Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Үйл явдал

Оюу толгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах сонголтыг танилцууллаа

Б.Төгс

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал удтал хүлээгдсэн Оюу толгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах тухай ард түмний санал асуулга явуулахаар болсныг (2026.10.14) мэдээллээ.

Тэрбээр “Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе! Монгол Улсын Засгийн газар 17 жилийн дуусдаггүй яриаг эцэслэж Оюу толгойн ногдол ашгийг эх орондоо авчрахаар болсон билээ. Ирэх онд монголчууд Оюу толгой ордоос 3 их наяд төгрөгийн ногдол ашгаа авна. Оюу толгойн ногдол ашгаа нэг удаа биш жил бүхэн авна. Харин Монгол улс мөнгөгүйн зовлон, мөнгөтэйн зовлонд унасаар байж болохгүй. Олсныхоо хэрээр үрдэг урьд өмнөх алдаагаа засаж өр биш өв үлдээж ухаалаг ашиглах учиртай. Оюу толгой бол таны хувь, таны баялаг юм. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэг. Иймээс та бүхний олонхын санал эцсийн шийдвэр байх болно. Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Оюу толгойн ногдол ашгаа олон түмэнд зориулах саналаа дахин танилцуулъя. Оюу толгойн ногдол ашигт 3 их наяд төгрөг авна.

Үүнээс 1 их наяд төгрөгийг Үндэсний баялгийн сангийн тухайн хуулийн дагуу иргэн таны Хуримтлалын дансанд төвлөрүүлнэ. Харин олсныхоо хэрээр үрвэл төгрөгийн ханш, айл бүрийн цалин орлого, тэтгэврийн худалдан авах чадварыг эрс сулруулах аюултайг та бид мэднэ. Иргэн танд өөрийн хуримтлалаа эрүүл мэнд, боловсрол, орон сууцандаа зориулах эрхээ эдлэх боломжийг бодитойгоор нээх болно.

Хоёрт, газрын баялгийн экспортын орлогоо өвлүүлж хуримтлуулах өсгөж үржүүлж, үлдэцтэй зөв зарцуулахын оронд үрж зарсаар ирсний үр дагаврыг өнөөдөр монголчууд бид хамтдаа эдэлж байна. Өвөл болохоор хүйтэн болдог гэдгийг бүгдээрээ мэддэг боловч тог, дулааны хомсдолтой, улс хотоороо гал алдах өндөр эрсдэл дунд аж төрж байна. Цахилгаан станц барих төсөл бүрийг царцааж гацаасаар олон жилийг үдлээ. Оюу толгойн ногдол ашгаас 300МВТ-ын хүчин чадалтай шинэ VI дугаар ДЦС-ыг барих, цахилгаан станцуудаа засварлан шинэчлэхэд 789.7 тэрбум төгрөгийг зарцуулах саналтай байна. Ажил нь 50%-тай хэдий ч тал дундаа гацсан 10 аймгийн ДЦС-ыг үргэлжлүүлэн гүйцээж, хөдөө орон нутгийн хүн амаа гэрэл дулааны гачигдлаас гаргах уу, хагас дутуу барилгаа хэвээр үлдээвэл бүгдээрээ илүү хохирч бүхнийг шинээр эхлэх гэж олон өвлийг ахин алдах болно гэсэн эрсдэл байна.

Гурав, Монгол малын буян арьс шир жалга шуудуунд хаядаг хог байх ёсгүй. Түүхий эд, арьс шир боловсруулах үйлдвэрүүд байгуулж, Монгол малынхаа ашиг шимийг өсгөх саналыг дэвшүүлж байна. Таван хошуу мал сүргээ жинхэнэ ёсоор таван эрдэнэ болгоё гэвэл малын вакцины үйлдвэртэй болохоос өөр арга байхгүй...Иймд импортыг орлож, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээ өсгөхөд 82.2 тэрбум төгрөг зарцуулах саналтай байна.

Дөрөв, эх орны баялгийн өгөөжийн үр шимийг иргэн бүрт хүртээмжтэй хүргэх үндсэн арга замын нэг нь эрдэм боловсрол гэдэгтэй санал нийлнэ гэдэгт итгэлтэй байна. Тиймээс Оюу толгойн ногдол ашгаас хөдөөгийн бүс тус бүрт Кембрижийн хөтөлбөртэй 2 сургууль барина. Бүс тус бүрт нэг төрөлжсөн ахлах сургуулийн үүдийг нээнэ. 6 бүс тус бүрт 300 ортой 15 дотуур байрыг шинээр баригдаж буй сургуулиудын дэргэд барьж байгуулна. Эх орны баялгаас эрдэм боловсролд  257 тэрбум төгрөг зориулъя гэсэн саналтай байна. Ерөнхий боловсролын 100 сургуулийг эрчим хүчний хэмнэлттэй, ухаалаг, ногоон, уурын зуухгүй сургууль болгоход 315.7 тэрбум төгрөгийг зарцуулахаар ирэх оны төсөвт тооцлоо.

Тав, экспортын үндсэн орлогыг бүрдүүлдэг улс орны үүд хаалга болсон боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж чадвал улс орон хөгжинө. Ахмадын тэтгэвэр, эмч, багшийн цалин, сургууль, цэцэрлэг, зам, дэд бүтэц болдог татварын орлого нэмэгдэх болно. Арц суурь, Хавирга, Ханги боомтуудын хүчин чадал, экспортын гарцыг нэмэгдүүлэхэд 170.8 тэрбум төгрөг зориулахаар төсөвлөлөө. Экспорт эрч хүчтэй, эдийн засгийн судас эрүүл цохилж байж өсөлтөө хадгалж өрхдөө хүргэх өгөөж болгож чадна. Эрх чөлөөт улсад засаг төр бүхнийг зааж иргэн таны өмнөөс шийддэг байх учиргүй,...ил тод, нээлттэй, олонхын саналаар шийддэг байх соёлыг эхлүүлж байна. Та E-Mongolia болон E-Zasag цахим талбараар дамжуулан саналаа өгөөрэй. Санал асуулга энэ сарын 14-ний 9:00 цагаас 28-ны 22:00 цаг хүртэл үргэлжилж, саналын үр дүнг УИХ-ын ажлын хэсэгт уламжилна” гэв.