Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Баян-Өлгий, Дорноговь зэрэг 5 аймагт бензиний нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шатахууны хангамжийг нэмэгдүүлэх үүрэг бүхий Шуурхай штабын ээлжит хурал болж, цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ. Хурлыг АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан зохион байгуулж, холбогдох албаныханд тодорхой үүрэг чиглэл өгөв.

Есдүгээр сарын эхний долоо хоногийн байдлаар Монгол Улсын хилээр нийт 19,853 тонн АИ-92 автобензин орж ирээд байна. Шуурхай штабаас нефть импортлогч аж ахуйн нэгжүүдэд: Вагон буулгалт болон шилжүүлэн ачих ажиллагааг эрчимжүүлэх, Боомтуудын бэлэн байдлыг өндөр түвшинд хангуулахыг үүрэг болголоо.

Хөдөө орон нутгийн ШТС-ын дундаж хүлээгдэл 54 машин байгаа бөгөөд дараах аймгуудад ачаалал хамгийн өндөр байна.

Баян-Өлгий: 105 машин

Дорноговь: 90 машин

Өмнөговь: 90 машин

Дорнод: 85 машин

Завхан: 85 машин

Ачаалал өндөр байгаа дээрх аймгуудад шатахууны нийлүүлэлтийг нэн даруй нэмэгдүүлэх, бусад орон нутагт хангамжийг тогтвортой, тасалдалгүй хадгалах чиглэл өглөө.

Тариалангийн бүс нутгуудад автобензин болон дизель түлшний хангамжийг эрчимжүүлж, нөөцийг тусгайлан нэмэгдүүлэх үүргийг Шуурхай штабаас холбогдох байгууллагуудад өгөөд байна.