүй тухай таамаглал дэвшүүлжээ.

Баруун хойд тойргийн Арбитрын шүүхийн хэргийн материалд дурдсанаар, "Русал" компани нэхэмжлэлтэй холбоотой шаардлага гаргах эрхээ өөр компанид шилжүүлсэн байж магадгүй байна. Есдүгээр сарын 15-нд тус шүүх "Селена-М" ХК-ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх залгамжлагчаар оролцуулах тухай хүсэлтийг хүлээн авч, уг асуудлыг аравдугаар сарын 6-нд хэлэлцэхээр товложээ.

"Селена-М" компани 2025 оны арваннэгдүгээр сард Москва мужид байгуулагдсан бөгөөд хувьцаа эзэмшигчдийн мэдээллийг ил тод зарлаагүй байна. Тус компанийг Наталья Ожимкова удирддаг.

"Селена-М" компанийн цахим хуудсан дахь үйл ажиллагааны танилцуулгад, тус компани нь хөрөнгөтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд хууль зүйн цогц үйлчилгээ үзүүлдэг гэж өгүүлжээ. Тухайлбал өр төлбөр барагдуулах, дампуурал зарлах, өрийн бүтцийг өөрчлөх, мөн шаардах эрхтэй холбоотой үйлчилгээ зэрэгт голлон үйл ажиллагаа явуулдаг байна.

"Русал" компанийн хэвлэлийн алба "Коммерсанть" сонинд тайлбар өгөхдөө, "Оюу толгой ХХК-ийн 66%-ийн эзэмшлээс албадан төлбөр гаргуулах шийдвэрийг Монгол Улсад хэрэгжүүлвэл Рио Тинтогийн тус төсөлд эзэмшиж буй хувьцааны тодорхой хэсгийг дуудлага худалдаагаар борлуулж, олсон орлогыг шүүхийн шийдвэрээр тогтоосон хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж болно" гэж мэдэгджээ.

"Русал" компани Австралийн шүүхэд анх нэхэмжлэл гаргах үед буюу 2024 онд тус улсын шүүх Рио Тинто болон QAL компаниуд олон улсын хориг арга хэмжээний дагуу ажилласан болохыг тогтоосон гэж Рио Тинтогийн зүгээс мэдэгджээ.

Рио Тинтогийн хувьд ОХУ-Д Энэ хэргийг дахин сөхөж байгаа нь өмнө нь шийдвэрлэсэн асуудлыг дахин хэлэлцүүлэх гэсэн оролдлого гэж үзэж байна. Тус компани эрх ашгаа үргэлжлүүлэн хамгаална гэдгээ мэдэгджээ.

"Селена-М" болон Оюу толгой ХХК компаниуд "Коммерсантъ" сонины асуултад хариу тайлбар өгөөгүй байна.

Pen & Рарег хуулийн фирмийн өмгөөлөгч Денис Драгуновын үзэж буйгаар, нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэрийг гадаад улсад хэрэгжүүлэхэд хялбар болгохын тулд өөр нэг талыг тус эрх зүйн маргаанд татан оролцуулахаар шийдвэрлэсэн байж болзошгүй ажээ.

"Яковлев и партнеры" хуулийн фирмийн түнш Алина Тарасовагийн үзэж буйгаар, хэрэв шаардах эрхийг төлбөртэй шилжүүлбэл "Русал" компани тодорхой хэмжээний мөнгө аваад, өр төлбөрөө гаргуулан авахтай холбоотой бусад бүх зардал, эрсдэлийг шинэ зээлдүүлэгчид шилжүүлэхийг зорьсон байж болзошгүй юм. Түүнчлэн гадаад улс дахь хөрөнгөтэй холбоотой шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд олон жил шаардагддаг гэж тэрбээр тайлбарласан байна.

"Ляпунов Терехин и партнеры" хуулийн фирмийнбагатүнш Анастасия Ляпуновагийн тайлбарласнаар, хүсэлтийг шийдвэрлэсэн тохиолдолд "Селена-М" компани 1.278 тэрбум ам.долларын хохирлоо төлүүлэх, Оюу толгой ХХК-ийн 66%-ийн хувьцаанд албадан төлбөр гаргуулах арга хэмжээ авах эрхтэй болно.

Түүний хэлснээр, Монгол компаниас төлбөр гаргуулах эрх зүйн үндэслэл бий. ОХУ болон Монгол Улс хооронд 1999 онд байгуулсан Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээнд иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг харилцан хүлээн зөвшөөрч, биелүүлэхээр заасан байдаг. Гэхдээ Монголын шүүх тухайн хэрэг Монгол Улсын шүүхийн онцгой харьяалалд хамаарах эсэх, мөн хариуцагчдын эрхийг зохих ёсоор хангасан эсэхийг шалгах ёстой.

Мөн Ляпунова Оюу толгой ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээнд хувьцааг гуравдагч этгээдэд шилжүүлэхээс өмнө бусад хувьцаа эзэмшигчдэд ижил нөхцөлөөр санал болгох тухай заалт байдгийг онцолжээ. Гэхдээ энэ заалтыг албадан төлбөр гаргуулах ажиллагаанд хэрхэн ашиглаж болохыг Монголын шүүх шийдвэрлэх ёстой гэж тэрбээр нэмж хэлжээ.

Денис Драгуновын хэлснээр, Монголын төслөөс төлбөр гаргуулах ажиллагаанд улс төрийн шинжтэй саад бэрхшээл тулгарч болзошгүй тул энэ асуудлыг Засгийн газрын түвшинд шийдвэрлэх шаардлага үүсэж магадгүйг тодотгожээ.

Анастасия Ляпуновагийн үзэж буйгаар, уг асуудлыг шийдэхийн тулд шүүхийн шийдвэр болон хувьцааг албадан борлуулах боломжийг хэлэлцээний хөшүүрэг болгон ашиглаж, мөнгөн төлбөр авах, хөрөнгө шилжүүлэх эсвэл Рио Тинтотой тохиролцоонд хүрэх нь хамгийн бодитой хувилбар юм.