Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

TMK Energy: Метан хийн олборлолт хоногт 1,000 м³ давж, түүхэн рекорд тогтоов 

О.Дөлгөөн


Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "TMK Energy Limited" (ASX:TMK) компани 2026 оны III улирлын (9 дүгээр сарын 30-наар эцэслэсэн) үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Тайлант хугацаанд тус компанийн эзэмшил бүхий "Гурвантэс XXXV" нүүрсний давхаргын метан хийн төслийн олборлолт шинэ дээд амжилт тогтоож, төсөл ашиглалтын тусгай зөвшөөрөл авах, арилжааны чиглэлд шилжих чухал алхмуудыг хийснийг онцоллоо.

Хийн олборлолт шинэ дээд амжилт тогтоов

III улиралд өдрийн дундаж хийн олборлолт 819 шоо метр (819 м³) буюу 28,922 стандарт шоо фут (scfd) болсон нь II улирлынхаас 17.5%-иар нэмэгдсэн үзүүлэлт болов. Есдүгээр сард сарын дундаж олборлолт 872 м³/өдөр хүрч рекорд тогтоосон бол сүүлийн долоо хоногийн байдлаар хоногт дунджаар  1,000 м³ (35,300 scfd) хүрч дахин 15%-иар өсөөд байна.

LF-02, LF-05 болон LF-06 цооногуудад олборлолтын хэмжээ тус бүрдээ рекордыг шинэчлэн тогтоосон бөгөөд LF-07 цооногийн олборлолт тэргүүлэв. Усны гарц өдөрт дунджаар 434 баррель болж, өмнөх улирлаас 5%-иар буурсан нь ордын даралт амжилттай буурч, хийн ялгаралт идэвхтэй явагдаж байгааг баталж байна.

АМГТГ-аас "Орд нээснийг" албан ёсоор баталгаажууллаа

Компани нь Монгол Улсын Газрын тосны тухай хуулийн дагуу Туршилтын бүх цооног болох LF-01-ээс LF-07-г хамруулан 2026 оны 10 дугаар сарын 2-ны өдөр "Хийн орд нээсэн" тухай албан ёсны мэдүүлгээ гаргасан. Ашигт малтмал, газрын тосны газраас (АМГТГ) уг мэдүүлгийг 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр баталгаажуулсан бөгөөд энэ нь Компанид Газрын тосны тухай хуулийн дагуу 90 хоногийн дотор үнэлгээний хөтөлбөрөө боловсруулах боломжийг олгож байна. Хөтөлбөрийг баталснаар 180 хоногийн туршилтын олборлолтын хугацаа эхэлж, энэ үеэр анхны нөөцийн тайлан болон Орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөгөө (PDO) бэлтгэх бөгөөд уг үйл явцын эцсийн алхам нь Ашиглалтын тусгай зөвшөөрөл авах явдал юм.

2026 оны Ажлын хөтөлбөр эхэллээ

Компани 2026 оны Ажлын хөтөлбөрийн бэлтгэлийг бүрэн хангаж, хэрэгжүүлж эхлээд байна. Одоо байгаа LF-02, LF-03, LF-06 цооногуудад дахин сэргээн босголт хийхээр капиталь засварын төхөөрөмж талбайд байршуулж, LF-03 цооног дээр засварын ажлаа эхлүүлээд байна.

Түүнчлэн туршилтын олборлолтын шинэ LF-08 цооногийг өрөмдөх төхөөрөмжийг талбайд авчирч байгаа бөгөөд энэхүү шинэ цооног нь LF-07-ийн сайжруулсан загварыг шингээж, хийн олборлолтыг цаашид улам бүр өсгөх зорилготой. Ирэх 2027 оны хөтөлбөр нь 1.2 триллион шоо фут (TCF) бүхий боломжит (2C) нөөцийг үнэлэх, хөгжүүлэх болон нэмэлт өрөмдлөг хийхэд чиглэгдэнэ.

2026 оны 9 дүгээр сарын 30-ны байдлаар TMK Energy компани ямар нэгэн өргүй, 3.84 сая ам.долларын бэлэн мөнгөний үлдэгдэлтэй байгаа бөгөөд урт хугацааны тоног төхөөрөмжийн төлбөрүүд хийгдсэн тул 2026 оны ажлын хөтөлбөр бүрэн санхүүжигдсэн байна.

Мөн Улаанбаатар хотод байгуулахаар төлөвлөж буй 1 МВт-ын Хийнээс цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх (Gas-to-Power) төслийн хүрээнд арилжааны хэлэлцээрүүд амжилттай үргэлжилж байгаа бөгөөд техникийн эцсийн загвар болон өртгийн тооцоо дуусах шатандаа оржээ.

TMK Energy компанийн Гүйцэтгэх захирал Дугал Фергюсон:

"Туршилтын цооногийн төслийн хийн олборлолт тогтвортой өссөөр байгаа нь манай төсөл арилжааны үйл ажиллагаанд улам бүр ойртож байгааг баталж байна. 10 дугаар сард хийн олборлолт өдөрт 1,000 м³ давсан нь дахин нэг рекордыг тогтоох боломжтойг харууллаа.

Нийт 1.2 TCF таамаг нөөц бүхий уг төслийн АМГТГ-аас баталгаажуулсан орд нээсэн тухай мэдэгдэл нь цаашид үнэлгээ, хөгжүүлэлтийн ажлыг хурдасгахад түлхэц болно. Бид 2027 оны томоохон үнэлгээний хөтөлбөрт бэлтгэхийн тулд ирэх хоёр сарын турш эрчимтэй ажиллахад бэлэн байна."