
О.Дөлгөөн
Олон улсад хувьцаа нь нээлттэй арилжаалагддаг “Mongolian Mining Corporation” (MMC) 2026 оны эхний хагас жилийн санхүү болон үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Тайлант хугацаанд тус компани өмнөх оны мөн үед хүлээж байсан алдагдлаа нөхөж, өндөр өсөлттэй ажиллажээ.
Санхүүгийн гол үзүүлэлтүүд
MMC-ийн 2026 оны эхний хагас жилд олсон нийт орлого 586.2 сая ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийн үзүүлэлтээс (346.6 сая ам.доллар) бараг хоёр дахин өссөн үзүүлэлт юм.
Тайлант хугацаанд компани 105.9 сая ам.долларын цэвэр ашиг (хувьцаа эзэмшигчдэд ногдох нь 89.0 сая ам.доллар) олжээ. (Өмнөх оны мөн үед 19.9 сая ам.долларын алдагдал хүлээж байв).
Нийт ашиг (Gross Profit): 134.9 сая ам.доллар.
EBITDA: Хүү, татвар, элэгдлийн өмнөх ашиг 169.2 сая ам.долларт хүрсэн байна.
Тодруулбал, нийт орлогын 84%-ийг коксжих нүүрсний, 16%-ийг алт болон бусад металлын үйл ажиллагаа тус тус бүрдүүлсэн байна.
Коксжих нүүрсний зах зээл: Монгол Улс Хятадын зах зээлийг тэргүүлсэн хэвээр байна
Хятадын гангийн үйлдвэрлэл бага зэрэг буурсан хэдий ч коксжих нүүрсний импорт өндөр түвшинд хадгалагджээ.
Тайлант хугацаанд Хятад улс 66.9 сая тонн коксжих нүүрс импортолсноос 40.6 сая тонныг нь буюу 60.7%-ийг нь гагцхүү Монгол Улсаас авсан нь өмнөх оны мөн үеэс 63.7%-иар өссөн үзүүлэлт юм.
Тус компани Ухаа Худаг (UHG) болон Баруун Наран (BN) уурхайнуудаасаа нийт 9.3 сая тонн түүхий нүүрс олборлож, 8.4 сая тонныг баяжуулан 5.1 сая тонн угаасан нүүрс гарган авчээ. Борлуулалтын хэмжээ 5.7 сая тоннд хүрсэн бөгөөд үүний 38%-ийг Монголын Хөрөнгийн Биржийн онлайн дуудлага худалдаагаар борлуулсан байна. Мөн шинээр төмөр замын тээврийг нэвтрүүлж, Гашуунсухайт чиглэлд төмөр замаар нүүрс тээвэрлэж эхэлжээ.
2026 оны эхний хагас жилд дэлхийн зах зээл дээр алтны үнэ түүхэнд байгаагүй өндөр түвшинд хүрч (унц нь 5,400 ам.доллар хүртэл өсч, дундаж үнэ нь 4,680 ам.доллар байв) мөнгөний үнэ ч мөн огцом савлаж өссөн.
Компани зах зээл дэх өөрийн үнэлгээг дэмжих зорилгоор 2026 оны эхний хагас жилд 4,524,000 ширхэг хувьцаагаа эргүүлэн худалдаж авч цуцалсан бол 7 дугаар сард нэмж 10,950,000 ширхэг хувьцааг худалдан авчээ.
Тайлант хугацааны байдлаар нийт өрийн үлдэгдэл 400.0 сая ам.доллар байгаа бөгөөд бэлэн мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгө 294.4 сая ам.долларт хүрсэн нь санхүүгийн тогтвортой байдлыг улам бэхжүүлжээ.