Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

ДРОНЫН ДАЙН ӨРГӨЖИЖ, БАРУУНЫХНЫ ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН ХОМСДОЛ ДААМЖИРЧ БАЙНА

Т.Бямбанаран

Батлан хамгаалах салбарт дроныг ихээр ашиглах болсон нь галлий, германий болон газрын ховор элементүүдийн эрэлтэд шинэ дарамт учруулаад байна. Эдгээр ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээ БНХАУ-аас өндөр хамааралтай байгаа талаар “BMO Capital Markets” мэдээлжээ.

“BMO”-ийн Мягмар гарагт /2026.09.01/ нийтэлсэн тайланд дурдсанаар энэ онд Орос-Украины дайнд 15 сая орчим дрон ашиглагдахаар байгаа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд засгийн газрууд болон цэргийн эвслүүд дрон болон дроны эсрэг чадавх хөгжүүлэхэд ойролцоогоор 150 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн байна. Тус тайланд галлий, германий болон соронз үйлдвэрлэлд ашигладаг газрын ховор элементүүдийг цэргийн зориулалттай дрон үйлдвэрлэхэд шаардлагатай хамгийн чухал ашигт малтмалын тоонд багтаажээ.

Дроны дайны цар хүрээ “BMO”-ийн тооцооллоос ч давж байгааг бодит жишээнүүд харуулж байна. Украины Батлан хамгаалах яамны мэдээлснээр тус улс энэ онд долоон сая гаруй дрон үйлдвэрлэх зорилт тавьсан нь 2025 оны дөрвөн сая дроноос эрс өссөн үзүүлэлт. Мөн НАТО долдугаар сард дроны эсрэг чадавхыг бэхжүүлэхэд таван жилийн хугацаанд 40 тэрбум гаруй ам.доллар зарцуулахаар шийдвэрлэж, 2027 оны эцэс гэхэд дрон операторуудын тоог тав дахин нэмэгдүүлэн сургахаар зорьж байна.

Эдгээр хөрөнгө оруулалт нь цахилгаан автомашин, хагас дамжуулагч, харилцаа холбоо болон бусад дэвшилтэт технологид стратегийн ач холбогдолтойд тооцогддог түүхий эдийн эрэлтийг улам нэмэгдүүлж байна. Эдгээр критикал минералын зах зээл харьцангуй жижиг, тэдгээрийг боловсруулах хүчин чадал Хятадад төвлөрсөн учраас нийлүүлэлтийн доголдолд өртөх эрсдэл асар өндөр байна.

Эх сурвалж: mining.com