Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Инфографик

ИНФОГРАФИК: ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ БА ХИЙМЭЛ ОЮУН УХААН

Т.Бямбанаран

Гол дүгнэлтүүд:

  • БНХАУ дэлхийн хэмжээнд боловсруулсан галлийн үйлдвэрлэлийн 99%, газрын ховор элементийн олборлолтын 69.2%-ийг тус тус эзэлж байна.
  • Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс дэлхийн танталын уурхайн олборлолтын 52%-ийг бүрдүүлдэг бөгөөд удаах байруудад Руанда, Нигери улсууд орж байна.

Хиймэл оюуны дэд бүтэц нь зөвхөн чип болон цахилгаанаас хамаардаггүй. Хагас дамжуулагч, соронз, цахилгаан тэжээлийн удирдлагын системд зайлшгүй шаардлагатай галли, газрын ховор элемент, тантал зэрэг олон төрлийн чухал ашигт малтмалын нийлүүлэлтэд түшиглэдэг.

Дэлхийн банкнаас гаргасан “Дэлхийн хөгжлийн тайлан 2026”-д эдгээр ашигт малтмалыг онцолсон нь тэдгээрийн үйлдвэрлэл харьцангуй цөөн тооны улс оронд төвлөрсөнтэй холбоотой. Галлийн хувьд боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, харин ГХЭ болон танталын хувьд уурхайн олборлолтын хэмжээг ашигласан болно.

Галли үйлдвэрлэлийн 99%-ийг Хятад улс эзэлж байна

Дэлхийн нийт галлийн үйлдвэрлэлийн 99%-ийг Хятад улс дангаараа бүрдүүлдэг. Гэхдээ энэ нь газрын хэвлий дэх галлийн 99%-ийг Хятад улс эзэмшдэг гэсэн үг биш. Галлийг ихэвчлэн хөнгөн цагаан үйлдвэрлэх зорилгоор бокситыг боловсруулах явцад дайвар бүтээгдэхүүн болгон ялгаж авдаг. Тэгвэл Хятадын асар том хөнгөн цагааны үйлдвэрлэл нь галлийг их хэмжээгээр ялган авах үйлдвэрлэлийн чадавхыг бий болгожээ. Үүний зэрэгцээ өмнө нь зах зээлд галлийн нийлүүлэлт илүүдэж, үнэ бага байсан нь бусад улс орны үйлдвэрлэгчдийг зах зээлээс гарахад хүргэсэн байна.

Галлийн нитрид (GaN) зэрэг нэгдлүүд нь өндөр хүчдэл, өндөр температуртай нөхцөлд үр ашигтай ажиллах боломжтой учраас чухал ач холбогдолтой. Эдгээр шинж чанар нь галлийг гүйцэтгэл сайтай хагас дамжуулагч үйлдвэрлэхэд төгс тохирох түүхий эд болгодог аж. Хиймэл оюуны дата төвүүдийн тооцоолох хүчин чадал урьд урьдынхаас илүү нэмэгдэж, тэр хэрээр цахилгаан эрчим хүч их шаардах болсон өнөө үед галлийн эрэлт ч дагаад өсөж буй юм. 

Газрын ховор элементийн олборлолтын 69.2%-ийг мөн л Хятад улс эзэлж байна

Манай өмнөд хөрш дэлхийн нийт ГХЭ-ийн уурхайн олборлолтын 69.2%-ийг бүрдүүлж, АНУ 13.1%, Австрали 7.4%-ийг тус тус эзэлж байна.

Газрын ховор элемент нь 17 элементээс бүрдэх ба эдгээр элемент тооцоолох төхөөрөмж, техник хангамжийн өөр өөр бүрэлдэхүүн хэсэгт янз бүрийн үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал, неодим болон празеодим нь хатуу диск болон бусад төхөөрөмжид ашиглагддаг өндөр хүчин чадалтай байнгын соронз үйлдвэрлэхэд хэрэглэгддэг. Харин бусад ГХЭ-ийг хагас дамжуулагч, дэлгэц, оптик төхөөрөмж болон өгөгдөл хадгалах технологид ашигладаг.

Харин танталын үйлдвэрлэлийн газарзүйн тархалт өмнөх хоёр ашигт малтмалаас эрс ялгаатай. Дэлхийн танталын уурхайн олборлолтын 52%-ийг Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс бүрдүүлдэг бол Руанда 16%, Нигери 15.6%-ийг тус тус нийлүүлдэг. Эдгээр гурван улс нийлээд дэлхийн нийт олборлолтын 83.6%-ийг эзэлдэг аж.

Хиймэл оюун ухааны хувьд тантал нь гол төлөв конденсатор үйлдвэрлэхэд ашиглагддаг. Полимер тантал конденсатор нь авсаархан хийцтэй хэрнээ өндөр багтаамж, тогтвортой цахилгаан үзүүлэлттэй. 2026 оны байдлаар хиймэл оюуны серверүүд нь тантал конденсаторын эрэлт нэмэгдэх гол шалтгаануудын нэг болжээ.

Эх сурвалж: Дэлхийн банк, World Development Report 2026: The Promise of Artificial Intelligence; АНУ-ын Геологийн алба (USGS), Mineral Commodity Summaries 2026