
А.Халиун
“Оюу толгой” ХХК-ийн 2026 оны II улирлын үйл ажиллагааны тайланг тус компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх сэтгүүлчдэд танилцууллаа. Энэ уулзалтад “Оюу толгой” ХХК-ийн хоёр хувь нийлүүлэгч буюу 66%-ийн хувьцаа эзэмшигч “Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Дуламсүрэн, Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34%-ийн хувьцаа эзэмшигчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, төрийн өмчит “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Тэлмүүн нар хамт оролцож, сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.
Оюутолгойн Гүний уурхайн олборлолт эрчимжсэнээр 2026 оны эхний 8 сард 7.6 сая тонн хүдэр гарган боловсруулахаар төлөвлөснөөс 9.4 сая тонн буюу төлөвлөгөөг 1.8 сая тонноор давуулан биелүүллээ хэмээн “Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх тодотгов.
Баяжуулах үйлдвэрт нийлүүлсэн хүдрийн металл авалт 88.8% буюу Баяжуулах фабрикт агуулга өндөртэй хүдэр нийлүүлж буйн хэрээр зэсийн агуулга болон үйлдвэрлэл нэмэгдэж байна. Металлын агуулгын гуравны хоёр нь далд уурхайгаас орж ирж байгаа юм.
Энэ оны эхний 8 сард зэсийн олборлолт 251.7 мянган тонн байхаар төлөвлөсөн бол 276 мянган тонныг, 286 мянган унц алт олборлохоор төлөвлөснөөс 339 мянгыг боловсруулав.
Энэ жил алтны үнэ өндөр байгаа учир ялангуяа ил уурхайд алтны агуулга өндөртэй судаллуудад түлхүү олборлолт хийсэн. Алтны хэмжээ, агуулга, металл авалт мөн төлөвлөгөөг давж биелсэн.
Үүнийг санхүүгийн үзүүлэлтээр илэрхийлбэл, эхний 8 сард 3.6 тэрбум ам.долларын орлого олохоор төлөвлөсөн бол гүйцэтгэл 5.5 тэрбумд хүрсэн. 1.7 тэрбум ам.долларын чөлөөт мөнгөн урсгал бий болгохоор төлөвлөсөн бол 2.8 тэрбум ам.долларыг бий болгоод байна. Гүний уурхайн олборлолтыг даган агуулга өсөж байна. Үр дүнд нь төлөвлөгөөг 10-15%-иар давуулан биелүүлж байна. Зэсийн үнэ төлөвлөснөөс өндөр байсан нь үр дүнд сайнаар нөлөөлсөн.
Зэсийн үнийг тонн тутамд 10500 ам.доллараар төлөвлөсөн бол дунджаар 13300 ам.доллар, харин алтыг 1 унц нь 3900 ам.доллараар төсөөлсөн бол дундаж үнэ 4600 доллар байв. Олборлолтын хувьд үйлдвэрийн үйл ажиллагаа жигд сайн байна.
Олборлолтоос гадна засвар үйлчилгээ, дэд бүтцийн томоохон ажлууд 9, 10 дугаар саруудад үргэлжилнэ. Энэ ажлууд эрсдэл өндөртэй, хэрэв засварын ажил удааширвал дагаад олборлолт хойшилж болохыг С.Мөнхсүх захирал сануулж байна.
2026 онд 1.2 сая ам.доллар буюу 3.4 их наяд төгрөгийн татварыг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөснөөс эхний 8 сард 899 сая ам.доллар буюу 3.2 их наяд төгрөгийн татвар төсөвт бүрдүүллээ. Үндсэндээ оюутолгойчууд сайн ажиллажээ.

С.МӨНХСҮХ: ОЮУТОЛГОЙ 2027 ОНД НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА. ХЭД ВЭ ГЭДГИЙГ ОДООГООР ХЭЛЖ МЭДЭХГҮЙ БАЙНА
Зээлийн хүү болон менежментийн төлбөрийг бууруулах шийдвэрээс гадна 2027 оноос эхлэн Оюутолгой төслөөс ногдол ашиг хүртэх болсныг талууд харилцан тохиролцлоо. Харин Засгийн газар 2027 оны улсын төсөвтөө Оюутолгойгоос 3 их наяд төгрөгийн ногдол ашиг авахаар тусгаад байна. Тэгвэл үйлдвэрлэл явуулж, орлого олж буй “Оюу толгой” компани ямар бодит боломжтой байгааг С.Мөнхсүх захирлаас тодруулсан юм.
“Оюу толгой” компани 2027 онд ногдол ашиг хуваарилах уу?
Хоёр хувьцаа эзэмшигч маань ногдол ашиг олгох хугацааг наашлуулъя гэсэн тохиролцоонд хүрсэн, надад болон манай багт даалгавар өгсөн. Ер нь бол 2027 онд ногдол ашиг хуваарилна гэж маш товчхон хариулъя. Харин хэд вэ гэдэгт одоогоор хариулт өгч мэдэхгүй байна. Хийх ажил их байна.
Тодруулбал, ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?
Ногдол ашиг хуваарилахын тулд уурхайн аюулгүй ажиллагааг хангах нь нэн тэргүүний шаардлага. Хоёрт, Дан ганц хувьцаа эзэмшигчээс гадна зээл авсан санхүүгийн олон байгууллагатай хамтарч ажилладаг. Зээл төлөх мөнгөө ногдол ашиг болгож хувьцаа эзэмшигчиддээ өгчихвөл зээлдэгчид яаж хүлээж авах вэ. Тэгэхээр зээлдэгчидтэйгээ зээлийн загваруудаа шинэчлэх талаар яриа хэлэлцээ хийнэ.
Үүний тулд хамгийн чухал нь эерэг мөнгөн урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана. Зардлаа танана гэх мэт олон ажил бий. Ногдол ашгийн багцаа тоо бол бий. 2027 оны төсвөө төлөвлөж байна. Төсвөө ч батлаагүй байгаа учир ногдол ашиг олгоно гэж ярих нь хариуцлагагүй үйлдэл болов уу.
Нөгөө талаас, Оюутолгой хоёр хувьцаа эзэмшигчийнхээ гүүр болж ажилладаг. Үүн дээр дан ганц Оюутолгойгоос гадна хувьцаа эзэмшигчдийн дэмжлэг чухал юм.
Ногдол ашгийг зөвхөн 2027 онд олгох уу? 2028, 2029 онуудад үргэлжлүүлэн олгоод заах уу?
2027 оны ногдол ашиг нэг асуудал. Түүнээс цааш хэрхэхийг эргэн ярих ёстой. Аль болох тогтмол олгохыг зорино. Энэ талаар эцэслэн шийдвэрлэсэн зүйл байхгүй. Ногдол ашиг олон зүйлээс шалтгаална. Орлого өсгөх, зардал хэмнэх, хувьцаа эзэмшигчид болон зээлдэгч байгууллагуудын уян хатан байдал гэх мэт.
Зардлаа юунаас эхэлж танах вэ?
Мэдээж ажилчдын цалин, хоолны зардлыг танахгүй.
Рио Тинто групп ногдол ашиг авах уу?
Ногдол ашгийг хувь нийлүүлэгчдэд шударга хуваарилах ёстой. Засгийн газар ногдол ашиг авч, хөрөнгө оруулагч авахгүй байж болохгүй байх. Засгийн газар 3 их наядын ногдол ашиг авахыг хүсэж байгаа бол нийт ногдол ашгийн хэмжээ 9 их наяд болно гэсэн үг.
Нөгөө талаас Оюутолгой мөнгө хэвлэдэг газар биш, тийм хэмжээний ашиг орлого олж чадах уу? Олон талын ашиг сонирхлыг тэнцүүлж байж тоон шийдэл гарна. Бид менежментийн баг, хувьцаа эзэмшигчдийн шийдлийг маш сайн ойлгож байгаа.
3 их наядыг авахаар төсөвт тусгаж болох ч тэр бүхэн биелнэ гэсэн үг биш. Тэр бол төсөөлөл. Төсөвт тодорхой төсөөлөл тавиад тэрнийхээ төлөө ажиллана гэв.

Б.ДУЛАМСҮРЭН: ХАМТАРСАН КОМПАНИЙН ХУВЬД ЯЛАЛТ, ЯЛАГДАЛ ГЭЖ БАЙХГҮЙ
Хоёр талын хийсэн хэлэлцээрийн үр дүнгийн талаар Рио Тинто группийн Монгол дахь Үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Дуламсүрэн, “Урт хугацааны түншийн хувьд нэлээд хичээл зүтгэл гаргаж Засгийн газартай ойлголцолд хүрсэндээ маш их баяртай байна. Энэ бол Оюутолгойн хувьд түүхэнд тэмдэглүүштэй хэлэлцээр, арга хэмжээ боллоо. Хоёр асуудлаар хэлэлцээр хийсэн.
Нэгд, Хувь нийлүүлэгчийн зээлийн хүү Хоёрт, Менежментийн үйлчилгээний зардлын асуудал.
Зээлийн хүүг 40 орчим хувиар бууруулсан. Хүү SOFR+6.5 байсан бол SOFR+4% боллоо. Менежментийн зардлыг 50% бууруулах тохиролцоонд хүрч чадлаа.
Та хэлэлцээрийн үр дүнд ямар сэтгэгдэлтэй байна вэ?
Оюутолгой бол хамтарсан компани. Хамтарсан компанийн хувьд ялалт, ялагдал гэж байхгүй. Энэ бол хамтын хэлэлцээний үр дүн. Урт хугацааны тогтвортой үйл ажиллагаа явуулахыг баталгаажуулж байгаа нь маш чухал бөгөөд ийм шийдвэрт хүрсэндээ сэтгэл өндөр байна.
Гуравт, ногдол ашгийн асуудал. 9 дүгээр сарын 11-ний өдөр Ерөнхий сайд Н.Учрал, Рио Тинтогийн Гүйцэтгэх захирал Саймон Троут нар уулзаж, тохиролцоонд хүрсэн.
Юуны өмнө ногдол ашиг авах хугацааг урагшлуулж, 2027 онд олгохоор тохиролцсон. Энэ даалгаврыг Оюутолгой компанийн удирдлагад өглөө шүү дээ.
Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд, зарим хүн Рио Тинто ногдол ашиг хүртэж, Засгийн газар авахгүй байгаа мэт ойлголт төрүүлж байна. Оюутолгой ногдол ашиг хуваарилж эхлээгүй тул хувь нийлүүлэгч талуудын аль аль нь ногдол ашиг авч эхлээгүй байна.
Анх төслийн санхүүжилт босгохдоо олон банкнаас зээл авсан. Одоо тэдэнтэйгээ хэлэлцээ хийх, санхүүжилтийн бүтцээ эргэн харах, тохиролцоо хийх ажлууд үлдэж байна.
2009 онд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдах үед дэлхий даяар эдийн засаг, санхүүгийн хямрал нүүрлэж байсан. Америкийн банкууд дампуурлаа зарлаж байх үед Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ зурагдсан. Энэ гэрээний хүрээнд Рио Тинто хөрөнгө оруулагчийн хувьд энэ төслийг санхүүжүүлэх үүрэг хүлээсэн. Энэ үүргийнхээ хүрээнд банк, санхүүгийн байгууллагуудад хандаж, зээл босгохыг хичээсэн.
Тухайн үед Оюутолгойн үйлдвэр боссон газарт хэдэн гэрээс өөр юу ч байгаагүй. Дэлхийд эхний дөрөвт орох ийм том уурхай байгуулна гэхэд ямар өртгөөр, ямар хугацаанд байгуулагдах, хэдийд үйл ажиллагаа нь явагдаж эхлэх вэ гэх мэтээр тодорхойгүй зүйл маш их байсан. Ийм нөхцөлд анхны санхүүжилт хийгдсэн. Банк, санхүүгийн байгууллагууд итгэж зээл өгөх боломжгүй нөхцөл байсан. Гэвч хувь нийлүүлэгчид Монгол Улсын Засгийн газрын өмнө хүлээсэн үүргийнхээ хүрээнд хувь нийлүүлэгчийн зээл олгосон. Санхүүжилтийн энэ хэлбэр нь Монгол Улс даяар байдаг бизнесийн ердийн зарчмаар авсан зээл юм.
Тэгвэл өнөөдөр яагаад зээлийн хүүг бууруулах асуудал хөндөгдсөн бэ?
Хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, ил уурхайн үйл ажиллагаа эхлээд олон жил болсон. Гүний уурхайн бүтээн байгуулалт дуусаж, үйл ажиллагаа нь эхэлж, төслийн эрсдэл буурсан. Зээлийн хүү бол төслийн эрсдэлийг илэрхийлдэг. Хэр их эрсдэлтэй зээл байна вэ, төдий чинээ хүү өндөр. Ипотекийн зээл ч адилхан эргэн төлөх боломжийг нь судлаад хүүг тогтдог шүү дээ, үүнтэй ижил зарчим юм.
Тэгэхээр 2009 онтой харьцуулахад Оюутолгойн эрсдэл буурсан. Хоёрдугаарт, Монгол Улсын зээлжих зэрэглэл B байсан бол 2025 оны 10 дугаар сард BB- болж сайжирсан. Энэ нь Монгол Улсад бизнес эрхлэхэд эрсдэл тодорхой хэмжээгээр буурсан гэсэн үг. Зээлжих зэрэглэл сайжирсан нь хувь нийлүүлэгчийн хүүг бууруулах нэг шалтгаан болсон. Үүнд үндэслэн хүүг SOFR+4 буюу 40%-иар бууруулсан.
Эцэст нь хэлэхэд, Оюутолгой төслийг зөвхөн ногдол ашгаар хардаггүй. Гэрээ хэлэлцээр хийхэд төслийн өгөөж Монгол Улсад АМНАТ, татвар, төлбөр, хураамж хэлбэрээр орж байгаа.
Зээлийн хүүг 7 жил тутамд эргэн харна гэж гэрээнд заасан байдаг. Цаашид энэ хугацаа хэвээр хадгалагдах уу?
ХөОГ-нд хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг 7 жил тутамд төлнө гэсэн заалтын дагуу 2025 онд тэр хугацаа нь болсон. Тиймээс энэ хэлэлцээр өнгөрсөн онд эхэлж, 2 жил шахам хэлэлцээр үргэлжлээд сая гэрээнд гарын үсэг зурсан. Сүүлийн хэлэлцээрээр энэ 7 жил тутамд эргэн харна гэсэн заалтыг 3 жил тутам болгон өөрчилсөн. Засгийн газрын талаас санал тавьсны дагуу хэлэлцээд, төслийн явц хурдан үргэлжилж буй учир 3 жил тутамд зээлийн хүүг ярилцаж байхаар тохиролцсон. Гэрээнд талууд гарын үсэг зурсан. Одоо тамга дарагдан баталгаажуулсны дараа гэрээг олон нийтэд нээлттэй байршуулна.
Менежментийн үйлчилгээний ямар зардлуудыг бууруулахаар тохиролцонд хүрсэн бэ?
Засгийн газар Оюутолгой ордод дэлхийн чадвартай компанийг оруулж ирсэн. Рио Тинто групп 153 жилийн түүхтэй, 36 оронд 100 мянга гаруй ажилтантай, дэлхийд хоёрт ордог уул уурхайн компани. Энэ компанийн мэдлэг, туршлага, бүх ноу хауг Монгол Улсад нутагшуулсан. Тэр утгаараа зөвхөн ил уурхай биш, дэлхийн хамгийн орчин үеийн техник, технологийг нэвтрүүлсэн гүний уурхайг байгуулсан. Энэ бүхнийг авч ашиглаж байгаагийн хувьд ХөОГ-нд анхнаасаа менежментийн төлбөр төлнө гэж тусгасан. Тэр дагуу төлж ирсэн. Энэ бол олон улсад тогтсон жишиг загвар юм.
Мөн зардалд суурилсан төлбөр гэж байдаг. Тэр зардлууд болон РиоТинто компанийн ажлын даалгавраар ордог зардлууд тэглэгдсэн.
Оюутолгойн хувьд ногдол ашиг олгохоос гадна төслөөс хүртэх бусад өгөөжийг эрэлхийлж байна. 17000 ажлын байр, ноу-хау, Монголын бараа, бүтээгдэхүүний нийлүүлэгч маш олон компаниуд бий. 15 жилийн дотор хоосон талд дэлхийд 4-рт эрэмбэлэгдэх том уурхай байгуулсан. Амархан юм шиг харагдаж болно.
Гэтэл бусад оронд ийм хэмжээний уурхайг байгуулахад 20-30 жил зарцуулсан байдаг. Оюутолгой 2028 онд бүрэн хүчин чадалдаа хүрнэ. Энэ бол маш том амжилт.
Оюутолгой эдийн засгийн салбарын маш том тоглогч болсон нь Монгол Улсад оруулж буй өгөөж гэж үзэж байна.