Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Гурвантэс XXXV төслийн хийн олборлолт хоногт 900 м³-т хүрчээ

О.Дөлгөөн

TMK Energy компанийн эзэмшил, Монголд Тэлмэн Ресурс ХХК-ийн хэрэгжүүлж буй "Гурвантэс XXXV" төслийн хийн олборлолт наймдугаар сарын дунджаас 11 хувиар өсөж, LF-02, LF-05, LF-06 гэсэн гурван цооногийн олборлолт нэгэн зэрэг дээд амжилт тогтоосноор манай улс арилжааны хий олборлох боломжтойг баталгаажуулж, ордын хэмжээнд хий ялгарах үйл явц эрчимжиж байгааг илтгэж байна.

Өнгөрсөн долоо хоногийн байдлаар хийн олборлолт хоногт дунджаар 900 м³-ээс дээш (ойролцоогоор 32,000 стандарт шоо фут “scfd”) хүржээ. Тодруулбал, ахиц дэвшил өмнө нь голчлон LF-07 цооногоор хэмжигдэж байсан бол одоо LF-02, LF-05, LF-06 цооногууд нэгэн зэрэг дээд түвшиндээ хүрч олборлолт хийж байна. Энэ нь хий ялгарах процесс ганцхан худгаар хязгаарлагдахгүйгээр орд газрын хэмжээнд тархаж эхэлснийг харуулж буй чухал өөрчлөлт юм.

TMK Energy компанийн Гүйцэтгэх захирал Дугал Фергюсон:

"Туршилтын цооногийн хийн олборлолт өнгөрсөн долоо хоногт дахин тогтвортой бөгөөд мэдэгдэхүйц өссөнөөр асар том чадавхтай Гурвантэс XXXV нүүрсний давхаргын метан хийн (CSG) төслийн арилжааны боломжид итгэх итгэл маань улам бүр нэмэгдэж байна.

Бид одоо Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нүүрсний давхаргын метан хийн туршилтын цооногийн төслүүд дундаас хамгийн амжилттай нь байж чадаж байна. Бид жилийн эцэс гэхэд Монгол Улсын хамгийн том метан хий олборлогч болох тодорхой зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд хамгийн том баталгаат боломжит  (2C) нөөцдөө түшиглэн TMK компанийг салбартаа давамгай байр суурьтай болгож байна" хэмээжээ. 

Нүүрсний давхаргын хий нь орчны гүний усны даралтын дор нүүрсний давхаргадаа хуримтлагдсан байдаг. Усыг шахаж гаргах явцад даралт буурч, хий ялгардаг үйл явцыг "десорбци" (хий чөлөөлөгдөх) гэнэ. Туршилтын цооногийн эхэн үед олборлолт ихэвчлэн нэг эсвэл хоёр цооногоор хязгаарлагддаг. Харин олон цооногоос нэгэн зэрэг хий ялгарч эхлэх нь зөвхөн нэг тусгаарлагдсан цооногийн хэмжээнд бус, харин бүхэл бүтэн ордын түвшинд үйл ажиллагаа явагдаж эхэлснийг илтгэдэг аж. 

LF-02, LF-05, LF-06 цооногууд тус төслийн "тод од" LF-07 цооногийн амжилтыг давтаж, олборлолт нь өндөр түвшинд хүрч байгаа нь ганц цооногоос хамааралгүйгээр ордын хэмжээний тогтвортой үр дүнг харуулж байна.

Тус компанийн удирдлагууд энэ долоо хоногт Монгол Улсад ажиллаж, Гурвантэс XXXV төслийн  баталгаат боломжит  (2C)  нөөцийг баталгаажсан нөөцөд шилжүүлж ашиглалтын тусгай зөвшөөрөл авах асуудлаар холбогдох зохицуулах байгууллагуудтай яриа хэлэлцээг үргэлжлүүлж байна.