Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

БНХАУ-аас импортлох шатахууны хэмжээг нэмэгдүүлж, тогтмолжуулахаар уул уурхайн ААН-үүдтэй хамтарч ажиллана

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны импортын эх үүсвэрийг төрөлжүүлэх, БНХАУ-аас авах нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэн тогтмолжуулах зорилгоор уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзлаа.

Манай улсын нийт шатахууны хэрэглээний 65 хувийг дизель түлш эзэлж байгаа бөгөөд Хятадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниудын жилийн хэрэглээ 1.2 сая тонн газрын тосны бүтээгдэхүүнд хүрч, цаашид өсөх хандлагатай байна.

Сайдын тавьсан саналыг тус ААН-үүд дэмжиж, Хятадын төр засаг болон аж ахуйн нэгжүүдийн түвшинд өөр өөрсдийн шугамаар хандан, Монгол Улсад нийлүүлэх нефтийн бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.

АҮЭБЯ-ны ажлын хэсэг ирэх сард болох сайдын албан айлчлалын бэлтгэл ажлыг хангахаар БНХАУ-ыг зорилоо. Ажлын хэсэг айлчлалын хүрээнд:

-Газрын тосны хайгуулын ажлыг эрчимжүүлэх,

-Нүүрснээс шатахуун үйлдвэрлэх төслийг хөгжүүлэх,

-Шатахууны импортын хэмжээг нэмэгдүүлж, нийлүүлэлтийг тогтмолжуулах асуудлаар тус улсын талтай хэлэлцээр хийх юм.