
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Томас Графийг хүлээн авч уулзан, хоёр орны эдийн засаг, уул уурхай, технологи, боловсролын салбарын хамтын ажиллагааг бодит төсөл, хөрөнгө оруулалтаар баяжуулах боломжийн талаар ярилцлаа.
Уулзалтаар газрын ховор элемент, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, шатахууны эх үүсвэрийн төрөлжилт, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд түлхүү хамтран ажиллахаар санал нэгдэв.
2011 оны Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, шинэ төсөл, хөтөлбөрүүдийг тодорхойлохоор боллоо.
Түүхий эд боловсруулах, газрын ховор элемент болон чухал ашигт малтмалын чиглэлээр Германы өндөр технологи, инженерийн мэдлэгийг нэвтрүүлэх, Германы компаниудын хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлэх, нүүрснээс шингэн түлш боловсруулах судалгаа хийхээс гадна Монголын сэргээгдэх эрчим хүчний нөөцөд тулгуурлан хамтран ажиллах боломжийг хэлэлцлээ.
Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн үйл ажиллагааг өргөжүүлэх, оюутан солилцоо, тэтгэлэгт хөтөлбөр болон мэргэжил дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.