
Ч.Сансар, Б.Төгсбилэгт
Mонгол Улсын дотоодын зах зээлд шатахууны нийлүүлэлтийн доголдол, эрэлтийн шок хавсран үйлчилж улмааp 8 дугаар сарын хувьд шатахуун түгээгүүрүүд дээр бензинд дугаарлах машинуудын урт дараалал үүссэн сар болж өнгөрлөө. Сарын сүүл рүү шатахууны нийлүүлэлт тогтворжиж дугаарлалт харьцангуй багассан ч, тайвшрах эрт төдийгүй урт хугацааны шатахуун хангамжийн хомсдолтой тулгарч болзошгүй нөхцөл байдал хэвээр байна. Наймдугаар сарын хувьд 68.5 мянган тонн АИ92 шатахуун импортолсон нь 7 дугаар сарынхаас 20 гаруй мянган тонноор илүү дүн юм. Гэхдээ манай улс оны эхний саруудад 110 хүртэлх мянган тонн шатахуун импортолж байснаас үзэхэд зах зээлд үүссэн эрэлтийн шокыг намжааж, зэрэгцээд нөөц бүрдүүлэхийн тулд дор хаяж 100 мянган тонн АИ92 шатахуун сар бүр импортлох шаардлагатай болж байна.
Газрын тосны их гүрэн ОХУ-д шатахууны нийлүүлэлт доголдоно гэвэл итгэх хүн ховор байх байсан биз. Гэхдээ яг одоо ийм байдал биеллээ олох тал руу эргэв. Үр дүнд нь ОХУ-д шатахуун хангамжаа сэтгэл амар даатгаж ирсэн Монгол төдийгүй Евразийн улс орнууд түлш шатахууны дутагдалтай нүүр тулгарч, өөр эх үүсвэрийн эрэлд мордоцгоох болов. Монгол Улсын хувьд нийлүүлэлтийг тогтворжуулах үүднээс Хятад, Солонгос руу "бадар барин" очиж, чамлахааргүй түлш авах хариу сонсоод жаахан уужуу амьсгал авахтайгаа болоод байна. Солонгосшатахуун. дизель, онгоцны түлш нийлээд 50 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн, Хятад улс үүнээс ч илүү ихийг өгөх боломжтой гэсэн хариу өглөө. Гэвч нийлүүлэлтийн гинжин хэлхээ төлөвшин тогтох хүртэл хугацаа орох тул эхний ээлжинд харьцангуй багаар авсаар хэмжээгээ аажмаар нэмэгдүүлэх ажээ. Үүнээс гадна эдгээр тохиролцоо эрэлтийг бүрэн хангахад хэтэрхий хол байна. Манай улс бүрэн хүчин чадлаараа сардаа нийт хэрэглээний 60% буюу 150 мянган метр куб шатахуун урд хилээр импортлох боломжтойг салбарын сайд дуулгасан. Бүх зүйл сайнаар эргээд энэ хэмжээгээр авах тохиолдолд үнийн зөрүү ихээр үүсэхээр байна. ОХУ-аас Евро-2 ангиллын АИ92 шатахууныг он дуустал тогтвортой үнээр авах тухай Засгийн газар ам бардам тунхагласаар ирсэн. Одоо харин үнийн шугам богино хугацаанд нэг бус удаа дээшилж 705-850 ам.доллар болтлоо өсөж литр тутамдаа 3040 төгрөг болоод байгаа билээ. Гуравдагч хөршөөс ирэх үнэтэй бензин яг ямар үнээр худалдаалагдахыг бүрэн мэдэрч амжаагүй байтал шатахуун түгээгүүрүүд бүгд дуу дуугаа авалцан бараагаа Евро-5 ангиллын бензин гэж тунхаглан борлуулна. Орос манайд ийм төрлийн бензин бараг нийлүүлэхгүй байгаа ч уг төрлийн бензин яагаад ч юм шатахуун түгээгүүрийн цэгүүдэд өргөнөөр худалдаалагдах болсон нь иргэдийн гайхлыг эрхгүй төрүүлэв. Хямд шатахуунд дэндүү дасал болсон манай улсын эдийн засагт үнэхээр гуравдагч эх үүсвэрээс их хэмжээгээр шатахуун орж ирэх үед үнэ хэрхэх нь инфляцын асуудлыг даамжруулахаар байна.
Өмнөх оны 11 дүгээр сард шатахууны хомсдол тохиоход үнэтэй шатахуун импортлох тохиолдолд засаг татаас олгох байдлаар зохицуулна гэж ам алдсан удаатай.
Харин энэ удаад үнийн асуудал дээр огт амлалт өгөхийг урьтал болгосонгүй. Нүүрсний экспортын эрчмийг хадгалах, зэрэгцээд тариа хураалтын үе давхцаж буй үед түлшний хангамжийн асуудал юу юунаас ч илүү чухал болох нь тодорхой. Гэвч дизелийн импорт буурах хандлагатай байгаа нь байдал амаргүй байгааг харуулна. Хятад, Солонгосоос шатахуун олж ирнэ гэж буй ч бодит байдал дээр хэрхэн биеллээ олох эсэх нь тодорхой бус хэвээр байна.
Үүссэн нөхцөл байдалд шинэ Засгийн газрыг бүхэлд нь шууд буруутгахад амаргүй. Учир нь шатахуун хангамжийн нөөц бүрдүүлэх ажил нь өөрөө улс орны стратегийн, урт хугацааны ажил байдаг. Гэхдээ Засаг өнгөрсөн зургадугаар сараас импорт буурч, захиалсан хэмжээндээ хүрэхгүй болж эхэлснийг сайтар ойлгож, мэдэж байсан. Нөгөөтэйгүүр, эрх баригч хүчин нэлээд амар амгалан горимд буюу "сүх далайтал үхэр амар" гэгчийн үлгэрээр ажилласан гэдэг нь сүүлийн нэг жилийн хугацааны үйл явцаас илэрхий харагдана. Учир нь Украины дроны халдлага ОХУ-ын Томоохон нефтийн үйлдвэрүүдийг нь чиглэх болж, улмаар тус улсын дотоодод шатахууны нөхцөл байдал жилийн өмнөөс ye ye хүндрэх болсон билээ. Энэ хугацаанд манай улс дохио авч яаралтай шатахууны сав багтаамжаа нэмэгдүүлж, нөөц базаах боломж байсан. Хадгалах агуулах сав барих ажлыг бүр 2021 оноос л эрчимтэй ярьж, ажлын төлөвлөгөөндөө оруулж байсан ч, энэ жилээс л тийнхүү сав барих ажил руу ханцуй шамлан орж буй нь энэ юм. Ингээд 2028 онд арайхийн 3 сарын нөөц бүрдүүлэх саваа зэхэж бэлтгэх ажээ.
Үнэхээр хэн ч ОХУ-ын шатахууны доголдол ийм хэмжээнд хүрнэ гэж төсөөлөөгүй байж болох юм. Учир нь Евразийн улс орнуудын нөхцөл байдал ч үүнийг тодоор гэрчилнэ. Гэхдээ дронын цохилт энэ бүхнийг байж болохыг ил тод харуулж байна. Тиймээс одоогийн үүсээд буй нөхцөл байдал нь "дроны шоглоом" гэж нэрлэгдэж болохоор байна.
ОХУ-ын хувьд үүссэн нөхцөл байдалд ирэх оны 1 дүгээр сарын эцэс хүртэл шатахуун экспортын хоригоо сунгаад байгаа юм. Мөн газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн засварын ажлыг хурдавчлах, заримыг нь хойшлуулах зэргээр үйлдвэрлэлийн гарцыг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахыг эрмэлзэн ажиллаж буй ажээ.

ОРОСЫН ШАТАХУУНЫ ХЯМРАЛ ХӨРШ ОРНУУДАД ХЭРХЭН НӨЛӨӨЛЖ БАЙНА ВЭ?
ОХУ-д энэ зуны эхээр үүссэн түлш шатахууны хямрал зөвхөн тус улсын дотоодын асуудал байхаа больж, аажмаар хөрш орнуудад нөлөөлж эхэллээ. Олон арван жилийн турш Орос улсаас их хэмжээгээр нефтийн бүтээгдэхүүн худалдан авч ирсэн Төв Азийн орнуудын хувьд нийлүүлэлт тасалдаж, илүү хүнд нөлөөллийг амсаж болзошгүй болж байна.
Нөхцөл байдал ийнхүү амаргүй болсны цаана Орос, Украины хооронд үргэлжилж буй дайн нөлөөлж буй нь илэрхий юм. ОХУ-ын газрын тос боловсруулах олон үйлдвэр Украины дроны халдлагад өртөж, засварт орсноос үүдэн шатахууны нийлүүлэлт хумигдах болсон. Дотоодын хэрэгцээгээ нэн тэргүүнд хангахын тулд Оросын Засгийн газар бензиний экспортыг эхлээд 4 дүгээр сарын 2-ноос 7 дугаар сарын эцэс хүртэл бүрэн хориглоод байсан бол ирэх оны эхний сарыг дуустал сунгаад байгаа билээ. Мөн 7 дугаар сарын 8-наас дизель түлшний экспортыг 9 дүгээр сарын сүүлч хүртэл хязгаарлаад байна.
Экспортын хязгаарлалт нь ОХУ-тай Засгийн газар хоорондын гэрээтэй Киргиз, Тажикистан, Узбекистан болон манай улсын тухайд үйлчлэхгүй тул санаа амар байж болно. Гэвч бодит байдал дээр эдгээр гэрээт улс руу түлш шатахуун нийлүүлэх хэмжээнд асуудал үүссэн. Учир нь Оросын дотоодын зах зээлийн нөхцөл байдал ч дутагдалтай хэвээр байгаагаас бүх зүйл тодорхой болж ирнэ. Өөрөөр хэлбэл, Орос улс юун түрүүнд дотоодын хэрэгцээгээ хангахад анхаарч байгааг гадаадын хэвлэлүүдэд тодорхой өгүүлжээ.
Хэдий дотоодынх нь нөхцөл байдал амаргүй байгаа ч бидэнд боломжит хэмжээгээр өгч буйд хойд хөршид талархах нь зүйтэйг Засгийн газар удаа дараа илэрхийлж байгаа билээ. Үнэхээр ч ОХУ-аас 8 дугаар сард харьцангуй ахиу хэмжээгээр буюу 68.5 мянган тонн АИ92 шатахуун нийлүүлж байгаагаас энэ бүхнийг ойлгож болно.
Манай улсын нэгэн адилаар Төв Азийн орнуудад хямрал хүндээр тусаж байгаа нь олон жилийн турш Оросоос харьцангуй хямд шатахуун авдаг байсантай нь холбоотой. Онцлог нь зарим улсын хувьд өөрийн гэсэн газрын тос боловсруулах үйлдвэртэй ч Оросоос бүтээгдэхүүн тогтмол импортолдог тогтсон уламжлалтай явж ирсэн тул гэнэт нийлүүлэлтийн шок үүсэхэд урьдчилан хангалттай нөөц бүрдүүлж амжаагүй байжээ.

Харин одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн.
Өмнө нь хөрш орнууддаа шаардлагатай үед нь нэмэлт шатахуун нийлүүлдэг байсан Орос улс өөрөө хомсдолд орсон. Улмаар 7 дугаар сараас эхлэн Энэтхэг зэрэг улсаас бензин импортолж, хөрш орнуудаасаа ч шатахуун худалдан авах боломж хайж эхэлсэн тухай барууны хэвлэлүүдэд тодорхой өгүүлжээ.
Төв Ази шатахууны гүнзгий хямралд орсон гэж хэлэхэд одоохондоо эрт байна. Гэхдээ нийлүүлэлт саатаж, үнэ өсөж, импортлогч улс орнууд шинэ нийлүүлэгч хайж эхэлсэн явдал нь Оросын шатахууны салбарт үүссэн хүндрэл хөрш орнуудад нь аль хэдийн хүчтэй нөлөөлж эхэлснийг харуулна. Нөхцөл байдал цаашид хүндрэх нь хямрал хэр удаан үргэлжлэх, мөн Оросын шатахууныг орлох өөр эх үүсвэр олж чадах эсэхээс шууд шалтгаална. ОХУ-тай газрын тосны бүтээгдэхүүний худалдаагаар холбогддог улс орнууд үүссэн нөхцөл байдалд зарим нь илүү амаргүй байгаа бол нөгөө хэсэг нь тодорхой хэмжээгээр хожиж байна гэж хэлж болно.
Беларусь
Оросын шатахууны хямралаас ашиг хүртэж буй гол орнуудын нэг нь Беларусь улс юм. Жишээ нь 6 дугаар сарын 1-25-ны хооронд гэхэд тус улсаас ОХУ-д нийлүүлсэн бензиний хэмжээ 2.4 дахин нэмэгдэж, 141 мянган тонн хүрсэн. Газар зүйн хувьд ойр байрлалтайн сацуу шатахууны чанар нь Оросын зах зээлд тохирсон, төмөр замын сүлжээ хөгжсөн зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан Беларусь экспортоо богино хугацаанд эрс нэмэгдүүлж чадсан.
Гэхдээ Беларусийн экспортлох түлш шатахууны хэмжээ Оросын зах зээлийн хэрэглээтэй харьцуулахад багахан учраас хомсдолыг бүрэн арилгах боломжгүй юм.
Энэтхэг
Орос руу нефтийн бүтээгдэхүүнээ экспортолж эхэлсэн улсуудын тоонд Энэтхэгийг зүй ёсоор тооцож болно. Гэхдээ нийлүүлэлтийг зуучлагч компаниудаар дамжуулан хийж байгаа бөгөөд Энэтхэгийн зарим үйлдвэр Оросын түүхий нефтийг авч боловсруулдаг.
Гэхдээ Энэтхэг нь Беларусьтай харьцуулахад хэд хэдэн хүчин зүйлээр сул талтай. Тухайлбал тээвэрлэлтийн зай маш хол, дээр нь тээвэр болон даатгалын зардал байнга нэмэгддэг тул шатахууны өртөг өндөр байдаг. Тиймээс хомсдол гүнзгийрч, эрэлт нэмэгдэж буй энэ үед Энэтхэгээс нийлүүлж буй бүтээгдэхүүн нь Оросын нийт хэрэгцээний зөвхөн тодорхой хэсгийг л хангах боломжтой.
ТӨВ АЗИД ХОМСДОЛ МЭДРЭГДЭЖ ЭХЛЭВ
Орос улс экспортоо хязгаарласан нь Төв Азийн зах зээлд мэдрэгдэж эхэлсэн. Бензиний жижиглэнгийн үнэ өнгөрсөн оны мөн үеэс 15-25%-иар өссөн байна.
Намрын ургац хураалтын үе дөхөж дизель түлш тасалдах эрсдэл ч нэмэгдэж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдийн зардлыг өсгөхөд хүргэж байна.
Харин хямралыг даван туулах боломж улс бүрд харилцан адилгүй. Казахстан болон Узбекистан нь дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэртэй. Харин Киргиз, Тажикистанд ийм боломж хомс тул өөр нийлүүлэгч хайж эхэлсэн.
Хямрал агаарын тээврийн салбарт ч нөлөөлөх болсон. Тухайлбал 6 дугаар сард онгоцны түлш хомсдож, үнэ нь өссөнөөс болж Uzbekistan Air-ways компани Орос руу үйлддэг зарим нислэгийнхээ давтамжийг цөөрүүлжээ.
Казахстан
Төв Азийн таван орноос Казахстан бензин үйлдвэрлэлийн хувьд харьцангуй тогтвортой байдалд байгаа улсаар нэрлэгдэнэ. Тус улс газрын тос боловсруулах гурван том үйлдвэрээ шинэчилснээр дотоодын хэрэгцээгээ бараг бүрэн хангах боломжтой болсон. Тиймээс хөрш орнуудтай харьцуулахад Казахстанд эрсдэл бага тулгарна.
Гэхдээ Казахстан Оросын шатахуунаас хараат бус гэвэл хараахан үгүй. Томоохон үйлдвэрүүд нь урсгал засварт орох үед дотоодын хэрэгцээнийхээ тодорхой хэсгийг нөхөхийн тулд уламжлал ёсоор Орос улсаас нефтийн бүтээгдэхүүн импортолж таардаг. Харин одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн тул ийм боломж багассан нь Казахстаныг илүү хянамгай байхад хүргэж байна.
Энэ удаад Орос өөрөө Казахстанаас бензин авах боломжтой гэж үзэж эхэлсэн. Өнгөрсөн 7 дугаар сарын эхээр Казахстаны Эрчим хүчний яамнаас дотоодын хэрэгцээнээс илүү гарсан нөөцөө ОХУ-д арилжааны нөхцөлөөр нийлүүлэх боломжийг судлахад бэлэн гэдгээ мэдэгдсэн. Ямартай ч хойд хөрш энэ талаар албан ёсны хүсэлт тавиагүй байгаа ажээ.
Казахстанд экспортлох боломж хязгаартай. Дотоодын шатахууны үнэ харьцангуй хямд тул хөрш орнууд руу хууль бусаар гаргах асуудал их гардаг. Иймээс 7 дугаар сард эрх баригчид шатахууны хууль бус тээвэрлэлтийг таслан зогсоох зорилгоор хилийн хяналтаа чангатгажээ.
Ийнхүү Өөрийн боловсруулах үйлдвэртэй Казахстан улс бусад орноос харьцангуй давуу байдалтай байгаа ч одоогийн нөхцөлд дотоодын зах зээлээ шатахуунаар хангах зорилтоо нэн тэргүүнд тавьж байна.
Узбекистан
Узбекистаны нөхцөл байдал Казахстантай харьцуулахад илүү хүнд. Боловсруулах үйлдвэрүүд нь дотоод хэрэгцээгээ бүрэн хангаж чаддаггүй бөгөөд гадны импортоос ихээхэн хамааралтай. Тухайлбал Оросын импорт өндөр хувийг эзэлдэг. 2026 оны эхний таван сард нефтийн бүтээгдэхүүний импорт нь өмнөх оны мөн үеэс 31.7%-иар өсөж, 1.86 тэрбум ам долларт хүрчээ. Бензиний импорт гэхэд 84 орчим хувиар нэмэгдсэн аж.
Одоогоор шатахуун түгээх станцууд дээр ноцтой хомсдол үүсээгүй ч үнэ өсөж эхэлжээ. 6-7 дугаар сард Ташкент хотод АИ-92 бензиний үнэ 5-10%, АИ-95-ийнх 12-18%-иар нэмэгдсэн байна. Мөн 6 дугаар сарын сүүлээр АИ-92 бензиний биржийн үнэ түүхэн дээд түвшинд хүрч, нэг сарын дотор бараг 12%-иар өсжээ. Энэ хугацаанд бирж дээр нийлүүлсэн бензиний хэмжээ 18 орчим хувиар буурсан байна.
Узбекистан дотоод үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломжтой ч эрэлт, импорт өсөж байгаатай холбогдуулан уг асуудлыг бүрэн шийдэж чадахгүй байгаа. Тиймээс эрх баригчид шатахуунаа нөөцөлж, Эрчим хүчний яамны мэдээлснээр одоогоор хоёр, гурван сарын хэрэглээг хангах бензиний нөөц бүрдүүлсэн байна. 2026-2027 оны өвөл гэхэд нөөцөө 120 мянган тоннд хүргэхээр төлөвлөжээ.
Тажикистан
Тажикистан Оросын шатахуунаас маш өндөр хамааралтай. 2013 оноос хойш тус улс Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд ОХУ-аас нефтийн бүтээгдэхүүнийг гаалийн татваргүйгээр авч ирсэн. 2026 онд нийт 1.11 сая тонн нефтийн бүтээгдэхүүн, үүнээс 420 мянган тонн бензин авахаар төлөвлөжээ.
2025 онд Тажикистан нефтийн бүтээгдэхүүний 84 орчим хувийг Оросоос импортолсон байна.
Ийм нөхцөлд нийлүүлэлт саатах, тээвэр болон бусад зардал өсөх нь дотоодын зах зээлд шууд мэдрэгддэг.
Одоогоор бензиний ноцтой хомсдолтой тулгараагүй ч үнийн савлагаа мэдрэгдэж эхэлжээ. Душанбе хотод АИ-92 бензиний үнэ 5 дугаар сарын дунд үед литр тутамдаа 10.4 сомони (1.12 ам доллар) байсан бол 8 дугаар сарын эцэст 13 сомони (1.4 ам доллар) болж, бараг 25%-иар нэмэгдсэн. Шатахууны үнийн өсөлт нь тээврийн зардал болон бизнесийн үйл ажиллагаанд ч нөлөөлж байна.
Дотоодод боловсруулах хүчин чадал хязгаарлагдмал тул нийлүүлэлт буурахад Тажикистанд импортыг орлох боломж бага. Хэрэв хомсдол удаан үргэлжилбэл өөр нийлүүлэгч хайхаас аргагүй байдалд болно. Гэхдээ шинэ нийлүүлэгчийн түлш шатахууны үнэ Оросын үнээс илүү өндөр байх нь ойлгомжтой.
Киргиз
Киргиз нь бүс нутгийн хэмжээнд шатахууны хомсдолоос хамгийн ихээр хохирч болзошгүй орнуудын нэг ажээ. Тус улс бензинийхээ 90 орчим хувийг Оросоос импортолно. Тус улсын эрх баригчид одоогоор хомсдол үүсээгүй, шатахууны нөөц хангалттай гэж мэдэгдэж байгаа ч зарим шатахуун түгээх станцад АИ-95 бензин тасалдаж эхэлжээ.
Ройтерсийн мэдээлснээр, 6 дугаар сарын эцсийн байдлаар Киргиз улс 30-45 хоногийн АИ92 бензиний нөөцтэй байсан бол дизель түлшний нийлүүлэлт хэвийн байжээ. Эрх баригчид нөөц бүрдүүлэх, үнийг зохицуулах замаар зах зээлээ тогтвортой байлгахыг зорьж байна.
Үүнээс гадна Киргиз улс Азербайжан, Беларусь, Казахстан, Туркменистан, Узбекистанаас шатахуун авах боломжийг судалж эхэлжээ. Үүнээс гадна 7 дугаар сарын 7-нд тус улсын Засгийн газар АИ95 шатахууныг төрөөс үнийг нь зохицуулах барааны жагсаалтаас хассанаар цаашид уг төрлийн шатахууны үнэ нэмэгдэх нөхцөл бүрджээ.
Импортоос хараат, дотоодын боловсруулах хүчин чадал тааруу байгаагийн улмаас Оросын шатахуун удаан хугацаагаар тасалдсан тохиолдолд Киргиз ихээхэн бэрхшээлтэй тулгарч мэднэ.
ОЛОН ЖИЛЭЭР ХЭВШСЭН НИЙЛҮҮЛЭЛТИЙН ТОГТОЛЦООНД ДОГОЛДОЛ НҮҮРЛЭВ
Төв Азийн орнууд Оросын шатахууныг олон арван жил хэрэглэж байгаа нь зах зээлийн нэгэнт бүрэлдсэн бат бэх тогтолцоо гэж үзэж болно. Казахстан болон Киргиз нь Евразийн эдийн засгийн холбооны гишүүдийн хувьд Оросын нефтийн бүтээгдэхүүнийг гаалийн татваргүй авдаг. Тажикистан мөн адил хөнгөлөлттэй нөхцөлөөр авдаг бол Узбекистанд арай өөр зохицуулалт үйлчилдэг.
Оросын шатахуун Төв Азийн бүс нутгийн нийлүүлэлтийн Томоохон бүрэлдэхүүн хэсэг болсон төдийгүй томоохон итгэл найдвар нь байдаг ч гэж тодорхойлж болно. Улс орнууд хэрэгцээнээсээ илүү хэмжээгээр авч, шаардлагатай үед хөршүүддээ нийлүүлдэг байв. Жишээлбэл, 2025 онд Казахстан Узбекистанд 120 мянга орчим тонн шатахуун экспортолжээ.
Харин одоо Оросоос нэмэлт шатахуун нийлүүлэх боломж хумигдсан тул Төв Азийн орнууд дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн зэрэгцээ нөөцөө бүрдүүлж, шинэ нийлүүлэгч хайж байна.
Үүссэн нөхцөл байдал нь шатахуун төдийгүй газрын тосны эх үүсвэрийн олдоц тааруу байгааг харуулж байна. Учир нь газрын тос боловсруулах үйлдвэр барих нь дангаараа асуудлыг шийдэж чадахгүй. Үйлдвэрүүдийг тогтвортой ажиллуулах түүхий эд шаардлагатай. Киргиз Хятадтай хамтран жилд 450 мянган тонн газрын тос боловсруулах үйлдвэр барихаар төлөвлөж байгаа бол Тажикистаны жилд 1.2 сая тонн боловсруулах хүчин чадалтай Дангарины үйлдвэр түүхий нефтийн хомсдолтой тулгарах болсон байна. Тиймээс Төв Азийн орнууд нефть боловсруулалтаа нэмэгдүүлэхээс гадна түүхий эдийн нийлүүлэлтээ төрөлжүүлэх үүсчээ. Манай улсын хувьд ч мөн ялгаагүй 2028 онд ашиглалтад орох үйлдвэрийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахад шаардлагатай газрын тосны олборлолт, нөөцийг бүрдүүлж чадаагүй байгааг бүгд мэднэ.
Төв Азийн бүс нутагт Оросын шатахууныг богино хугацаанд амархан орлох боломжгүй. Хятад, Туркменистан, Азербайжан зэрэг улсуудаас шатахуун импортолж болно. Гэхдээ тээвэрлэх зай, тээврийн боломжуудын хязгаарлагдмал нөхцөл нь олон асуудал дагуулна.
Өнөөгийн хямрал Оросын хямд шатахуун дээр олон жил түшиглэсэн бат бэх тогтолцоо хэврэгшин суларч байгааг харууллаа. Ойрын хугацаанд Төв Азийн орнууд Оросын шатахуунаас бүрэн татгалзах боломжгүй. Тиймээс шатахууны нөөцөө нэмэгдүүлэх, дотоодын үйлдвэрлэлээ өргөжүүлэх, нийлүүлэлтийн шинэ маршрут нээх, нийлүүлэгчдийнхээ тоог нэмэгдүүлэх дээр анхаарлаа төвлөрүүлэх шаардлага гарч ирж байна.