О.Дөлгөөн
Орос улс дизель түлшний экспортод тавьсан хоригоо 10 дугаар сарын 31 хүртэл сунгаснаа мэдэгдлээ.
Иран болон Украины дайн түлшний нийлүүлэлтийг хумиж байгаатай холбоотойгоор дэлхий дахинд түлшний хомсдол үүсэж, үнэ нь огцом өсөөд байгаагийн дотор АНУ-д дизель түлшний үнэ галлон тутамдаа 6.50 ам.доллароос давж, дээд амжилт тогтоогоод байна. Үүний зэрэгцээ Их Британид ч мөн АНУ-Израилийн Ирантай хийж буй дайны улмаас дизель түлшний үнэ дээд хэмжээнд хүрсэн тухай "RAC" автомашины байгууллага мэдээлжээ.
ОХУ нь дотооддоо түлшний үнийн өсөлтийг хязгаарлах, мөн Украины дроны довтолгоонд өртсөн газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн хомсдолтой тэмцэх зорилгоор бензин, дизель түлшний экспортод удаа дараа хязгаарлалт тогтоосоор ирсэн юм.
Тухайлбал, Орос наймдугаар сарын сүүлээр дизель түлшний экспортын хоригоо есдүгээр сарын сүүлч хүртэл сунгахдаа хуучин Зөвлөлтийн бүгд найрамдах улсууд болон Монгол Улстай байгуулсан засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд нийлүүлэлт хийхийг зөвшөөрч байжээ. Иймд Төв Азийн орнууд, тэр дундаа манай улс руу уг түлшний экспортыг тасралтгүй үргэлжлүүлсээр байна.