Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

 "Петро Матад" хоёр цооногоо хаалаа

О.Дөлгөөн


Дорнод аймгийн Матад сумд үйл ажиллагаа явуулж буй Петро Матад компанийн 2026 оны газрын тосны борлуулалт дахин саатаж, олборлолтын хоёр цооногийг түр хаалаа.

Тус компани есдүгээр сарын 22-нд 2026 оны газрын тосны борлуулалтын гэрээний явцын талаар мэдээлэхдээ, Петро Чайна-ийн Монгол дахь охин компани Петро Матад-ийн нэхэмжлэхийг боловсруулах боломжгүй болсон талаар мэдэгдсэнийг дуулгав.

Петро Матад-ийн мэдээлснээр, Петро Чайна өнгөрсөн наймдугаар сард 2026 оны газрын тосны борлуулалтын гэрээтэй холбоотой дотоод асуудлууд шийдэгдсэн бөгөөд тус компанийн 2026 онд олборлосон газрын тосны экспорт, борлуулалт эхэлнэ гэдгийг бичгээр баталгаажуулж байжээ. Гэвч одоо Петро Чайна-ийн төв оффист уг асуудлаар дотоод хэлэлцүүлэг үргэлжилж байгаа аж.

Үүнээс гадна аравдугаар сарын эхээр тохиох БНХАУ-ын Үндэсний баярын үеэр Монгол Улсаас газрын тос импортлох үйл ажиллагаа түр зогсох бөгөөд Петро Чайна-ийн Block XIX дэх газрын тос хадгалах савны багтаамж бараг дүүрсэн тул Block XX-ийн олборлолтын нийлүүлэлтийг зогсоохыг Петро Чайна Петро Матад-д мэдэгджээ.

Үүний улмаас Петро Матад-ийн Heron-1 болон Gazelle-1 цооногийг хаасан байна. Компанийн мэдээлснээр, цооногуудыг түр хаах нь дахин олборлолт эхлэх үед давхаргын даралт сэргэж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломж бий болгож болох ч энэ нь компанийн төлөвлөгөө байгаагүй юм.

Петро Матад уг нөхцөл байдлыг шийдвэрлэхээр Монголын эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж, зохицуулалтын, сайдын болон дипломат сувгаар асуудлыг тавьж байгаа аж. Түүнчлэн асуудлыг манай улсын Шадар сайдын түвшинд хүргэсэн бөгөөд Шадар сайд ПетроЧайна Монгол-ын удирдлагатай уулзсан гэж тус компани мэдээлжээ.

Нөгөө талаас, 2026 онд олборлосон хуримтлагдсан газрын тосны борлуулалт цаашид саатах тохиолдолд бүтээгдэхүүнийг зах зээлд хүргэх өөр хувилбаруудыг боломжит худалдан авагчидтай хэлэлцэж байгаагаа Петро Матад мэдэгдсэн байна.

Петро Матад-ийн Гүйцэтгэх захирал Майк Бак нөхцөл байдлыг наймдугаар сард Петро Чайна-гаас авсан бичгээр баталгаажуулсан мэдээллийн дараах гэнэтийн өөрчлөлт хэмээн тодорхойлж, асуудлыг эцэслэн шийдвэрлэхийн төлөө холбогдох талуудтай хамтран ажиллаж байгаагаа илэрхийлжээ.