
О.Дөлгөөн
Хятад улсын хувьд коксжих нүүрсний хамгийн том нийлүүлэгч бол манай улс. Хятадын Монголоос импортлох нүүрсний хэмжээ 2027 он гэхэд 82–95 сая тоннд хүрэх төлөвтэй байгааг зах зээлийн судалгааны “Mysteel” агентлаг хамгийн сүүлийн үеийн тайландаа онцоллоо. Энэ нь 2025 оны түвшинтэй харьцуулахад 41.7–58.3 хувиар өссөн үзүүлэлт юм.
Шинжээчдийн дүгнэж буйгаар энэхүү эрчимтэй өсөлт нь голлон хилийн боомтуудын төмөр замын дэд бүтцийг өргөтгөх, тээврийн логистикийг сайжруулах төслүүдтэй шууд холбоотой юм. Тухайлбал, одоогоор барилгын ажил нь эрчимтэй үргэлжилж буй Гашуунсухайт–Ганцмод болон санхүүжилтийн хүндрэлээс шалтгаалж ажил нь түр саатаад буй Шивээхүрэн–Сэхээ чиглэлийн төмөр замын төслүүд хэрэгжиж дууссанаар экспортын хүчин чадал эрс нэмэгдэх төлөвтэй байна.
"JSL Global Commodities" компаниудын коксжих нүүрс хариуцсан тэргүүн Жиньсонь Тангийн (JinSong Tang) онцолсноор, Монголын нүүрс нь Хятадын дотоодын төв бүс нутгийн гангийн үйлдвэрүүдийн хувьд нийлүүлэлтийн чухал бүрэлдэхүүн хэсэг болж чаджээ. Монголын коксжих нүүрс нь ихэвчлэн үнс болон хүхрийн агууламж багатай тул Шаньси, Хэбэй мужуудын өндөр хүхэртэй дотоодын нүүрстэй хольж чанарыг нь хадгалахын зэрэгцээ зардлыг бууруулахад хамгийн тохиромжтой "Tier-2" зэрэглэлийн хатуу коксжих нүүрсэнд тооцогдож байна.
Хятадын Төмөрлөг, гангийн холбооны (CISA) мэдээллээр, тус улс 2025 онд Монголоос 60.07 сая тонн коксжих нүүрс импорчилсон нь жилийн нийт төмөрлөгийн нүүрсний импортын 51 хувийг эзэлж байжээ. Харин 2026 онд энэхүү хэмжээ улам өсөж, 80 сая тонн эсвэл түүнээс ч давж болзошгүйг шинжээчид таамаглаж байна. Тухайлбал, 2026 оны эхний дөрвөн сарын байдлаар л гэхэд Хятад улс Монголоос 26.42 сая тонн нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеэс 68 хувиар өссөн үзүүлэлт юм.