
О.Дөлгөөн
Говь-Алтай аймагт зэргэлдээ орших “Ямбат”, “Майхан Уул” төслүүдийг “Azzuro Resources PLC” эзэмшдэг. Салбарынхан тус компанийг өмнөх “Asian Battery Metals” нэрээр нь илүү сайн мэднэ. Ирээдүйтэйд тооцогдож буй эдгээр ордын хайгуулын ажилд бодит ахиц гарсаар байна.
Тухайлбал, тус компани “Майхан Уул” төслийн хүрээнд саяхан 550 метрийн зэс, алтны эрдэсжилтийн бүс илрүүлсэн бол энэ удаад “Oval” зэс-никель-цагаан алтны бүлгийн металлуудын (Cu-Ni-PGE) орд болон “Copper Ridge” зэс-алтны ирээдүйтэй бүсийг багтаасан “Ямбат” тусгай зөвшөөрлийн талбайд хийсэн сүүлийн үеийн судалгааны үр дүнгээ танилцууллаа.
Газрын гүний эрдэсжилтийг илрүүлэх 3D цахилгаан геофизикийн судалгаа (3D IP) болон соронзон өгөгдөлд тулгуурласан загварчлалын үр дүнд тус талбайн “Oval” ордын хүдэржилттэй чулуулгийн биетийн орчимд геофизикийн хувьд өндөр ач холбогдолтой 9 шинэ аномали тогтоосон байна.
Эдгээр аномалийн ихэнх нь өмнө нь өрөмдлөгөөр шалгагдаагүй гүнд илэрсэн бөгөөд “Ямбат” талбайн цаашдын хайгуулын боломжийг өргөжүүлж байна.
Судалгааны гол үр дүн:
-Шинээр илэрсэн бүсүүдээс 1-р зэрэглэлийн ач холбогдолтой 5 хайгуулын байг тодорхойлжээ. Үүний 4 нь газрын гадаргад ойр, үндсэн чулуулгийн биеттэй зэрэгцээ байрлалтай тул өрөмдлөгөөр шалгахад бэлэн гэж үзжээ.

-“Ta-01” бай нь өмнө нь өрөмдсөн хамгийн сүүлийн цооног болох OVD052-ын доод хэсэг болон түүнээс цааш гүнд хүдэржилтийн систем үргэлжилж болзошгүйг харуулж байна.
-Компани Novaminex-ийн цооногийн гүний цахилгаан соронзон судалгааны (DHEM) шинэ системийг Монголд оруулж ирэн, одоогоор “Майхан Уул” төсөлд туршиж, тохируулж байна. Уг системийг ирэх сард “Ямбат” талбайд ашиглаж, өрөмдлөгийн байг илүү нарийвчлалтай тодорхойлохоор төлөвлөжээ.
Геофизикийн иж бүрэн судалгааны ажил энэ оны III улиралд дуусаж, дараагийн шатны нарийвчилсан үр дүнг танилцуулахаар төлөвлөж байна.