
О.Дөлгөөн
Оросын зарим газрын тос боловсруулах үйлдвэрүүд засвар хийсний дараа үйл ажиллагаагаа сэргээсэн байна. Гэхдээ ШТС дахь түлшний хангамж бүрэн хэвийн болсон гэсэн үг биш юм.
Орост ч мөн сүүлийн гурван сараас дээш хугацаанд шатахуун хомсдох, карт системээр олгох, хоосон шахуургууд болон урт дараалал үүсэх зэрэг хүндрэлтэй тулгарсаар байна. Гэвч үйлдвэрүүдийн хэдэн хувь нь эргэн ажиллаж эхэлсэн талаарх тодорхой мэдээллийг албаны хүмүүс нууц хэвээр үлдээжээ.
Наймдугаар сарын 24-нд Шадар сайд Александр Новак зарим үйлдвэрүүд үйл ажиллагаагаа сэргээж, логистикийн нөхцөлийг харгалзан дотоодын хангамж өсөх төлөвтэй байгааг мэдэгдсэн. Тэрбээр мөн нөхцөл байдал өөрчлөгдөхийн хэрээр холбооны болон бүс нутгийн удирдлагууд түлшний компаниудтай долоо хоногт хоёр удаа уулзаж байгааг дурдсан юм. Гэвч Орос улс одоогоор аль үйлдвэрүүд ажиллаж эхэлснийг зарлаагүй, хүчин чадлын хэмжээг тоогоор илэрхийлээгүй бөгөөд жижиглэнгийн худалдааны хомсдол буурсныг батлаагүй байна.
Олон улсын эрчим хүчний агентлагийн (ОУЭХА) мэдээлснээр, Орос улс 6.5 сая баррель хоногийн суурилуулсан хүчин чадал бүхий 32 томоохон ГТБҮ-тэй. Гэвч зургадугаар сард боловсруулалт хоногт 3.8 сая баррель буюу сүүлийн 20 гаруй жилийн хамгийн доод түвшинд хүрч буурсан нь өмнөх оныхоос 30%-иар бага үзүүлэлт юм. Үүнээс үүдэн бензиний үйлдвэрлэл 20%-иар, дизель түлш бараг 30%-иар буурсан байна.
Дотоодын хомсдолыг бууруулахын тулд Орос улс экспортын хязгаарлалт тогтоож, наймдугаар сард Энэтхэг болон БНСУ-аас газрын тосны бүтээгдэхүүний импортоо сарын дээд хэмжээнд хүргэн 172,000 тоннд хүргэжээ.
ОУЭХА-ийн мэдээлснээр сүүлийн 18 сарын турш Украины дроны дайралт эрчимжиж, Оросын ГТБҮ-үүдийн хэвийн ажиллагаанд ноцтой нөлөөлж байна.