
О.Дөлгөөн
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Jade Gas Holdings” (ASX: JGH) компани Хонконгийн хөрөнгийн биржид анх удаа олон нийтэд хувьцаагаа санал болгох (IPO) төлөвлөгөөнийхөө хүрээнд Хонконгийн тэргүүлэх зэрэглэлийн хөрөнгө оруулалтын банкийг IPO-ийн үндсэн зөвлөх банкаар томилох гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэхүү зөвлөх банк нь БНХАУ-ын 500 гаруй компанийг Хонконгийн хөрөнгийн биржид гаргаж байсан арвин туршлагатай бөгөөд эрчим хүчний салбарын санхүүжилт, дэлхийн түүхий эдийн зах зээлд тогтсон байр суурьтай юм. Гэрээ байгуулснаар талууд нарийвчилсан үнэлгээ хийх болон бүртгэлийн өргөдөл бэлтгэх зэрэг IPO-ийн бэлтгэл ажлыг албан ёсоор эхлүүлж байна.
“Jade Gas” нь Хонконгийн биржид давхар бүртгүүлснээр Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн төслөө урагшлуулахад шаардлагатай Азийн хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах, хувьцаа эзэмшигчдийн хүрээгээ тэлэх, арилжааны хөрвөх чадвараа нэмэгдүүлэх зорилготой аж.
Тус компанийн Гүйцэтгэх захирал Жо Бөрк энэ талаар “Хятад улс нь бидний төсөл дээр хамтран ажиллаж буй компаниуд болон нүүрсний давхаргын метан хийн салбарыг сайн ойлгодог хөрөнгө оруулагчдын төв учир бидний хувьд чухал ач холбогдолтой. Зөвлөх банкны зах зээлийн мэдлэг, харилцаа холбоо нь манай төслийн хөрөнгө оруулалтын боломжийг илүү өргөн хүрээнд таниулахад тусална” хэмээн онцолжээ.
Гэсэн хэдий ч Хонконгийн биржид бүртгүүлэх үйл явц нь нарийвчилсан үнэлгээ, зохицуулах байгууллагуудын зөвшөөрөл болон тухайн үеийн зах зээлийн нөхцөл байдлаас шууд хамаарахыг компаниас анхааруулсан байна.