
Т.Бямбанаран
Эрчим хүчний сүлжээ болон дата төвүүдийн эрэлт нэмэгдэж буй өнөө үед шинэ уурхайнууд нийлүүлэлтээ хангалттай хэмжээнд өсгөж чадахгүй байгаа тул зэсийн үнэ ирэх онд ч түүхэн дээд түвшинд ойртоно гэж Дэлхийн банк таамаглаж байна.
Дэлхийн банк Лхагва гарагт /2026.10.28/ нийтэлсэн аравдугаар сарын төлөвтөө 2027 оны зэсийн үнийн төсөөллөө 18%-иар нэмэгдүүлж, тонн тутамд 13,000 ам.доллар буюу фунт тутамд ойролцоогоор 5.90 ам.доллар байхаар тооцсон байна.
Дэлхийн банкны дэд ерөнхий эдийн засагч Айхан Косе хэвлэлийн мэдээнд өгүүлэхдээ, “Түүхий эдийн зах зээлд хэд хэдэн томоохон цочрол нэгэн зэрэг нөлөөлж байна. Эрчим хүчний зардал өсөж, худалдааны урсгал тасалдаж буй нь олон төрлийн түүхий эдийн үнийг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлт саарах эрсдэлийг нэмэгдүүлж байна” гэжээ.
Уул уурхайн компаниуд болон хөрөнгө оруулагчдын хувьд энэхүү төлөв байдал нь зэсийн нийлүүлэлтийн эрэлт тогтвортой байхын зэрэгцээ зардал өсөж, бусад түүхий эдийн зах зээлийн сэргэлт жигд бус байхыг илтгэж байгаа юм. Эрчим хүчний салбарын улмаас тус металлын эрэлт өндөр байгаа бол барилгын салбарын идэвх суларч буй нь төмрийн хүдрийн зах зээлд дарамт учруулж байна. Харин мөнгөний үнэ өндөр байгаагаас үүдэн үйлдвэрлэгчид уг металлын хэрэглээгээ бууруулахад хүрч байна.
Дэлхийн банкны металл, ашигт малтмалын үнийн индекс энэ онд 25%-иар өсөх боловч 2027 онд 3.3%-иар буурна. Гэвч ийнхүү буурсны дараа ч уг индекс 2021 оны оргил түвшнээс 16%-иар өндөр хэвээр байх ажээ. Уг индексэд суурь металлууд болон төмрийн хүдрийг багтаасан ч үнэт металлыг оруулаагүй аж.
Эх сурвалж: mining.com