Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Энэтхэг улс сэргээгдэх эрчим хүчийг дэмжих 7.3 тэрбум ам.долларын цахилгаан дамжуулах сүлжээ байгуулна

Ч.Сансар

Энэтхэг улс сэргээгдэх эрчим хүчийг хэрэглээний томоохон төвүүдэд хүргэх зорилгоор өндөр хүчин чадалтай цахилгаан дамжуулах сүлжээ байгуулах төлөвлөгөөг баталлаа.

1150 киловольт бүхий энэхүү систем нь тус улсын хамгийн өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах сүлжээ болох бөгөөд нийт өртөг нь 7.3 тэрбум ам.доллар байхаар тооцоолжээ. Төслийг зургаан жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Эхний шатанд Чхаттисгарх, Одиша, Баруун Бенгал мужуудыг холбож, улмаар 6000 МВт хүчин чадалтай дамжуулах сүлжээнд холбогдох юм.

Уг төсөл нь Ражастан зэрэг баруун бүсийн мужуудаас нар, салхины цахилгаан эрчим хүчийг Энэтхэгийн зүүн бүсийн аж үйлдвэрийн томоохон төвүүд рүү дамжуулах зорилготой.

Энэтхэгт 2025 онд нийт үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний 27%-ийг сэргээгдэх эрчим хүч эзэлжээ. Нарны эрчим хүч дангаараа нийт эрэлтийн 9.4%-ийг хангасан бол нар, салхины эрчим хүч нийлээд нийт хэрэглээний 14%-ийг бүрдүүлсэн байна. Өнгөрсөн онд Энэтхэг улс Франц, Канад улсыг гүйцэж, цэвэр цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлээр дэлхийд дөрөвдүгээрт жагсах болжээ.

Тус улс саяхан чулуужсан түлшнээс бус эх үүсвэрийн эрчим хүчний суурилагдсан хүчин чадлаа 300 ГВт-д хүргэж, 2030 он гэхэд 500 ГВт хүргэх зорилтоо биелүүлэх замдаа явж байна.

Гэсэн хэдий ч цахилгаан дамжуулах шугамын хүрэлцээ, эрчим хүч хадгалах хүчин чадлын хомсдол нь сэргээгдэх эрчим хүчний ашиглалтад саад болж байгаа юм. Үүнийг шийдвэрлэхийн тулд Энэтхэг улс төрийн өмчит эрчим хүчний компаниудад эрчим хүч хадгалах байгууламжийн хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлага тавихаар төлөвлөж байна.

Эх сурвалж: Oilprice