
О.Дөлгөөн
Овоотын коксжих нүүрсний төслийг эзэмшигч "Aspire Mining" (ASX: AKM) компани төслийн нөөцийн шинэчилсэн үнэлгээг танилцууллаа. "Glogex Consulting LLC"-ийн хийсэн JORC (2012) стандартад нийцсэн шинэчилсэн тооцоогоор төслийн нөөц хэвээр хадгалагдаж, эдийн засгийн үр ашиг нь улам сайжирсныг онцолжээ.
Шинэчилсэн үнэлгээгээр төслийн нийт коксжих нүүрсний нөөц 130.1 сая тонн (Үүнээс худалдаанд гаргах боломжтой нөөц нь 97.9 сая тонн) болох нь дахин батлагдсан байна.
Үүний зэрэгцээ төслийн эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд өндөр гарсан бөгөөд:
Татварын дараах NPV (Цэвэр өнөөгийн үнэ цэн): 1.48 тэрбум ам.доллар
Дотоод өгөөжийн хувь (IRR): 60%-иар үнэлэгджээ.
Түүнчлэн үйлдвэрлэл эхлэх хүртэл шаардагдах 1-р үе шатны бүтээн байгуулалтын өмнөх хөрөнгө оруулалтын хэмжээг ойролцоогоор 61.2 сая ам.доллар болгон бууруулсан байна.
Хөрөнгө оруулалтын хэмжээг эрс бууруулах зорилгоор компани хөгжүүлэлтийн шинэ стратегийг хэрэгжүүлж эхэлжээ. Тухайлбал:
Нүүрс боловсруулах үйлдвэр (CHPP) болон Эрдэнэтийн төмөр замын терминал (ERT)-ийн дэд бүтцийн ажилд "CCTEG-IEC" компанитай ойролцоогоор 69.9 сая ам.долларын өртөг бүхий EPC гэрээ байгуулсан байна.
Уул уурхайн анхны техникийн парк болон авто замын тээврийн флотыг шууд худалдаж авахын оронд эхний жилүүдэд түрээслэх, гэрээгээр гүйцэтгүүлэх шийдвэрийг гаргажээ.
Төслийг санхүүжүүлэх болон хэрэгжүүлэх хуваарийн дагуу Монгол дахь охин компани болох "Хургатай Хайрхан ХХК"-аар дамжуулан дотоодын хөрөнгийн биржийн бус зах зээлээс үе шаттайгаар бонд босгох таамаглал дэвшүүлжээ. Нүүрс олборлолтыг 2027 оны 4-р улиралд эхлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд Нүүрс боловсруулах үйлдвэрийг 10 дугаар сард, Төмөр замын терминалыг 11 дүгээр сард тус тус ашиглалтад оруулахаар зорьж байна.
Олборлолт эхэлсний дараа жилд 1.5 сая тонноос эхэлж, улмаар 2.5 сая тонн, цаашлаад 5.0 сая тонн ROM нүүрс олборлох хүчин чадалд хүрэх бөгөөд уурхайн ашиглалтын хугацаа 31 жил байхаар тооцоолжээ.