
О.Дөлгөөн
Нүүрс шингэрүүлэх төслүүд бодлого тодорхойлогчдын ширээн дээр дахин эргэн ирлээ. Салбарын сайд Г.Дамдинням нүүрсээс шатахуун үйлдвэрлэх боломж, нөхцөл болон ТЭЗҮ-ийг шинээр боловсруулах асуудлыг хөндөж, Хятадын “China Energy” групппийн охин компани болох “Алтан гадас”, “Онч Толгой”, “Эрчим Хүч” ХХК-ийн удирдлагуудтай тохироонд хүрэв.
Дэлхийн зарим улс нүүрсээс шингэн түлш үйлдвэрлэх технологийг хэдэн арван жилийн турш ашиглаж ирсэн бөгөөд манай урд хөрш БНХАУ энэ чиглэлээр хэд хэдэн томоохон төслүүдийг хэрэгжүүлсэн байна.
Бидэнд түүхий эд буюу нүүрс нь бий. Тэгвэл нүүрсийг шатахуун болгоход яг юу дутаад байна вэ?
НҮҮРСНЭЭС ШАТАХУУН ҮЙЛДВЭРЛЭХ ТЕХНОЛОГИ ДЭЛХИЙ ДАХИНАА
Нүүрсийг шууд автомашины түлш болгох боломжгүй. Эхлээд химийн аргаар боловсруулж, шингэн нүүрс-үстөрөргөж болгон хувиргах шаардлагатай.

Олон улсад шууд (Direct Coal Liquefaction, DCL) болон шууд бус (Indirect Coal Liquefaction, ICL) гэсэн хоёр үндсэн замыг ашиглаж байна.
Нүүрсийг шингэн түлш болгон хувиргах технологи нь олон арван жилийн түүхтэй. Анхдагч нь Өмнөд Африкийн “Sasol” компани. Нүүрсийг хийжүүлэн синтез-хий гаргаж, улмаар Фишер-Тропшийн (Fischer-Tropsch) аргаар шингэн түлш үйлдвэрлэдэг. Тус компанийн Секунда дахь үйлдвэрүүд 1980-аад оны эхнээс ажиллаж, хоёр үйлдвэрийн нийлбэр хүчин чадал өдөрт 150 мянган баррельд хүрч байв.
Харин Монголын хувьд илүү ойрын бөгөөд үлгэрлэх ёстой жишээ нь Хятад. БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ордос хотод “Shenhua” групппийн Нүүрсийг шууд шингэрүүлэх (Direct Coal Liquefaction - DCL) үйлдвэр ажилладаг. Тус үйлдвэр 2008 онд туршилтын үйлдвэрлэлээ эхлүүлж, 2009 оноос арилжааны үйлдвэрлэлд шилжсэн бөгөөд өдөрт 10 мянган тонн орчим нүүрс боловсруулж, жилд нэг сая тонн орчим шингэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Үйлдвэрийн бүтээгдэхүүнд дизель түлшээс гадна нафта, ШНХ (LPG) шингэрүүлсэн шатдаг хий зэрэг бүтээгдэхүүн багтдаг.
Хятад улс энэ туршлагадаа түшиглэн 2016 онд Ниншя мужид “Shenhua”-гийн Нүүрсийг шууд бус аргаар шингэрүүлэх (Indirect Coal Liquefaction - ICL) үйлдвэрийг ашиглалтад оруулжээ. 7.9 тэрбум ам.доллароор боссон тус үйлдвэр 2021 онд анх удаа төлөвлөсөн хүчин чадалдаа хүрч, 4.05 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна.

ТЭРБУМ АМ.ДОЛЛАРООР ХЭМЖИГДЭХ ӨРТӨГ
Технологийн боломж байлаа ч биднийг угтах хамгийн эхний “айдас” бол санхүүжилт. Үйлдвэр барих өртөг нь төсөөлснөөс ч өндөр.
Жилд 1 сая тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай “Shenhua”-гийн Ордос дахь DCL үйлдвэрийн анхны хөрөнгө оруулалт 10 тэрбум юань буюу 1.5 тэрбум гаруй ам.доллароор хэмжигдэж байв. Мөн хүчин чадлаа 3 сая тоннд хүргэж өргөтгөхөд 30 тэрбум юань давах тооцоо гарсан байдаг.
АНУ-ын Үндэсний эрчим хүчний технологийн лабораторийн (NETL) судалгаанаас харвал хоногт 50 мянган баррель хүчин чадалтай ICL үйлдвэр барихад 7.0–8.0 тэрбум ам.доллар шаардлагатай. Энэ нь хоногт нэг баррель түлш үйлдвэрлэх хүчин чадалд ногдох хөрөнгө оруулалт л гэхэд 140–160 мянган ам.доллар болно гэсэн үг.
УСНЫ ХОМСДОЛ БА БАЙГАЛЬ ОРЧИН
Санхүүгээс ч илүү хүнд сорилт бол УС. Нүүрс шингэрүүлэх процесс бол асар их ус “залгидаг” технологи. Ус нь зөвхөн төхөөрөмж хөргөх биш, нүүрсэн дэх нүүрстөрөгчийг шингэн түлш болгон хувиргахад шаардлагатай устөрөгчийн эх үүсвэр, тоос дарах, үнс зайлуулах гээд бүхий л шатанд зайлшгүй шаардагддаг.
NETL-ийн мэдээллээр DCL технологид нэг тонн шингэн түлш үйлдвэрлэхэд 6–7 тонн ус ашигладаг бол ICL технологид энэ тоо 11–12 тоннд хүрдэг гэх тооцоо бий.
Монголд энэ асуудал бүр ч хурцаар хөндөгдөнө. Үйлдвэр барих хамгийн боломжит байршил болох Говийн бүсэд усны нөөц хязгаарлагдмал. Тиймээс үйлдвэрийг нүүрсний ордод ойр барих нь түүхий эдийн тээврийн зардлыг бууруулах давуу талтай ч усан хангамжийн асуудлыг улам хүндрүүлж болзошгүй.
“Shenhua”-гийн үйлдвэр ус дамжуулах тусгай дэд бүтцэтэй. Өнгөрсөн оны зургадугаар сард Ордос хотын Усны захиргаанаас жилд 7 сая m3 ус авах зөвшөөрөл олгосон бөгөөд нэг тонн бүтээгдэхүүнд 5.65 m3 цэвэр ус зарцуулж байна. Мөн усны дахин ашиглалтын түвшин 98.29%, хөргөлтийн усны эргэлтийн ашиглалт 98.90% гэж мэдээлсэн байна.
Асуудал усаар дуусахгүй. Нүүрсийг хийжүүлэх болон шингэрүүлэх явцад нүүрстөрөгчийн асар том хэсэг нь шингэн түлш биш, CO2 буюу нүүрстөрөгчийн хий болон агаарт ялгардаг.
Энэ байгаль орчны сөрөг нөлөөг бууруулах ганц арга нь Нүүрстөрөгчийг барих, хадгалах (CCS) технологи. “Shenhua” групппийн хувьд 2011–2015 онд үйлдвэрийн ялгаруулсан 300 мянган тонн CO2-ийг барьж, газрын гүнд хадгалах туршилтыг хэрэгжүүлсэн.
Ингээд харахаар “Shenhua”-гийн төслөл бол зүгээр нэг “шатахуун хийдэг үйлдвэр” биш, түүний цаана Нүүрс-хими + Эрчим хүч + Усны дэд бүтцэд + Тээвэр + CCS технологи огтолцсон томоохон цогцолбор юм.

ИМПОРТЫГ ОРЛОЖ ЧАДАХ УУ?
Энэ асуултад хариулахын тулд эхлээд шатахууны импортын бодит зургийг харах хэрэгтэй. 2025 онд манай улс нийт 2.97 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсны 1.83 сая тонн нь дизель түлш байсан ба 1.34 тэрбум ам.долларыг зарцуулжээ. Харин автобензин 848 мянган тонн (604.6 сая ам.доллар) байжээ. Импортын 60 гаруй хувийг дизель түлш эзэлж байна. Товчхондоо, Монголын шатахууны зах зээл бол үндсэндээ “уул уурхайн дизельин зах зээл” юм. Энэ оны эхний хагас жилийн импортын бүтцэд ч энэ зүй тогтлыг бататгаж байна.
АУЭБЯ-ны мэдээллээр зөвхөн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниуд л гэхэд жилд 1.2 сая тонн дизель түлш хэрэглэдэг. Энэ бол асар том тоо. Өөрөөр хэлбэл, Монголд CTL үйлдвэр баригдлаа гэхэд гол хэрэглэгч нь уул уурхайн компаниуд өөрсдөө байх болно.
Shenhua-гийн жишгээр жилд 1 сая тонн шингэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд 3.3–3.7 сая тонн түүхий нүүрс шаардагдана. Үүнээс гарч буй бүтээгдэхүүний 620 мянган тонн орчим нь дизель түлш. Энгийн математик тооцоо хийгээд үзье: 620 мянган тонн дизель+1.83 сая тонн Монголын 2025 оны дизельин импорт = ойролцоогоор 34 хувь.
Иймд хэрэв Ордосынх шиг үйлдвэр баригдвал импортын гуравны нэг орчимтой тэнцэх хэмжээний дизель үйлдвэрлэх боломжтой гэсэн үг.
ЦААСАН ДЭЭРХ ТЭЗҮ-ГЭЭС БОДИТ ХЭРЭГЖИЛТ РҮҮ
Монголчууд нүүрсээс шатахуун үйлдвэрлэх талаар анх удаа ярьж байгаа юм биш. Судлаачид 1980-аад оноос эхлэн боломжит ордуудыг судалж, улмаар 2010-аад оны эхээр нүүрсээс шатахуун гаргах хүлээлт үүсээд байв. Тухайлбал, 2014 онд хэвлэлүүдэд “Монголчууд нүүрсээсээ шатахуун гаргах цаг хаяанд ирлээ” хэмээн шуугиж, Багануур, Адуунчулуун, Төгрөг нуурын ордуудыг түшиглэн 2–2.7 тэрбум ам.долларын өртөгтэй үйлдвэрүүд баригдаж, 2018-2020 он гэхэд импортын шатахууныхаа 50%-ийг дотоодоосоо хангана гэж ТЭЗҮ-д тусгаж байв.
Гэвч 10 гаруй жилийн дараа эргээд харахад, асар өндөр хөрөнгө оруулалт, усны хомсдол болон технологийн эрсдлээс үүдэн эдгээр төслүүд бодит ажил бололгүй цаасан дээрээ үлджээ.
180 орчим тэрбум тонн нүүрсний тамаг нөөцтэй, үүнээс 32-35 тэрбум тонн нь баталгаажсан манай улсын хувьд нүүрсийг шатахуун болгох асуудал үеийн үед анхаарал татсаар ирсэн. Уг төслийг заавал “импортыг 100% орлох” эсвэл “дэлхийн жишигт нийцсэн аварга үйлдвэр барих” гэдэг өнцгөөр харах албагүй. Асуудлын цөм нь бодит нөөц болон байгаль орчны боломждоо тохируулан үйлдвэрийн хүчин чадлыг оновчтой, бага хэмжээнээс эхлүүлж, шатахууны хамаарлыг бага ч атугай бууруулахад оршиж байна.