
О.Дөлгөөн
Австралийн "Jade Gas" компани Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн (TTCBM) XXXIII талбайд өргөн хүрээний шинэ судалгаа хийхээр болсноо танилцууллаа. Тэд уламжлалт нүүрсний давхаргаар хязгаарлагдахгүйгээр, түүнээс ч илүү гүн дэх геологийн үе давхаргуудад хийн нөөц байгаа эсэхийг тодорхойлохоор зорьж байна. Энэ хүрээнд занарын хий болон элсэн чулууны нягт давхарга дахь хийн нөөцийг илрүүлэх зорилгоор 2D болон 3D геофизикийн (сейсмик) иж бүрэн судалгаа хийх аж.
Төлөвлөгөөний дагуу эхлээд 2D сейсмик судалгаагаар геологийн бүтэц, давхаргын ерөнхий зураглалыг гаргах юм. Үүний араас өндөр нарийвчлалтай 3D судалгааг үргэлжлүүлж, гүний хайгуулын цооног өрөмдөх хамгийн оновчтой цэгүүдийг нарийвчлан тогтоох юм байна.
Энэхүү хайгуулын аргачлал нь Хятадын Ордосын сав газар, тэр дундаа өмнө нь Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй байсан "Sino Gas & Energy" компанийн хөгжүүлж байсан Линшин ордын туршлагад үндэслэжээ. Тус бүсэд нүүрсний давхаргын метан, занарын болон элсэн чулууны хийн давхаргууд босоо тэнхлэгтээ давхарлан байршдагийг тогтоосон бөгөөд Данин-Жишиань бүсэд 2,000 метрээс дээш гүнээс хий амжилттай олборлож байсан түүхтэй юм.
Хэрэв сейсмикийн судалгааны үр дүн амжилттай болвол хий агуулсан нэмэлт давхаргуудыг баталгаажуулж, цаашид сонирхсон олон улсын эрчим хүчний компаниудтай хамтран ажиллах бат бөх суурийг тавих ажээ.