Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадын зэсийн үйлдвэрлэл сүүлийн хэдэн арван жилд байгаагүйгээр удааширна

О.Дөлгөөн

Хятад улсын энэ жилийн боловсруулсан зэсийн үйлдвэрлэл сүүлийн хэдэн арван жилд үзэгдээгүй хамгийн удаан өсөлттэй гарах төлөвтэй байна. Тодруулбал, хайлуулах үйлдвэрүүд түүхий эдийн хомсдолтой тулгарч, хүхрийн хүчлийн үнэ унаснаар ашигт ажиллагаа нь эрс буурч байгааг шинжээчид онцоллоо.

Үйлдвэрлэлийн өсөлт 3 хувь руу унана

"Wood Mackenzie" болон "Zijin Tianfeng Futures" зэрэг судалгааны байгууллагуудын таамагласнаар, энэ онд зэсийн үйлдвэрлэл ердөө 3%-аас 3.4%-иар өсөхөөр байна. Энэ нь 2025 оны 10.4%-ийн өсөлттэй харьцуулахад эрс буурсан үзүүлэлт бөгөөд “Ройтерс" агентлагийн албан ёсны бүртгэл мэдээллээс үзэхэд 2000 оноос хойших хамгийн доод түвшин болох юм.

Source: Reuters

Нэгдүгээр сараас наймдугаар сарын байдлаар үйлдвэрлэл 4 хувийн өсөлттэй гарсан ч дөрөвдүгээр улиралд байдал улам хүндрэх төлөвтэй байна. Учир нь татварын хяналт чангарснаар хаягдал зэсийн нийлүүлэлт хумигдаж, хайлуулах үйлдвэрүүдийн гол түүхий эд болох зэсийн баяжмалын хомсдол давхар нүүрлэж байна.

"Аргус" (Argus) компанийн зэсийн үнийн судалгааны албаны дарга Рагав Жейн: "Одоогийн гол асуудал бол баяжмалаас гадна хаягдал зэсийн нийлүүлэлт давхар хумигдаж байгаа явдал юм. Энэ нь хайлуулах үйлдвэрүүдэд түүхий эдийг хооронд нь орлуулан ашиглах боломжийг хязгаарлаж байна" гэж мэдэгджээ.

Зэсийн баяжмалын хомсдолоос шалтгаалан боловсруулах хураамж эрс буурсан ч өмнө нь хайлуулах үйлдвэрүүдийг ашигтай ажиллахад голлон нөлөөлж байсан хүхрийн хүчлийн үнэ унаж эхэлсэн нь үйлдвэрлэлээ хумих бас нэгэн шалтгаан болж байна. "Oilchem" мэдээллийн үйлчилгээний мэдээлснээр хүхрийн хүчлийн үнэ есдүгээр сар гарсаар 11%-иар бууржээ.

Үүнтэй холбоотойгоор Хятадын долоон томоохон хайлуулах үйлдвэр арав, арваннэгдүгээр сард 30-60 хоногийн хугацаатай тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хийхээр төлөвлөсөн байна. Ингэснээр зах зээлд нийлүүлэгдэх боловсруулсан зэсийн хэмжээ ойролцоогоор 80,000 метрээр буурна гэж "Зуочуан" зөвлөх компанийн шинжээчид тооцоолжээ.

Дэлхий даяар хайлуулах хүчин чадал хэт хурдацтай тэлсэн нь нийлүүлэлтээсээ хол давж, олон жилийн хомсдол үүсгэсэн билээ. Дээр нь BHP компанийн "Escondida", MMG компанийн "Las Bambas", Коделкогийн "El Teniente" зэрэг дэлхийн томоохон уурхайнуудад гарсан осол аваарын улмаас нийлүүлэлт түр зуур тасалдсан нь нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн байна.

"CRU" зөвлөх компанийн шинжээч Брайан Пэнгийн таамагласнаар, дөрөвдүгээр улиралд зэсийн дундаж үнэ нэг тонн нь 14,500 ам.доллар хүрэх магадлалтай аж. (Энэ он гарсаар зэсийн үнэ голчлон 11,700 - 14,875 ам.долларын хооронд хэлбэлзээд байгаа юм).