Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

"Azzuro Resources" 2027 оны эхээр Ямбат, Майхан Уул төслүүдийнхээ анхны нөөцийг зарлана 

О.Дөлгөөн


Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Azzuro Resources PLC" компани Говь-Алтай аймагт орших “Red Hill” (Майхан Уул) зэс-алтны төсөл, “Oval” (Ямбат) зэс-никель-PGE (цагаан алтны бүлгийн металлууд)-ийн төслийнхөө хайгуул, өрөмдлөгийн ажлыг эрчимтэй үргэлжлүүлж байгаагаа хөрөнгө оруулагчдад танилцууллаа. Мөн "Kerry Mining Group"-ээс 3 сая гаруй австрали долларын шинэ хөрөнгө оруулалт татсанаар компанийн санхүүгийн чадамж бэхжиж, хайгуулын дараагийн шатны томоохон хөтөлбөрүүд саадгүй санхүүжих баталгаатай болсон байна.

Хайгуулын гол цөм нь Говь-Алтай, Баянхонгор аймгийн зааг нутагт бие биенээсээ маш ойр зайд орших “Oval” болон “Red Hill” ордууд юм. Геологичдын хувьд "Oval" төсөл нь Оросын алдарт Норильск болон Канадын Войсейс Бэй ордуудтай ижил тогтоцтой, Монголын баруун өмнөд бүс нутагт өмнө нь нээгдэж байгаагүй галт уулын гаралтай массив сульфид VMS төрлийн орд гэдгээрээ уул уурхайн салбарынхны анхаарлыг татаж байна. Туршилтын өрөмдлөгөөр тус ордод зэс, никелийн өндөр агуулгатай хүдэржилт баталгаажсан бөгөөд металл авалтын түвшин 90 гаруй хувьтай гарсан нь төслийн эдийн засгийн өгөөж асар өндөр байхыг харуулж байна.

Харин "Red Hill" төслийн хувьд зэс-алтны VMS эрдэсжилт болон өнгөн хэсгийн алтны баялаг агуулга илэрч, өрөмдлөгийн ажлууд гүний чиглэлд амжилттай үргэлжилж байна.

Гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсыг уул уурхайн салбарт дэлхийд өрсөлдөхүйц зардлын бага бүтэцтэй хэмээн онцолсон байна. Монголд зэс олборлон боловсруулах бэлэн мөнгөний ба цэвэр зардал нь дэлхийн дунджаас даруй 30 орчим хувиар догуур байгаа нь Чили, Австрали, Канад зэрэг дэлхийн томоохон орнуудтай харьцуулахад маш том давуу тал болж байгаа юм. Мөн дэлхийн зэс хайлшны талыг дангаараа үйлдвэрлэдэг БНХАУ-ын хойд бүсийн үйлдвэрүүдтэй хил замаар шууд холбогдох боломжтой нь логистикийн зардлыг хамгийн бага түвшинд барих нөхцөлийг бүрдүүлж байна.

Тус компани 2027 оны эхний хагаст багтаан эдгээр төслүүдийн анхны олон улсын JORC стандартын дагуух Таамагласан нөөцийн тайлан болон Урьдчилсан эдийн засгийн үнэлгээг шинжээчдэд танилцуулахаар төлөвлөн ажиллаж байна. Түүнчлэн хайгуулын талбайнууддаа Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу техникийн ба биологийн нөхөн сэргээлтийг цаг тухайд нь хийж, нутгийн малчдыг ажилд оролцуулан "Хариуцлагатай уул уурхай"-н зарчмыг чанд мөрдөн ажиллаж байгаа юм.