Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

TMK Energy: Гурвантэс төслийн хийн олборлолт түүхэн дээд хэмжээнд хүрч, өрөмдлөгийн ажил эхэллээ

О.Дөлгөөн


Өмнөговь аймагт хэрэгжиж буй “Гурвантэс XXXV” нүүрсний давхаргын метан хийн (CSG) төслийн олборлолт сарын шинэ амжилт тогтоосныг “TMK Energy” компани албан ёсоор зарлалаа. Тус төслийн хүрээнд хийн олборлолт тасралтгүй өсөж байгаа бөгөөд удахгүй талбайд хоёр өрөмдлөгийн төхөөрөмж дахин ажиллахаар бэлтгэл хангаад байна.

Есдүгээр сарын дундаж олборлолт наймдугаар сараас 8 хувиар өсөж, өдөрт 872 шоо метр буюу 30,800 стандарт шоо фут (scfd)-д хүрэв. Сарын эцэст дундаж олборлолт өдөрт 33,400 scfd болж өссөн нь компани нөөцийн менежментийн шинэчилсэн төлөвлөгөөгөө эхлүүлж байсан үеэс 300 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм. Туршилтын гол цооног болох LF-07 дээр 14 сарын турш шахуурга бөглөрсөн тохиолдол гарсангүй, усны гарц тогтвортой (өдөрт 425 баррель) хэвээр байна.

Нөөцийн менежментийн шинэчилсэн төлөвлөгөөний хүрээнд шахуургын ажиллагааг зөөлрүүлж, усан сангийн даралтыг тогтвортой бууруулснаар хийн гарц эрс сайжирсан байна. Энэхүү технологи нь зөвхөн нэг цооног гэлтгүй олон цооног дээр амжилттай хэрэгжиж эхэлснийг удирдлагууд онцоллоо.

Тус компани 2026 оны ажлын хөтөлбөрийн хүрээнд ашиглалтгүй байгаа үйлдвэрлэлийн цооногийг дахин тоноглох капиталь засварын төхөөрөмжийг дайчилж байгаа бөгөөд шинэ цооног өрөмдөх бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн Хятадын хилтэй ойр оршдог энэхүү 8,400 ам дөрвөлжин километр талбай бүхий төслөөс гаргаж буй хийг ашиглан 1 мегаваттын эрчим хүчний төслийг хэрэгжүүлэхээр “Дашваанжил Групп”-тэй хамтран ажиллаж буй бөгөөд энэ сард багтаан хөрөнгө оруулалтын эцсийн шийдвэрийг гаргахаар төлөвлөжээ.