Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Ашигт малтмалын баялгаа нээх зорилгоор Конго улс геологийн судалгаа эхлүүллээ

Ч.Сансар


Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс ашигт малтмалын нөөцөө судлах зорилгоор улсын хэмжээнд агаарын геологийн зураглалын хөтөлбөр эхлүүллээ. Уг хөтөлбөр нь ашигт малтмалын хайгуулын эрсдэлийг бууруулж, бага судлагдсан бүс нутгуудад хөрөнгө оруулалтыг татахыг зорьж байгаа гэж тус улсын Геологийн агентлаг мэдээлэв.

Конго нь дэлхийн хамгийн том кобальт үйлдвэрлэгч болон Африкийн хамгийн том зэс үйлдвэрлэгч улс юм. Гэвч тус улсын нийт нутаг дэвсгэрийн 10 хүрэхгүй хувьд л ашигт малтмалын нарийвчилсан хайгуул хийсэн гэж эрх баригчид мэдээлж байна. 

Засгийн газар уул уурхайн салбарт тавих хяналтаа нэмэгдүүлж,  ажиллаж буй уурхайнуудын орлогоос илүү их хувийг хүртэхийн зэрэгцээ шаардлагатай геологийн мэдээлэлд хяналтаа тогтоохыг зорьж байна.

Конго Улсын Үндэсний Геологийн алба (SGNC) мэдээлэхдээ, PC2G-RDC төсөл нь агаарын геофизикийн судалгаа хийснээр тус улсын геологийн тогтоцыг судална гэжээ. Уг төсөл ашигт малтмалын нөөцтэй байж болох бүсүүдийг урьдчилан тогтоож, газрын доорх баялгийн талаарх мэдлэгээ нэмэгдүүлэх зорилготой.  Уул уурхайн сайд Луи Ватум Кабамба хэлэхдээ, уг төсөл хэрэгжсэнээр тус улсын геофизикийн судалгаанд хамрагдсан талбайн хэмжээ 22.27%-аас 46.1% болж нэмэгдэнэ гэжээ. 

SGNC-ийн Ерөнхий захирал Рауль Вазенга Витима хэлэхдээ, улс орны ашигт малтмалын баялагтаа тавих хяналт нь олборлолт эхэлснээр бий болдоггүй. Энэ нь улс орон нутаг дэвсгэрээ сайтар судалж, газрын зураг болон геологийн мэдээллээ хяналтанд авч, дээжийг нь хадгалж, лабораторийн хүчин чадлаа нэмэгдүүлж, цуглуулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийх чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэхээс эхэлдэг гэжээ. Тэрбээр Конго улс зөвхөн геологийн зураглалаа сайжруулаад зогсохгүй, цаашид өөрийн хүчээр геологийн зураглал хийх чадвартай болох ёстой гэж онцолсон байна.

Албаныхны хэлснээр, эдгээр судалгаа нь геологийн мэдээллийг шинэчилж, ашигт малтмалын нөөцтэй шинэ талбай илрүүлэхэд тусална. Мөн уул уурхайн төслүүдийг төлөвлөх, хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийх төрийн чадавхыг бэхжүүлнэ. 

Эх сурвалж: Mining Weekly