О.Дөлгөөн
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Оросын хооронд Оросын дизель түлшийг дэлхийн зах зээлд гаргах тухай тохиролцоо хийгдсэн хэдий ч энэ нь дэлхий дахинд үүсээд буй түлшний хомсдолд бодитой дэмжлэг болж чадахгүй гэж салбарын шинжээчид үзэж байна.
Уг хэлэлцээрийн хүрээнд Орос улс нэн даруй 300,000 тонн, 11 дүгээр сард 500,000 тонн, улмаар 12 дугаар сард дахин 1 сая тонн дизель түлшийг АНУ, олон улсын зах зээлд нийлүүлэхээр амлажээ.
Украины цохилтын улмаас Оросын газрын тос боловсруулах хүчин чадлын 45 хүртэлх хувь жагсаалаас гарч, бензиний хамгийн хүнд хомсдол үүссэн. Гэвч ихэнх суудлын авто машинд бензин ашигладаг тул голдуу ачааны тэрэг, хүнд машинд хэрэглэгддэг дизель түлшний хувьд Орост илүүдэлтэй хэвээр байна.
Орос улс дотоодын зах зээлээ хамгаалах зорилгоор дизель түлшний экспортыг хориглосон ч Засгийн газар хоорондын хэлэлцээртэй орнуудад төмөр замаар тээвэрлэхэд чөлөөлөлт үзүүлсэн бөгөөд Монгол Улс гол худалдан авагч хэвээр байна.
Одоогоор Орос сард 5.8 сая тонн орчим дизель үйлдвэрлэж байгаагаас 1.2–2 сая тонныг экспортод гаргах боломжтой. Гэвч цаашид дайны цохилт үргэлжилбэл дотоод зах зээлээ хохироохгүйгээр экспорт хийх боломжгүй болох юм.
Шинжээчдийн тооцоолсноор энэхүү хэлэлцээр нь Оросын дайны санхүүжилтэд дорвитой өөрчлөлт авчрахгүй. Экспортлогч компаниуд ирэх 6 сарын хугацаанд 1.2 тэрбум ам.долларын нэмэлт орлого олох боломжтой ч үүнээс Оросын холбооны төсөвт ердөө 100 орчим сая ам.долларын л нэмэлт орлого орно гэж Eurasia Group-ийн шинжээчид үзэж байна.