Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

ЭНЭТХЭГ УЛС МОНГОЛЫН КОКСЖИХ НҮҮРСНИЙ ДЭЭЖИЙГ ТУРШИЖ БАЙНА

Т.Бямбанаран

БНЭУ-ын төрийн өмчит ган үйлдвэрлэгч “Steel Authority of India” (SAIL) компани Монгол Улсаас анх удаа коксжих нүүрсний дээжийг агаарын тээврээр Энэтхэгт хүргүүлж, ган үйлдвэрлэлд ашиглах боломжийг туршиж эхэлжээ. Тус компани Австралийн коксжих нүүрсний нийлүүлэлтээс хамааралтай байдлаа бууруулж, нийлүүлэлтийн шинэ эх үүсвэрүүдийг эрэлхийлж байгаа аж.

SAIL энэ оны есдүгээр сарын эхээр Монголын коксжих нүүрсний нэг тонн дээжийг агаарын тээврээр Энэтхэгт авчирсан байна. Одоогоор уг дээжид туршилт, шинжилгээ хийж, ган үйлдвэрлэлийн шаардлагыг хангах эсэхийг үнэлж байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ. Энэхүү мэдээлэл одоогоор олон нийтэд албан ёсоор ил болоогүй тул эх сурвалжууд нэрээ нууцалсан байна.

Энэтхэгийн томоохон ган үйлдвэрлэгчдийн нэг SAIL өнгөрсөн онд Монголын коксжих нүүрсийг турших төлөвлөгөө боловсруулсан. Дэлхийн хоёр дахь том түүхий ган үйлдвэрлэгч Энэтхэг улс коксжих нүүрсний хэрэгцээнийхээ ойролцоогоор 95%-ийг импортоор хангадаг. Үүний дор хаяж тал хувийг Австрали улс нийлүүлдэг байна. Коксжих нүүрс нь ган үйлдвэрлэлийн нийт өртгийн бараг 40%-ийг бүрдүүлдэг тул найдвартай, төрөлжсөн нийлүүлэлтийн эх үүсвэртэй байх нь тус улсын гангийн үйлдвэрлэлийн хувьд чухал ач холбогдолтой юм.

Монголын коксжих нүүрсийг туршиж буй гол зорилго нь импортын нийлүүлэлтийн эх үүсвэрээ төрөлжүүлэхэд чиглэж байгаа ч Монгол Улсаас Энэтхэг рүү нүүрс тээвэрлэх логистикийн асуудал томоохон сорилт хэвээр байгааг эх сурвалжууд онцолжээ.

Эх сурвалж: Mining.com