Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

"Эрдэнэ Ресурс" гүний зэс-порфирын хайгуулаа эрчимжүүлнэ

О.Дөлгөөн

“Эрдэнэ Ресурс Девелопмент” компани Хөндий Эрдсийн Дүүрэг дэх төслүүдийнхээ гүний хайгуулыг идэвхжүүлж эхэлжээ. Тус компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Питер Акерли Канадын “The Northern Miner” хэвлэлд өгсөн ярилцлагадаа энэ талаар дурдсан байна.

Энэ оны II улиралд тус компани Баянхөндийн уурхайгаас 11,709 унц алт олборлон борлуулж, 53 сая ам.долларын нийт орлого олсноо тайлагнаад буй. Баяжуулах үйлдвэрийн хүдрийн агуулга 25%-иар нэмэгдэж 2.4 г/т-д хүрсэн ба металл авалт 96%-тай гарч, төлөвлөсөн 93%-иас давжээ.

Баянхөндий болон Улаан ордын хоорондох талбайд 12,000 метр өрөмдлөг хийхээр төлөвлөсөн байна. Энэ улиралд “Улаан” ордын анхны нөөцийн үнэлгээг хийж дуусгасан бөгөөд Питер Акерлигийн хэлснээр төрийн болон "Эрдэнэ Монгол"-ын эзэмшлийн зэргэлдээ талбайтай нэгтгэвэл хагас сая унцаас давсан алтны нөөцтэй аж.

Мөн Баянхөндий, Алтан Нар, Зуун Мод гэсэн гурван үндсэн ордод урьд нь 700 метрээс доош гүнд өрөмдлөг хийж байгаагүй бөгөөд энэ удаа Оюу Толгойтой ижил төрлийн гүний порфирын зэсийн эрдэсжилт байх магадлалыг тогтоохоор гүний геофизикийн (IP/MT) судалгааг эхлүүлээд байна.

Ойролцоогоор 500,000 унц алтны нөөцтэй, 5 км үргэлжилдэг Алтан Нар алт-полиметаллын ордод 2027 онд 10 сая ам.долларын санхүүжилт хуваарилж, ТЭЗҮ-ийг боловсруулахад зориулж 30,000 гаруй метр өрөмдлөг хийхээр төлөвлөжээ. Гол асуудал нь боловсруулах технологийн сонголт бөгөөд тусдаа баяжуулах үйлдвэр барихад баримжаагаар 140 сая ам.доллар шаардлагатай юм. Тиймээс Алтан Нарын хүдрийг Баянхөндийн одоогийн CIP (Carbon-in-Pulp) үйлдвэрт боловсруулж, нөөцийн 80 орчим хувийг 80%-ийн металл авалттайгаар ашиглах боломжийг судалж байна. Алтан Нарын нийт нөөцийн 84 орчим хувийг алт эзэлдэг тул тугалга-цайрын багахан агуулгыг ашиглахгүй өнгөрөөх нь тусдаа үйлдвэр барих зардлаас хавьгүй ашигтай сонголт гэж үзжээ.

Зуун Мод ба Тэрэг Уул төслүүд

Зуун Модны молибден-зэсийн ордын 15 км талбайн маш бага хэсэгт өрөмдлөг хийсэн хэдий ч агуулга болон нөөцийн хэмжээгээрээ дэлхийд дээгүүр (топ 15%) ордог. Урьдчилсан эдийн засгийн тооцоолол (PEA) ахицтай байгаа бөгөөд уурхайн төлөвлөлт, металлургийн судалгааны ажил бараг дуусчээ. Одоо гүний геофизикийн судалгааг эхлүүлээд байгаа бөгөөд энэ нь Хөвийн Хар талбайн зэсийн нөөцийг үнэлэх зорилготой юм. PEA-гийн үр дүн энэ оны сүүлчээр гарах хүлээлттэй байна.

Гурав дахь төсөл болох Тэрэг Уул нь Оюу Толгойгоос урд тийш 10 орчим километрт оршдог. Анхны 2,710 метрийн 11 цооногийн өрөмдлөгөөр 1.5 км үргэлжлэх бүсээс алт, мөнгөний (1 г/т Au, 15 г/т Ag хүртэл) болон гүний цооногоос зэс, алтны эрдэсжилт тус тус илэрчээ.