Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Зуун Мод” молибден-зэсийн төсөл 3.7 тэрбум ам.доллар улсын төсөвт төвлөрүүлнэ 

О.Дөлгөөн


Торонто болон Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци” (TSX: ERD; MSE: ERDN)  Баянхөндийн төслөөс зүүн тиийш 35км-т орших “Зуун Мод” молибден-зэсийн төслийн Урьдчилсан эдийн засгийн тооцооллын (“PEA”) үр дүнг албан ёсоор баталгаажуулан зарлалаа.

Энэхүү судалгааг олон улсын ба дотоодын мэргэжлийн компаниудын консорциум, O2 Mining Limited-ийн удирдлага дор NI 43-101 стандартын дагуу гүйцэтгэсэн бөгөөд Зуун Мод ордыг дэлхийн хэмжээний томоохон, өндөр өгөөжтэй орд болохыг харуулж байна.

Төслийн цэвэр өнөөгийн үнэ цэн 745 сая ам.доллар-т хүрнэ

Төслийн эдийн засгийн тооцооллыг урт хугацааны суурь үнэ болон одоогийн зах зээлийн ханш гэсэн хоёр хувилбараар гаргасан байна. Суурь хувилбараар молибденыг 25.00 ам.доллар/фунт, зэсийг 5.00 ам.доллар/фунт байхаар тооцоход татварын дараах Цэвэр өнөөгийн үнэ цэн (NPV8%) 745.1 сая ам.доллар, Дотоод өгөөжийн хувь (IRR) 16.1 хувьтай байна. Харин зах зээлийн одоогийн ханшийн хувилбараар буюу молибден 33.00 ам.доллар/фунт, зэс 6.50 ам.доллар/фунт байх үед татварын дараах NPV8% нь 2.0 тэрбум ам.доллар, IRR нь 27.8 хувь болж үлэмж өсөх тооцоо гарчээ.

Үйлдвэрлэлийн эхлэх хөрөнгө оруулалт (Capex) 686.8 сая ам.доллар байх бөгөөд үүнд 176.7 сая ам.долларын нөөц багтсан байна. Дагалдах зэсийн борлуулалтын кредитийг хассан цэвэр өртөг буюу бүх зардлыг багтаасан тогтвортой өртөг (AISC) нь молибдены 1 фунтад 13.89 ам.доллар байхаар тооцогдлоо. Үүний үр дүнд ашиглалтын хугацаанд хүү, татвар, элэгдлийн өмнөх нийт ашиг (EBITDA) суурь үнээр 7.1 тэрбум ам.доллар, одоогийн ханшаар 13.0 тэрбум ам.долларт хүрэх боломжтой юм.

Уурхайн ашиглалтын хугацаа 34 жил

Зуун Мод төсөл нь хөрс хуулалтын харьцаа багатай буюу 1.3:1 харьцаа бүхий ил уурхайн аргаар ашиглагдах бөгөөд уламжлалт бутлах, нунтаглах болон баяжуулах технологиор олон төрлийн баяжмал үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Уурхайн ашиглалтын хугацаа 34 жил үргэлжлэх ба баяжуулах үйлдвэр нь жилд 25 сая тонн хүдэр боловсруулж, нийт 834.2 сая тонн хүдэр олборлон боловсруулахаар байна.

Үйлдвэрлэлийн хугацаанд нийт 672 сая фунт буюу 305 мянган тонн молибден, 947 сая фунт буюу 430 мянган тонн зэс олборлон бэлтгэнэ. Баяжмалын чанарын хувьд молибдены баяжмал нь 53.2 хувийн молибденийн агуулгатай, зэсийн баяжмал нь 27.9 хувийн зэсийн агуулгатай байх ба хортой хольцын хэмжээ маш бага тул бүс нутгийн хайлшны үйлдвэрүүдэд нэн нийцтэй гэж үзжээ.

Эрдэс баялгийн шинэчилсэн нөөц

SLR Advisory Asia Limited-ийн 2026 оны тавдугаар сарын 1-ний байдлаар шинэчлэн тогтоосон нөөцийн тооцоогоор Хэмжигдсэн болон Тодорхойлогдсон (Measured & Indicated) ангилалд 0.048% молибден, 0.062% зэсийн агуулга бүхий 407.1 сая тонн хүдэр агуулагдаж байгаа бөгөөд үүнд 427 сая фунт молибден, 553.7 сая фунт зэс тус тус агуулагдаж байна. Мөн Таамагласан (Inferred) ангилалд 0.041% Mo, 0.056% Cu агуулгатай 596.2 сая тонн хүдэр бүртгэгдсэн нь 536.8 сая фунт молибден, 733.3 сая фунт зэсийн нөөцийг харуулж байна.

Төслийн байршлын хувьд Монгол-Хятадын хилийн Шивээхүрэн–Сэхэ боомтын төмөр замын өртөглөлөөс 280 км, Баянхөндийн алтны уурхайгаас 35 км зайд оршдог. Энэ нь бүс нутагт шинээр баригдаж буй авто зам болон өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамын дэд бүтцийг шууд ашиглах таатай боломжийг бүрдүүлж байгаа юм. Улсын төсөвт төвлөрүүлэх орлогын хувьд ашиглалтын хугацаанд ААНҮОАТ-д 1.7 тэрбум ам.доллар, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт (Роялти) 2.0 тэрбум ам.доллар буюу нийт 3.7 тэрбум ам.долларын татвар, хураамжийг Монгол Улсын Засгийн газарт төлнө.

Компани энэ оны аравдугаар сарын сүүлчээс эхлэн нөөцийг баталгаажуулах болон гүн ба суналтын дагуу өргөтгөх өрөмдлөгийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна. Түүнчлэн Зуун Мод ордыг хүрээлсэн 16 км порфирын систем дэх Хөвийн Харын зэсийн талбайд 2027 онд гүний өрөмдлөг хийхээр зэхэж байна. Одоогоор "Эрдэнэ Ресурс" компани Зуун Мод төслийг үйлдвэрлэлд шилжүүлэх, санхүүжилт болон бүтээгдэхүүн худалдан авах чиглэлээр Азийн томоохон боловсруулах үйлдвэрүүд болон хөрөнгө оруулагчидтай стратегийн түншлэлийн яриа хэлэлцээг идэвхтэй өрнүүлж байна.