Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Үйл явдал

МУУҮА: Монгол Улс геологийн нөөцөөр дэлхийд 23-т эрэмбэлэгдэж байгаа ч бодлогын хэрэгжилт сул байна

О.Дөлгөөн

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас (МУУҮА) өнөөдөр (2026.09.04) өглөөний уулзалт зохион байгуулж, салбарын хөрөнгө оруулалт, бодлогын орчин болон өрсөлдөх чадварын судалгааны үр дүнг танилцууллаа. Арга хэмжээнд МУУҮА-ийн Зөвлөлийн дарга З.Ган-Очир болон сэтгүүлчид оролцов.

Дэлхийн 68 улсыг хамруулсан судалгаанаас харахад Монгол Улс геологийн нөөц боломжийн үзүүлэлтээр 70.00 оноо авч, дэлхийд 23 дугаар байранд орсон нь манай улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулах боломж өндөр байгааг харуулж байна. Хөрөнгө оруулалтын нийт үзүүлэлтээр 60.26 оноо авч 48 дугаар байранд жагссан бөгөөд энэ нь Казахстан (52-р байр), Хятад (68-р байр) зэрэг улсуудаас дээгүүр үзүүлэлт юм.

Гэвч бодлогын орчны үзүүлэлтээр Монгол Улс 45.69 оноо авч 56 дугаар байр руу ухарчээ. Үүнд татварын орчин (63-р байр), дэд бүтцийн хүртээмж болон орон нутгийн гэрээ, хөгжлийн нөхцөл тодорхойгүй байгаа нь голчлон сөргөөр нөлөөлж байна. Мөн 2022–2025 оны харьцуулалтаас харахад хууль, эрх зүйн үзүүлэлт 48-аас 40, засаглалын үзүүлэлт 64-өөс 53 болж тус тус буурсан байна.

МУУҮА-ийн Зөвлөлийн дарга З.Ган-Очир уулзалтын үеэр "Манай улсад геологийн нөөцийн давтагдашгүй боломж байгаа ч бодлогын хэрэгжилт сул, эрх зүйн орчны тодорхойгүй байдал нь хөрөнгө оруулагчдын итгэлийг бууруулж байна. Энэ эрсдэлийг бууруулахын тулд татварын тодорхой орчин, дэд бүтэц болон орон нутгийн хамтын ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг нэн даруй сайжруулах шаардлагатай" хэмээн онцоллоо.

Түүнчлэн хөдөлмөрийн зохицуулалт, тусгай хамгаалалттай газрын харьцаа болон аюулгүй байдлын үзүүлэлтүүд эерэг гарсан нь салбарт ахиц гарч байгааг харуулж байна.