
О.Дөлгөөн
Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, “Энержи Ресурс” ХХК-ийн толгой компани болох Mongolian Mining Corporation (HKEx: 975) 2026 оны эхний хагас жилийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Тус компани тайлант хугацаанд 586.2 сая ам.долларын борлуулалтын орлого олж, орлого нь өмнөх оны мөн үеэс 69 хувиар өссөн байна. Өмнөх оны мөн үед 19.9 сая ам.долларын алдагдалтай ажиллаж байсан бол энэ оны эхний хагаст 105.9 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллаж, санхүүгийн үзүүлэлтүүд нь эрс сайжирчээ.
Эхний хагас жилд нийт 5.7 сая тон баяжуулсан коксжих болон эрчим хүчний нүүрс борлуулжээ. Мөн зах зээл дээрх борлуулалтын дундаж үнэ дээшилсэн байна.
Түүнчлэн арилжааны олборлолтоо эхлүүлээд буй Баянхөндийн алтны уурхай тайлант хугацаанд 94.7 сая ам.долларын орлого төвлөрүүлж, Группийн нийт орлогын 16 хувийг бүрдүүлсэн байна.